Андрогений илүүдэл
Андроген дааврын илүүдэл нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолдох дотоод шүүрлийн эмгэг юм. Андроген голчлон бөөрний дээд булчирхай болон өндгөвчинд үүсдэг. Гэвч сул үйлдэлт андроген хүчтэй үйлдэлт андрогенд хувирахад захын эдүүд болох өөхөн эд болон арьс чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Өндгөвч болон бөөрний дээд булчирхайнаас андроген даавар хэт их үүсэхэд Андрогений илүүдэл болдог. Энэ эмгэгийн үед эмэгтэйчүүдэд эрэгтэй хүний шинж чанарууд хөгждөг байна. Дотоод шүүрлийн булчирхай нь 5 төрлийн андрогенийг ялгаруулдаг. Үүнд тестостерон, дегидроэпиандростерон сульфат (DHEAS), дегидроэпиандростерон (DHEA), андростендион, андростендиол багтана. Үүнээс тестостерон нь шууд андрогений үйлдэл үзүүлэх идэвхтэй, харин бусад нэгдэл нь тестостероны урьдал бодисууд юм.
Тархалтын хувьд андрогений илүүдэл нь АНУ-ын хүн амын 8%-д тохиолдох бөгөөд бусад орнуудад соёлоос хамаарах боловч үүнтэй ойролцоо тархалттай байдаг байна. Андрогений илүүдлийн шалтгаан өсвөр болон нөхөн үржихүйн наснаас эхлэх бөгөөд ховор тохиолдолд цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд андроген үүсгэгч хавдар уг эмгэг үүсэхэд нөлөөлж болно.
Шалтгаан
Эрүүл эмэгтэйд тестостерон дааврын 40-50%-ийг өндгөвч болон бөөрний дээд булчирхай ялгаруулдаг.
Дараах эмгэгүүдийн үед тестостерон дааврын ялгаралт ихэсдэг байна.
- Өндгөвчний хавдар
- Өндгөвчний олон уйланхайжих хамшинж/Polycystic ovary syndrome/. Андрогений илүүдэлтэй эмэгтэйчүүдийн ойролцоогоор 80-90% нь энэ эмгэгтэй байдаг.
- Бөөрний дээд булчирхайн хавдар
- Бөөрний дээд булчирхайн төрөлхийн гиперплази
Мөн Кушингийн хам шинж гэх өнчин тархины гаралтай кортикостеройд даавар ихсэх эмгэгийн үед кортикостеройд нь эмэгтэйд эрэгтэй хүний шинжүүдийг үүсгэж болно.
Андроген дааврын илүүдлийн үед эмэгтэйд дараах шинжүүд илэрнэ:
- Батгашилт
- Эмэгтэй хүний биеийн галбир өөрчлөгдөх
- Хөх жижигрэх
- Гирсутизм буюу үсэрхэг хам шинж
Нүүр, эрүү, хэвлий хэсгээр үсжилт ихсэх буюу эрэгтэй хэлбэрийн үсжилт
- Сарын тэмдэг ирэхгүй байх (Аменоррей)
- Арьс тослогдох
Мөн дараах өөрчлөлтүүд илэрч болно.
- Хэлүү хэмжээгээр томрох
- Дуу хоолой бүдүүрэх
- Булчингийн масс ихсэх
- Толгойн урд хэсгээр 2 талдаа үс сийрэгжих, унах
Оношилгоо
- Биемахбодийн үзлэг
- Цусны шинжилгээ – Даавар, холестерол, сахар тодорхойлох
- Багажийн шинжилгээ – Аарцгийн эрхтний ЭХО шинжилгээ, Компьютер томографи
Эмчилгээ
Эмчилгээ нь андроген ихсэхэд хүргэсэн шалтгаанаас хамаардаг. Сарын тэмдгийг тогтворжуулах болон илүүдэл үсжилтийг багасгах эм хэрэглэж болно. Зарим тохиолдолд өндгөвч болон бөөрний дээд булчирхайн хавдрын үед мэс засал эмчилгээ шаардагдана. Ихэнх өндгөвчний хавдар хоргүй байх бөгөөд мэс заслаар авсны дараа дахидаггүй байна.
Өндгөвчний олон уйланхайжих хам шинжийн үед дараах арга хэмжээг авснаар шинж тэмдгийг бууруулж болно. Үүнд:
- Анхааралтай хянах
- Жин бууруулах
- Хоолны дэглэмээ өөрчлөх
- Эм
- Тогтмол эрчимтэй дасгал хийх
Хүндрэл
Үргүйдэл болон жирэмсний үед хүндрэл үүсэж болно. Мөн өндгөвчний олон уйланхайжих хам шинжтэй эмэгтэйд дараах эрсдэл нэмэгдэнэ. Үүнд:
- Чихрийн шижин
- Цусны даралт ихсэлт
- Цусан дах холестерол ихсэх
- Таргалалт
- Умайн хүзүүний хавдар
Урьдчилан сэргийлэлт
Өндгөвчний олон уйланхайжих хам шинжтэй эмэгтэйчүүд жингээ хэвийн хэмжээнд байлгаж, эрүүл хооллож, тогтмол дасгал хийснээр урт хугацааны хүндрэл үүсэх магадлалыг бууруулж чадна.