Бэлгийн үү
Бэлгийн үү нь хүний папилломын вирус (HPV)-ээр үүсгэгддэг, дахилт өгдөг өргөн тархсан бэлгийн замын халдварт өвчин юм. Гол төлөв бэлэг эрхтэн, хошногын амсар хэсгийн арьс, салст дээр гарах ургацаг ба эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил тохиолдоно. Одоогийн байдлаар 100 гаруй HPV/ХПВ -ийн хэв шинжийг тодорхойлоод байгаа бөгөөд тэдгээрийн 40 нь бэлгийн замын халдварт өвчин үүсгэдэг аж. Түүнчлэн тэдгээрийг хорт хавдрын эрсдэл багатай HPV/ХПВ, хорт хавдрын өндөр эрсдэлтэй HPV/ХПВ гэж ангилагддаг. Харин бэлгийн үү нь 6 ба 11-р хэв шинжийн буюу хорт хавдрын эрсдэл багатай HPV/ХПВ -ээр үүсгэгддэг байна.
Шинж тэмдэг
Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг тодорхойлоход хүндрэлтэй бөгөөд хэдэн долоо хоногоос хэдэн жил ч байж болно. Эмч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ хугацаа нь дунджаар 1-8 сар байх аж.
- Эрэгтэйчүүдэд шодой, хуухнаг, шээсний сүв, хошногын амсар орчмын арьс, салст дээр арьсны өнгөтэй ижил үү, ургацаг гарах
- Эмэгтэйчүүдэд гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүү, хошногын амсар болон шээсний сүвний орчим арьс, салст дээр арьсны өнгөтэй ижил үү, ургацаг гарах
- Үү, ургацгийн хэмжээ, байрлал зэргээс шалтгаалан өвдөлт өгөх, загатнах, цус гарах, үнэр ялгаруулах зэрэг зовуурууд илэрнэ
- Бэлгийн үү нь умайн хүзүүн дээр байрласан үед бэлгийн харьцааны дараа цусархаг ялгадас гарч болно
Шалтгаан
Бэлгийн үүгээр өвчилсөн хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, арьс салстаар хүрэлцэх маягаар (тухайлбал бэлгийн харьцааны үед) HPV халдварладаг байна. Арьс салстаар халдварласан үед вирус арьсны гадаргуу дээр үлдэж цус болон бусад эрхтэн рүү тархдаггүй. HPV/ХПВ нь эс дотор байрлаж арьсны хамгийн гүн давхаргад үрждэг ба халдварласны дараа арьсны эс өсөж, арьс салстын гадаргуу дээр гарч бусдад халдварлах боломжтой болдог. Уг вирус нь хүний биед тодорхойгүй хугацаагаар далд буюу “унтаа” байдалтай байдаг аж.
Үүний зэрэгцээ бэлгийн үү нь халдвартай ээжээс төрөх замаар хүүхдэд халдварладаг эрсдэлтэй.
Хүндрэл
- HPV/ХПВ хүний биед хадгалагдсаар байдаг тул өвчин дахих хандлагатай байна
- Халдвартай ээжээс төрөх замаар хүүхдэд халдвар дамжсантай холбоотой хүүхэд амьсгалын замын папилломатоз эмгэгтэй болох магадлал өндөр байна
- Хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй HPV/ХПВ нь эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлнэ
Оношилгоо
- Үзлэг
- Пап сорил буюу умайн хүзүүний эсийн шинжилгээ
- HPV/ХПВ-ийн PCR шинжилгээ
- Хорт хавдрын сэжигтэй тохиолдолд оношилгооны зорилгоор эдийн шинжилгээ
Эмчилгээ
Папиллома вирусийн эсрэг төгс эмчилгээ байдаггүй. Одоогоор дэлхий дахинд уг вирусийн эсрэг эмийн бэлдмэл бий болоогүй байна. Эмчилгээний гол зорилго бол зовуурь үүсгэж буй бэлгийн үүг арилгах, вирусийн халдвар дамжих магадлалыг бууруулахад оршино. Бэлгийн үүг эмчлэхийн өмнө өвчтөнд бусад бэлгийн замын болон хавсарсан өвчлөл байгаа эсэхийг тодруулна. Учир нь тэдгээрээс үүдэн папиллома вирусийн халдвар идэвхжиж эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй. Эмчилгээний аргыг бэлгийн үүний байршлаас хамааран сонгоно.
Урьдчилан сэргийлэх
- Бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг сайтар авах: тохиолдлын харилцаанаас зайлсхийх, бэлгэвч хэрэглэх
- Тогтмол үзлэг, оношилгоонд хамрагдаж хэвших
- Вакцинжуулалт. Бэлгийн үү үүсгэх папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэх нь эрсдэлийг бууруулах давуу талтай байна
- Эмчилгээг тууштай, эмчийн заавраар хийлгэх. Энэ үед эмчилгээ дуусах хүртэл бэлгийн харьцаанд орохыг хориглоно
- Дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах хүчин зүйлсээс зайлсхийх. Тухайлбал, согтууруулах ундаа, тамхинаас татгалзах, дасгал хөдөлгөөн хийх, витамин, эрдэс бодисын дутагдалд орохоос сэргийлэх г. м.