Үений үрэвсэл
Үе мөчний өвчин эмгэг дотроос түгээмэл тохиолддог нь яс, үений үрэвсэл юм. Ялангуяа 60-аас дээш насны хүмүүст аажим хэлбэрээр үений үрэвсэл явагдах нь элбэг тохиолддог. Яс, үений үрэвсэл нь зөвхөн нэг үеийг гэмтээх буюу тодорхой нэг газар гэмтсэнээс дахин дахин үрэвсэж өвдөлт өгөх зовиуртай.
Биеийн аль ч хэсгийн үе үрэвсэж болох бөгөөд ихэвчлэн гар, өвдөг, ташаа, сээр нурууны үе үрэвсэх байдал илэрдэг.
Шалтгаан
Үений үрэвслийн төрлүүд нь өөр өөр шалтгаантай. Мэдрэлийн өвчин, дархлааны алдагдал, гэмтэл, халдвар, витамины дутагдал, илүүдэл жинтэй байх, удамшил, ясны сийрэгжилт зэргээс шалтгаалж үений үрэвсэл үүсдэг.
Ясны үрэвслийн үед мөгөөрс зөөлөрч, гулгамтгай чанар нь алдагдан хоёр ясны мөгөөрснүүд хавирах, мөгөөрс элэгдсэний улмаас хоёр яс хоорондоо хавирах тохиолдол ч гардаг.
Шинж тэмдэг
Эхэн үед шинж тэмдэг бараг илрэхгүй явсаар хүндэрсэн хойноо хүчтэй өвдөлт мэдрэгддэг.
- Үрэвссэн үеийг хөдөлгөхөд өвдөлт мэдрэгдэх, улайж хавдах, халуу дүүгэх
- Үеийг хөдөлгөхөд янгинах
- Өглөө сэрэхэд эсвэл удаан хугацаанд хөдөлгөөнгүй байж байгаад хөдөлгөхөд хөших
- Уян хатан чанараа алдах буюу үрэвссэн үеийг бүрэн тэнийлгэж чадахгүй байх
- Үеэр хөдөлгөхөд байн байн дугарах, үрэгдэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Аль нэг үеэр өвдөх, улайж хавдах, эсвэл хөшиж байвал эмнэлэгт хандах хэрэгтэй. Үений үрэвслийн үед цаг хугацаа өнгөрөх тусам өвдөлт улам хүчтэй мэдрэгдэж, үеийг хөдөлгөхөд хэцүү болдог. Бүр цаашилбал ажил хийх, хэвийн амьдралаа үргэлжлүүлэх чадваргүй болох, үе солих хагалгаа хийлгэх шаардлагатай болно.
Зөвлөгөө
Үений үрэвслийг хүндрэхээс урьдчилан сэргийлэх, өвдөлт намдаах дараах арга хэмжээг аваарай.
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Илүүдэлтэй жинтэй бол жин хасах
- Өвдөлттэй хэсэгт халуун болон хүйтэн жин тавих
- Тосон түрхлэг түрхэх
- Үрэвссэн үеэр хамгаалалт зүүх
- Үрэвссэн үед ачаалал өгөхгүй, таяг тулах
- Алим, чавга, хан боргоцой идэх буюу жүүс хэлбэрээр уух.
Хүндрэл
Үений үрэвсэл цаг хугацаа өнгөрөх тусам улам их өвдөлт өгч, үеийг хөдөлгөхөд хэцүү болно. Зарим хүмүүс ажлаа хийх боломжгүй болдог. Үеэр маш их өвдөлт өгч, үрэвсэл эрчимтэй явагдаж, үений бүтцэд нөлөөлсөн байгаа тохиолдолд эмч үе солих хагалгааг санал болгоно.
Оношилгоо
Эхлээд дотрын эмчид хандан үзлэг хийж шалгах бөгөөд дараах шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай. Үүнд:
- Рентген зураг
- MRI
- Цусны шинжилгээ
- Үений шингэний шинжилгээ
Эмчилгээ
Үений үрэвслийг бүрэн эмчилж эдгээх аргагүй ч өвдөлт, шинж тэмдгүүдийг арилгах, цаашид үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Хувь хүний зүгээс хэрэгжүүлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь иог, дасгал хөдөлгөөн тогтмол хийх явдал юм.
Мөн өвчин намдаах, үрэвсэл дарах эмийн эмчилгээ, физик эмчилгээ хийдэг.
Хэрэв өвдөлт намдахгүй, үений гадаргуу маш их гэмтсэн бол мэс заслын аргыг сонгох бөгөөд хиймэл үр суулгах, үе солих эмчилгээ хийнэ. Ташаа болон өвдөгний үе солих мэс засал хамгийн элбэг хийгддэг.