Болор цайх
Нүдний болор нь хүүхэн харааны ар хэсэгт байрладаг, гүдгэр гадаргуутай, тунгалаг орчныг бүрдүүлдэг бөгөөд хүний хол ойр харах үйл явцыг хангадаг. Өөрөөр хэлбэл болрын тусламжтайгаар хүн аливаа зүйлийг тунгалаг тод хардаг байна. Болрын 35 хувьд нь усанд уусдаг альфа, бетта, кристалл уургууд болон усанд уусдаггүй уургууд байдаг.
Харин “болор цайх эмгэг”-ийн үед уг химийн найрлагад өөрчлөлт орж, болор тунгалаг чанараа алдаж, болор бүүдэгшин, хараа фокусгүй, сарнисан байдлаар харах, гэрлээс гялбах зовиур илэрдэг. Болор цайх эмгэг нь нүдний өвчин эмгэгүүд дундаас хамгийн элбэг тохиолддог нь юм.
Болрын цайлт нь хэд хэдэн төрөлтэй байдгаас хамгийн элбэг тохиолддог нь:
Болрын цөмийн цайралт
Цайралт нь болрын гол цөм хэсгээс эхэлдэг. Уг цайралт нь ойрын хараа муу байх, түүнийг засалгүйгээр удаан хугацаанд явснаас болж үүсдэг. Цөмийн цайралтын үед юмс шар туяатай харагдах, хараа бүдэг болох, холын хараа муудаж эхлэх, шөнийн хараа алдагдах, нүд гялбах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Болрын гадаргуугийн цайралт
Болрын гадаргуу хэсгээс дотогш төв рүү чиглэсэн байдлаар цагаарна. Энэ үед нүд гялбах, ойрын хараа муудаж эхлэх, юмс бүрсийж харагдах зэрэг шинжүүд ажиглагдана.
Болрын бүрхүүлийн арын цайралт
Болрын ар хананы хэсэгт жижиг хэмжээтэйгээр үүсч эхэлдэг цайралт юм. Залуу хүмүүс өвчлөх нь их бөгөөд цайралт нь хурдан нэмэгдэж даамжрах хандлагатай. Өвчтөнд хурц гэрэл хараа өөрчлөгдөх, ойрын хараа огцом муудах, нүд гялбах, харах хэсэг жижгэрэх гэх мэт зовиур илэрнэ.
Төрөлхийн болрын цайлт
Энэ төрөл нь удамшлын буюу генийн нөлөөтэй. Ураг эхийн хэвлийд байх үед халдвар авах эсвэл гэмтсэн тохиолдолд бий болдог.
Шалтгаан
Нас ахих эсвэл гэмтэл бэртэл авсны улмаас нүдний болор дотор уураг ихээр хуримтлагдан, эд эс өөрчлөгдөх байдлаар болор цайрдаг.
Бусад хүчин зүйлс нь:
- Эхийн хэвлийд халдвар авах, гэмтэх
- Бусад төрлийн өвчин эмгэгийн нөлөө (Чихрийн шижин, торлог бүрхэвчийн эмгэг г.м)
- Нүдний гэмтэл
- Хорт бодисын нөлөө (хэт ягаан туяа, цацраг идэвхт бодис г.м)
- Кортикостеройд болон Диуретик эмийн нөлөө (удаан хугацаагаар хэрэглэх)
- Нүдний мэс засал
- Насжилт (60-аас дээш нас)
- Таргалалт
- Цусны даралт ихэсдэг байх
- Нарны гэрэлд удаан хугацаагаар байх
- Нүдний өвчнүүд
- Архи согтууруулах ундааг хэт их хэрэглэх
- Тамхи татах
Шинж тэмдэг
Болор цайх эмгэг нь онцлох шинж тэмдэггүйгээр удаан хугацаанд үргэлжилдэг учраас хүмүүс нүдний хараанд нь өөрчлөлт орох хүртэл анзаардаггүй. Улмаар хүндэрсэн хойно нь мэдэх, хараагүй болох тохиолдол гардаг.
60-аас дээш насанд харах талбайд бүдэг толбо, эсвэл хэсэг газар нь балласан юм шиг харагдах, бүрсийж бүүдийж харагдах шинж илрэх нь болрын цайлт үүссэн байж болзошгүйг илэрхийлдэг. Дараах шинж тэмдгүүдийг ажиглаарай.
- Хараа бүдэг болох
- Бүүдийж, бүрсийж харагдах
- Ойрын хараа муудах
- Гэрэлтүүлэг багатай орчинд хараа өөрчлөгдөх
- Өнгө өөрчлөгдөж харагдах
- Шөнө оройн цагаар машин барьж чадахгүй байх (гэрэл нүд нэвт гялбах мэт санагдах)
- Юмс давхарлагдаж харагдах
- Өдрийн турш нүд гялбах, гэрэлд маш мэдрэг болох
- Нүдний шил, контакт линз зүүсэн ч нөлөөлөхгүй байх
- Юм уншихад гэрэл цацарч харагдах
- Гэрлийг тойрсон хүрээ цацраг харагдах
Оношилгоо
Био-микроскопоор үзлэг хийж, болрын цайлтын байршил хаана байгааг, үүнтэй холбоотойгоор хараанд ямар өөрчлөлтүүд үүссэн талаар үнэлгээ хийнэ. Нүдний аливаа эмгэгийн үед нарийн мэргэжлийн нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэх
Болор цайх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам одоогоор тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч маш удаан хугацаанд үүсдэг өвчин учраас дараах зүйлсийг зуршил болгох нь үр дүнтэй.
- 2 жил тутамд нүдний эмчид үзүүлж байх, 50-аас дээш настай бол жил бүр үзүүлэх.
- Бусад өвчлөлийг эмчилж хянах. Ялангуяа чихрийн шижин нь болор цайх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүл.
- Жимс, хүнсний ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэх.
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх.
- Нарны шил зүүж хэвших (нарны хэт ягаан туяанаас нүдийг хамгаалах).
- Архи, тамхи зэрэг хорт зуршлаас салах.
Зөвлөгөө
- Өөрийн хараанд яг тохирсон нүдний шил эсвэл контакт линз зүүх
- Ямар нэг зүйл унших шаардлага гарвал томруулдаг шил ашиглах
- Гэр, амьдарч буй орчныхоо гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх
- Өдрийн цагаар гадуур явахдаа гялбааг бууруулахын тулд саравчтай малгай өмсөх, эсвэл туяаны хамгаалалттай нарны шил зүүх
- Шөнө машин барихаас татгалзах.
Эмчилгээ
Таны хараа шил болон контакт линз зүүгээд засарч байвал маш сайн хэрэг. Харин үр дүнгүй бол болрын цайлт нь таны өдөр тутмын амьдралд бэрхшээл үүсгэн нөлөөлөх хэмжээнд хүрсэн учраас мэс засал хийх зайлшгүй шаардлагатай.
Мэс заслаар цайсан болрыг авч хиймэл болор орлуулан суулгадаг. Болор солих мэс засал нь аюул багатай хэдий ч халдвар орох, цус алдах зэрэг хүндрэл гарч болзошгүй.
Мэс заслын эмчилгээний үр дүн 95 хувьтай буюу ихэнх хүний харааны асуудал бүрэн шийдэгддэг. Харин цөөн тохиолдол, нүдний өөр эмгэг хавсарсан хүмүүсийн хараа бүрэн эмчлэгддэггүй. Энэ үед болрыг дахин авч, тохирох харааны шил зүүхийг зөвлөдөг.