Бэлгийн хомхой /Херпес
Бэлгийн хомхой нь херпес вирусээр үүсгэгддэг бэлгийн замаар дамжих халдварт өвчин юм. Энэхүү халдвар нь бэлэг эрхтний арьс, салстыг гэмтээх, цэврүүнцэр тууралт гарах шинж тэмдгээр илэрдэг бөгөөд олон дахидаг, архаг явцтай халдвар юм. Херпес вирусийн халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол бий. Нэгэнт халдвар авсан бол жилд хэд хэдэн удаа бэлэг эрхтнээр цэврүүт хөндүүртэй тууралт үүсэх байдлаар олон жил үргэлжилж болно.
Хоёр төрлийн энгийн херпесийн вирусээр хомхой нь үүсгэгддэг:
- HSV-1 – Энэ төрлийн вирус нь амаар хомхой гарахад хүргэдэг боловч бэлэг эрхтэнд амаар хүрэхэд бэлэг эрхтэнд дамждаг.
- HSV-2 – Энэ төрлийн вирус нь хамгийн элбэг тохиолдох төрөл бөгөөд бэлгийн замаар болон хомхойд хүрэхэд халдварлана.
Вирус биеэс гадагшилсан даруйд үхдэг тул угаалтуур, ванн болон бусад эд зүйлсээр дамжих боломжгүй юм.
Шалтгаан
- Олон бэлгийн хавьтагчтай байх
- Амаар, шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох
- Жирэмсэн эхээс төрөх замаар нярайд халдвар дамжих
Шинж тэмдэг
Онцлох шинж тэмдэг илрээгүй үед бэлгийн хомхойгоор өвчилснөө анзаарахгүй явах тохиолдол элбэг байдаг. Харин шинж тэмдэг ажиглагдвал дараах байдлаар илэрнэ.
- Бэлэг эрхтэн дээр хомхой гарахаас өмнө ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илрэх (халуурах, толгой өвдөх, булчин өвдөх г.м)
- Халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсноос 10 хоногийн дараа бэлэг эрхтэн өвдөж, загатнах
- Тунгалаг шингэнээр дүүрсэн жижиг цэврүү үүсэх, цэврүү хагаран цагаан идээрхэг шархлаа болох
- Шархлаанаас цус гарах, идээлэх
- Шархлаа эдгэрэн тав тогтох, яр болох
- Шархлаа үүссэнээс болж бие засахад өвдөх
- Шархлаа эдгэрэх хүртэл бэлэг эрхтнээр хөндүүрлэх
Хомхой гарах байрлалууд
Халдвар авсан хэсгээр хомхой үүсдэг бөгөөд шархлааг гараараа маажиж нүд болон бусад эрхтэндээ хүрснээр биеийн бусад хэсгүүдэд хомхой гарах аюултай.
Эмэгтэйчүүдэд:
- Умайн дотор хана
- Бэлэг эрхтний гадна хэсэг
- Умайн хүзүү
Эрчүүдэд:
- Бэлэг эрхтэн
- Төмсөг
- Гуя
- Шээсний сувгийн хэсэгт шархлаа үүсч болно.
Бэлгийн хомхой нь олон жилийн турш тодорхой давтамжтайгаар нэг гарч, нэг арилж байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам давтамж нь холдох хандлагатай болно.
Хомхой гарч эхлэхээс өмнөх өдрүүдэд:
- Халдвар авсан хэсгүүдэд загатнах, халуун оргих мэдрэмж төрнө
- Нурууны доод хэсэг, хөл, өгзгөөр өвдөлт мэдрэгдэнэ.
Хүндрэл
- Бусад бэлгийн замын халдварт өвчин тусах магадлалыг нэмэгдүүлнэ
- Эхээс нярайд халдварлаж улмаар тархины гэмтэл, хараагүй болох, эндэх магадлалтай.
- Давсагны үрэвсэл
- Менингит тусах
- Шулуун гэдэс үрэвсэх
Урьдчилан сэргийлэлт
- Бэлгийн хавьталд орохдоо хамгаалалт хэрэглэх
- Бэлгийн хавьтагчийн бэлэг эрхтний ойролцоо элдэв яр шарх ажиглагдвал хавьталд орохгүй байх, шинжилгээ өгөх
- Жирэмсэн эмэгтэй төрөхөөс өмнөх эмчийн хяналтад тогтмол хамрагдах
Оношилгоо
- Полимеразын гинжин урвал буюу PCR шинжилгээ – цус болон нугасны шингэн, шархлаанаас ДНХ-ийн шинжилгээ авч ямар төрлийн вирусээр халдварласныг тодорхойлно.
- Цусны шинжилгээ – Цусанд херпес вирусийн эсрэг биет байгаа эсэхийг шинжилнэ.
Эмчилгээ
Бэлгийн хавьтагчийн хамт эмчилгээ хийлгэх шаардлагатай. Херпес вирус нь бүрэн устахгүй учир үрэвслийн эсрэг эмийн эмчилгээ хийж, дахих давтамжийг холдуулах, бусдад халдварлах магадлалыг бууруулах арга хэмжээ авдаг. Эмчилгээ хийлгэх явцад бэлгийн хавьталд орж болохгүй.
- Шархлааг хурдан эдгээх
- Шархлааны шинж тэмдгийг намдаах
- Шархлаа үүсэх давтамжийг холдуулах
- Бусдад халдвар тараах магадлалыг бууруулах зэрэг арга хэмжээг авч болно