Яс ургах эмгэг
Биеийн ясны хаа нэгтээ яс ургаж товойх үзэгдлийг яс ургах эмгэг гэнэ. Ихэвчлэн үений үзүүр хэсэгт яс ургадаг ч сээр нуруунд ургах тохиолдол бий.
Ургасан яс нь олон жилийн турш өвдөлт өгөхгүй, биед сөрөг нөлөө үзүүлэхгүй байж болох бөгөөд эмчилгээ хийх шаардлагагүй тохиолдлууд олон. Өдөр тутмын амьдралд ямар сөрөг үзүүлж байгаагаас хамааран өөр өөр эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Шалтгаан
Яс ургах эмгэг нь ихэвчлэн ясны үрэвслээс үүддэг. Ясны гаднах мөгөөрс элэгдсэнээс болж яснууд хоорондоо шүргэлцэж, хавирна. Ингэснээр тухайн хавирч буй хэсэгт яс ургадаг байна.
- Биеийн хүчил шүлтийн тэнцвэр алдагдах
- Үений мөгөөрсний суулт тухайлбал, өвдөг, тохой, нурууны суулт гэх мэт
- Булчин, шөрмөс дэх кальцийн давс тунадасжиж, хатууран яс болох /биед кальци сайн шимэгдэхгүй, цусан дэх кальцийн хэмжээ баяжиж, улмаар яс болно. Энэ нь нөгөөтээгүүр, ясны сийрэгжилт үүсгэнэ/
- Дотоод шүүрлийн дааврын өөрчлөлт /чихрийн шижин, өнчин тархины үйл ажиллагааны алдагдал, ихэнхдээ гавал, духны яс урагшаа тэлэх/
- Гэмтэл бэртэнгэ
- Таргалалт (жин нэмэгдэх, хүнд ажил, дасгал хийх, хөлийн улны өвчин )
- Кальцийн дутагдал
- Удамшиж болно.
Шинж тэмдэг
Яс ургах эмгэгийн үед огт шинж тэмдэг ажиглагдахгүй байж болно. Зарим тохиолдолд бусад өвчний улмаас рентген зураг авахуулах үед яс ургасан байгааг олж мэдэх нь элбэг тохиолддог. Хэрэв ургасан яс нь өвдөлт өгч, хөдөлгөөнд саад учруулж байвал эмчид хандахыг зөвлөж байна.
Дараах хэсгүүдэд яс ургах магадлал өндөр
- Өвдгөнд. Өвдгөө тэнийлгэхэд өвдөх, алхахад саад учирна.
- Сээр нуруунд. Энэ үед гар, хөл бадайрах шинж тэмдэг илэрнэ.
- Ташаанд
- Мөрөнд. Мөрөнд ургасан тохиолдолд мөрөө хөдөлгөхөд саад учирч хавдана.
- Хуруунуудад. Хуруунд яс ургахад хурууны хэлбэр алдагдаж муруйх шинж тэмдэг илэрнэ. Сүүлийн үед хөлийн эрхий хуруунд яс ургах үзэгдэл элбэгшиж байна.
Оношилгоо
Эмч үзлэг хийж ургасан ясыг мэдэрч зовиуртай эсэхийг асууна. Хэр хэмжээний яс ургасныг тодорхойлох зорилгоор рентген зураг авахуулахыг зөвлөдөг.
Хэрэв ургасан яс нь биеийн хөдөлгөөнд нөлөөлөхгүй байгаа бол өвчин намдаагч эм хэрэглэх боломжтой. Харин хөдөлгөөнийг хязгаарлаж, өвдөлт зовиур намдахгүй бол мэс заслын аргаар ургасан ясыг авдаг.