Бамбай булчирхайн даавар хэт ихсэх (Грейвсийн өвчин)
Бамбай булчирхай нь хүний биед зайлшгүй байх ёстой дотоод шүүрлийн хамгийн том булчирхай юм. Энэ булчирхай нь хүний хүзүүний төвөнхийн доор байрлах бөгөөд триодотиронин (Т3), тироксин (T4) гэх даавруудыг ялгаруулдаг. Бамбай булчирхайн даавар нь бие махбод дахь бодисын солилцооны хурдыг зохицуулах чухал үүрэгтэй. Бамбай булчирхайн даавар ердийнхөөс ихэсвэл бидний идэж буй хоол хурдан шингэж, илүүдэл дулааныг бий болгоно. Үүний үр дүнд биеийн халуун нэмэгдэж, хөлрөн жингээ алдахад хүрдэг. Бамбай булчирхайн даавар хэт ихэссэнээр нүдний ухархайн булчин хавдан томорч, нүдийг урагш түлхэх үзэгдлийг Грейвсийн өвчин гэнэ .
Шалтгаан
Бамбай булчирхайн энэхүү эмгэг нь удамшлын шинжтэй байдаг. Гэр бүлийн тань гишүүн бамбайн өвчтэй бол та шинжилгээ өгөх хэрэгтэй.
Шинж тэмдэг
- Огцом жин хасах (Идэж уух зүйл өөрчлөгдөөгүй байхад)
- Зүрхний хэм тогтворгүй болох, зүрх дэлсэх (1 минутад 100-с дээш цохилох)
- Сандрах, айх, сэтгэл санаа тогтворгүй болох, уцаарлах
- Хурууны үзүүр чичрэх
- Хөлс ихээр гарах
- Сарын тэмдэг өөрчлөгдөх (Их бага хэмжээтэй ирэх, хугацаа тогтворгүй болох)
- Халуунд мэдрэг болох
- Ойр ойрхон хүндрэх
- Хүзүү томрох
- Ядарч сульдах
- Амьсгаадах
- Нойргүйдэх
- Өтгөний гарц ихсэх эсвэл суулгалт өгөх
- Үс шингэрэх
Хүндрэл
- Зүрхний эмгэгүүд – Бамбайн даавар хэт ихсэх нь зүрхний хэм тогтворгүй болох, зүрхний дутагдалд хүргэдэг.
- Ясны цууралт – Бамбайн өвчнөөс үүдэн яс сийрэгжих аюултай.
- Арьс улайж хавдах зэрэг хүндрэлүүд бий болно.
Эмчилгээ
Бамбай булчирхайн дааврын хэт ихсэлтийг зохицуулах хэд хэдэн эмчилгээ байдаг бөгөөд нас, биеийн онцлог, өвчний хүндрэлээс шалтгаалж өөр өөр эмчилгээ хийнэ.
- Иод хэрэглэх – Ойролцоогоор 3-6 сарын дотор бамбай булчирхайг жижигрүүлэх үйлчилгээтэй.
- Бамбайн дааврыг бага ялгаруулах эм уух – Энэ төрлийн эм нь хүчтэй нөлөөтэй тул 1 жилээс дээш хугацаанд хэрэглэхгүй. Урт хугацаанд уусан тохиолдолд элэг гэмтэх аюултай.
- Даралт бууруулах, зүрхний хэм тогтворжуулах эм уух.
- Бамбай булчирхайн хэсгээс мэс заслын аргаар авах зэрэг эмчилгээ хийж болно.