Бэлгийн сулрал
Бэлгийн харилцаанд орох үед эрэгтэйн бэлэг эрхтэн хангалттай хөвчрөхгүй байхыг бэлэг эрхтний хөвчрөлтийн хямрал буюу бэлгийн сулрал гэнэ.
Зарим тохиолдолд стресс, өөртөө итгэх итгэлгүй байдал, сэтгэл зовоосон асуудлаас үүдэн бэлэг эрхтэн хангалттай хөвчрөхгүй байх тохиолдол байдаг. Иймд ялган оношлохын тулд бэлгийн сулралын үед илрэх хэд хэдэн шинж тэмдгээр ялган мэдэх боломжтой.
Шалтгаан
Эр бэлэг эрхтний хөвчрөлтийн асуудал нь тархи, мэдрэлийн үйл ажиллагаа, дааврын зохицуулалт, булчин, судасны эрүүл мэнд, сэтгэл зүйн байдалтай нягт холбоотой байдаг.
Бие махбодын хувьд дараах өөрчлөлтүүд нь бэлгийн сулралд хүргэдэг. Үүнд:
- Зүрхний өвчин
- Судасны хатуурал
- Цусан дахь холестрины хэмжээ их байх
- Цусны даралт өндөр байх
- Чихрийн шижин
- Илүүдэл жинтэй байх
- Бодисын солилцооны өөрчлөлт
- Бэлэг эрхтэн сорвижих
- Зарим төрлийн эм тарианы хэрэглээ
- Тамхи татдаг байх
- Нойргүйдэл
- Алкоголийн зохисгүй хэрэглээ
- Нойр булчирхайн хорт хавдар
- Нугас болон аарцгийн мэс засалд орох
Сэтгэл зүйн хувьд байнга стрессдэх, үүнтэй холбоотойгоор өөртөө итгэлгүй болох, сэтгэлээр унах болон дээр хэлсэн бие махбодын өөрчлөлтийн улмаас сэтгэл санаа тогтворгүй байх, байнга санаа зовох нь бэлгийн сулралтай болоход нөлөөлдөг.
Шинж тэмдэг
- Бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх
- Бэлэг эрхтэн хөвчирч байгаа боловч удалгүй сулрах
- Бэлгийн хавьталд орох хүсэл буурах
Бэлгийн сулрал өвчнийг эмчлэхгүй явах нь бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байх, өөрөөсөө ичих, сэтгэл санаагаар унах, бэлгийн харилцаанд орохоос зайлсхийх, цаашилбал үр тогтоох чадварт ч сөргөөр нөлөөлөх талтай.
Урьдчилан сэргийлэх
Дээр хэлсэн шалтгаануудыг арилгах, амьдралын хэв маягаа зөв байлгах нь бэлгийн сулралаас сэргийлэх болно. Та өөрөөс шалтгаалах дараах алхмуудыг амьдралдаа хэвшүүлээрэй.
- Тамхинаас гарах
- Илүүдэл жингээ хасах
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Алкоголиас татгалзах
- Давсны хэрэглээгээ багасгах
- Бэлгийн хамтрагчтайгаа нээлттэй ярилцах
- Эрүүл, зөв хооллох
- Ажил, амралтаа зохицуулж стерссээ цаг тухай бүрт нь зөв тайлах.
Мөн бэлгийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх хоол хүнснүүдийг тогтмол, зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна. Жишээлбэл: сармис, алмонд самар, лууван, лемон, загасны мах, зэрлэг жимс зэрэг нь цусны эргэлт сайжруулах, бэлгийн дур хүсэл өдөөх төдийгүй түрүү булчирхайн үйл ажиллагаанд ч сайн нөлөөтэй.
Эмчилгээ
Бэлгийн сулрал үүсэх олон шалтгаан байдгийг дээр дурдсан. Тиймээс шалтгааныг нь илрүүлсний дараа тохирсон эмчилгээг хийнэ.
Эмийн эмчилгээ: Виагра, Циалис, Стаксин зэрэг бэлэг эрхтний булчинг чангаруулж цусны эргэлтийг сайжруулах эмийг эмчийн заавраар ууна. Эдгээр эм нь дотроо хориглох заалттай учир дур мэдэн ууж болохгүйг анхаарах хэрэгтэй.
Бусад эмчилгээ:
- Бэлэг эрхтний хөвчрөлийг сайжруулах тариа тарих
- Бэлэг эрхтэнд хөвчрөл сайжруулах лаа хийх
- Бэлэг эрхтний вакум шахуурга ашиглаж цусан хангамжийг сайжруулах
Мэс засал: Мэс заслын аргаар бэлэг эрхтэнд төхөөрөмж суулгах эсвэл цусны эргэлт сайжруулах хагалгаа хийдэг.
Сэтгэл зүйн эмчилгээ: Сэтгэл зүйн асуудлаас шалтгаалсан бэлгийн сулралыг мэргэжлийн сэтгэл засалч эмч, бэлгийн эмгэг судлаачид хандан зөвлөгөө, эмчилгээ авч эмчлэх боломжтой.
Дараах байдлаар амьдралын хэв маягаа өөрчлөх нь бэлгийн сулралын эмчилгээг түргэсгэдэг.
- Тамхинаас гарах
- Илүүдэл жингээ хасах
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Архинаас татгалзах
- Хамтрагчтайгаа ярилцах