Хүүхдийн сэтгэл зүйн хөгжил
Хүүхэд оюун санаа, сэтгэлзүй, бие махбодын хувьд тодорхой өсөлтийн үе шатуудтай бөгөөд тухайн насандаа тохирсон сэтгэл зүйн онцлогтой. Хүүхдийн тархи 20 нас хүртэл хөгждөг. Тиймээс энэ хөгжилтэй холбоотойгоор сэтгэл зүй ч мөн хөгжиж байдаг. Хүүхдийг бүрдүүлж, нөлөөлж, бие хүн болоход нь эцэг эхийн хүмүүжил, гэр бүлийн орчин маш чухал нөлөөтэй.
Хүний амьдралын мөчлөгийг нийгэм ,сэтгэл зүйн хөгжлийн үе шатаар нь:
- Нялх үе
- Хар бага насны үе
- Бага насны үе
- Сургуулийн насны үе
- Өсвөр нас буюу идэр насны үе гэж ангилдаг.
Хүүхдийн танин мэдэхүйн хөгжил нь дөрвөн үе шаттай:
I үе шат – Мэдрэхүй хөдөлгөөний үе (0-2 нас)
II үе шат – Логик үйлдлийн өмнөх үе шат (2-7 нас)
III үе шат – Тодорхой логик үйлдлийн үе шат (7-13 нас)
IV үе шат – Формаль буюу хийсвэр логик үйлдлийн үе шат (13 наснаас эхэлнэ)
Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн үе шат:
I үе шат – Хөдөлгөөний үе шат (1 нас)
II үе шат – Мэдрэхүйн хөдөлгөөний үе шат (1-3 нас)
III үе шат – Сэтгэл хөдлөлийн үе шат (3-12 нас)
IV үе шат – Сэтгэхүйн үе шат (10-12 нас)
Хүүхэд ураг байх үе болон дөнгөж төрсөн цагаасаа л танин мэдэхүй, сэтгэл зүйн хувьд эдгээр үе шатуудыг туулдаг бөгөөд тухайн насандаа юу мэдэрч, ойлгосноороо эрүүл сэтгэл зүйтэй, бие хүн болох эсэх нь шалтгаалдаг. Сэтгэцийн эмгэг, өөрчлөлтүүдийн ихэнх нь хүүхэд насанд үүсдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ дараах чадвар, мэдрэмжүүдийг нь хөгжүүлж, суулгаж өгөх нь чухал юм.
Нялх үе (0-18 сар) – Энэ үед хүүхдэд итгэх болон үл итгэх мэдрэмж үүсч төлөвшдөг. Ээж нь хүүхэдтэйгээ хэрхэн харьцаж, яаж асарч халамжилж байгаагаас шалтгаалан өөртөө болон бусдад итгэх зан чанар төлөвших суурь тавигддаг. Эхийнхээ хайр энхрийллийг мэдэрч, бүлээн сүүг нь хөхөж, өөрийг нь хайрлаж буй дуу хоолой, үгийг нь сонсож бойжсон хүүхэд өөртөө итгэлтэй болж төлөвшдөг.
Итгэл нь бие хүн болон төлөвшихөд нөлөөлөх бусад шинж чанаруудыг эзэмшихэд үндэс суурь нь болж өгдөг. Харин эсрэгээрээ үл хайхарсан, айсан, хайрлуулаагүй гэх мэдрэмжүүд авч өссөн хүүхэд өөртөө болон бусанд хүнд итгэх итгэлгүй болдог. Энэ нь нийгмийн харилцаанд орох үед олон саад бэрхшээл үүсгэдэг сөрөг талтай.
Хар бага насны үе (18 сар – 3 нас) – Энэ үед хүүхдэд бие даасан байдал бий болох буюу ичих, эргэлзэх мэдрэмжүүд үүсч төлөвшдөг. Хүүхдээ дуртай цагт нь хөхүүлж, идэж уух, шээж баах, тоглож наадах зэргээр нь хангаж өгөхгүй, хориглох нь сэтгэл зүйн хөгжлийн хувьд тахир дутуу хүн мэт болгодог. Өөрөөр хэлбэл эдгээр эрх нь зөрчигдөж, хязгаарлагдмал байдалд өссөн хүүхэд бусдын үгнээс гардаггүй, ичимтгий, эргэлзэж тээнэгэлзсэн, сул дорой зан төлөвтэй болдог. Тиймээс энэ насанд хүүхдээ өөрийнх нь дураар чөлөөтэй байлгаж, хорьж цагдахгүйгээр өсгөх нь биеэ даасан, шийдвэр гаргах чадвартай, өөрийн гэсэн бодолтой, бусдын эрхшээлд ордоггүй болж төлөвшихөд сайнаар нөлөөлдөг.
Бага насны үе (3 – 5 нас) – Энэ насанд идэвх санаачилга, захирагдсан байдал хэрхэн төлөвших суурь тавигддаг. Хүүхдийн үндсэн хэрэгцээ нь тоглоом тоглох бөгөөд тоглоомоор дамжуулан ертөнцийг таньж мэддэг байна. Тоглоом тоглож байхдаа хэр идэвхтэй эсвэл идэвхгүй байдлаар хандаж байгаагаас шалтгаалан санаачлагч байх уу эсвэл захирагдсан хүн болох эсэх нь шалтгаалдаг. Захирагдсан зан төлөв нь өөрийгөө дорд үзэх, голох, өөрийгөө буруутай гэж мэдрэх, хүлцэнгүй байх зэрэг бие хүний сөрөг шинж чанарууд үүсэх суурь болдог.
Сургуулийн насны үе (6 – 12 нас) – Энэ насандаа хүүхэд өмнө тавигдсан санаачлагч эсвэл захирагдсан зан төлөвтэй болох эсэх нь үргэлжлэн хөгжиж байдаг. Идэвх санаачлагатай байх нь хөдөлмөрч зан чанараар илэрч, ажил хийх дур сонирхол, хүсэл эрмэлзэл өндөртэй, тууштай, цөхрөлтгүй оролдлого хийдэг эерэг чанарууд үүсч төлөвшихөд нөлөөлдөг.
Өсвөр буюу идэр насны үе (12 – 20 нас)– Амьдралын мөчлөгийн бүх үе шатууд дотроос хамгийн чухал үе нь юм. Учир нь энэ үед ижилсүүлэлт, тодорхойгүй байдал хоёрын аль нэг нь л бүрэлдэн тогтдог. Өсвөр насны хүүхэд “би хэн бэ, би хэнийг дуурайх вэ” гэдэгт хариулт хайдаг. Хэн нэгэн таалагддаг, хүндэлдэг, хайрладаг хүнээ үлгэрлэн дуурайж, түүн шиг биеэ авч явах, түүн шиг хувцаслах, бүр түүн шиг ярих гэх мэтээр өөртөө бие хүний тодорхой байдлыг төлөвшүүлдэг.
Харин ижилсүүлэлтийг шийдвэрлэж чадаагүй, үлгэр дуурайл авах хүнгүй бол бие хүний тодорхойгүй байдал төлөвшдөг аж. Тодорхойгүй байдалд орсон хүүхэд,
- Нийгэм, сэтгэл зүйн дараагийн хөгжлийн үе шатуудад шилжихэд саад тотгортой учрах
- Сэтгэцийн гажуудал үүсэх
- Сэтгэл зүйн хөгжлийн өмнөх шат руу ухрах зэрэг сөрөг талтай.
Хүүхдийн хүмүүжил, зан чанар, сэтгэл зүйн хувьд эрүүл байх, эсвэл асуудалтай байх гол эх үүсвэр нь эцэг эх юм. Аав ээж нь хүүхдэдээ “би чамтай хамт”, “би чиний талд шүү” гэдгээ харуулах нь маш чухал. Хүүхдээ сонсож ойлгох хэрэгтэй. Хүүхдийнхээ хэрэгцээг зөв тодорхойлж, зөвхөн эдлэл, хэрэглэл, хоол хүнсээр хангах бус сэтгэл зүйн хувьд хэн болж төлөвшихөд анхаарах хэрэгтэй юм.