Ойрын хараа муудах
Ойр байгаа зүйлсийг харах чадвар буурах, нэмэх шил зүүх нь ойрын харалган буюу ойрын хараа муудах юм. Ойрын хараа муудах үед ойр орчмын 20-30 см зайд аливаа зүйлийг харах чадвар эрс буурдаг. Бага насны хүүхэд болон 40-өөс дээш насны хүмүүст түлхүү тохиолддог.
Шалтгаан
- 5 орчим насанд илрэх боловч дунд нас хүртэл амьдралд төдийлөн нөлөөлөхгүй
- Удамшил
- Насжилт
Нүдний тунгалаг эвэрлэг бүрхэвч нь болортой нийлж, торлог бүрхэвч дээр тод зураглал бий болгохын тулд гэрлийн цацрагийг өөртөө төвлөрүүлдэг. Уг гэрэл төвлөрүүлэх чадвар буурах нь ойрын харалган болох гол шалтгаан юм. Өөрөөр хэлбэл гаднаас ирсэн зураглал торлог бүрхэвчийн ард буухад нүд бүрэлзэж ойрын зүйлс тод харагдахгүй болдог.
Шинж тэмдэг
Хүүхэд залуус хөнгөн эсвэл дунд зэргийн ойрын харалган байх тохиолдолд өдөр тумтын амьдралд нь төдийлөн нөлөөлдөггүй. Ойрын харалганыг төрсний дараа бага насанд нь ажиглан илрүүлэх боломжтой. Харин ойрын хараа хэтэрхий муудсан үед дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:
- Жижиг объектыг сонирхохоо болих
- Юм уншихад, зураг дүрс ойлгож уншихад хүндрэлтэй болдог.
Хоёр нүдний ойрын хараа харилцан адилгүй байвал нэг зүйлд төвлөрөхөд хүндрэлтэй болно. Цаг тухайд нь эмчилгээ хийлгээгүй тохиолдолд хүүхэн хялар болох нэг нүдний хараа муудах магадлал ихэсдэг. Нас ахихын хэрээр ойрын хараа муудах нь хэвийн зүйл болно.
Дээр дурдсан шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл нэн даруй эмчид үзүүлэх шаардлагатай.
Оношилгоо
Хэрвээ ойрын зүйлсийг харахад хүндрэлтэй, юм унших, ойр зуурын ажил хийхэд бэрхшээлтэй байгаа бол хараа зүйчид хандаж харааны сорил хийлгэх хэрэгтэй.
Мөн эцэг, эх нь ойрын харалган бол хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө харааг нь шалгуулах шаардлагатай.
Хүндрэл
Ойрын харалган нь ямар нэгэн хүндрэл учруулах нь бага боловч цочмог глауком өвчинд өртөх эрсдэлтэй. Энэ тохиолдолд зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Тиймээс глаукомыг илрүүлэх үзлэгт хамрагдах нь зүйтэй.
Эмчилгээ
Хараа зүйч тухайн хүний харааг шалгаж, харааны чадварыг тогтоосноор ойрын харалган байдлын үе шатыг тодорхойлдог.
Сургуулийн сурагчдыг дунд хийдэг нэгдсэн үзлэгээр хүүхдийн ойрын харалганг тогтоож болох ч эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх нь чухал юм.
Ойрын харалганг контакт линз, гүдгэр линзтэй нүдний шил зүүж засдаг. Нүдний төвлөрөх чадвар нас ахих тусам буурч алдагддаг тул хараагаа тогтмол шалгуулж линзээ шинэчлэх шаардлагатай.
Мөн эвэрлэг бүрхэвчийн гэрэл төвлөрүүлэх чадварыг сайжруулах лазер мэс ажилбар хийлгэснээр ойрын хараагаа засах боломжтой.
Урьдчилан сэргийлэлт
Урьдчилан сэргийлэх гол арга нь эрт илрүүлж, цаг тухайд нь зөв эмчлэх явдал юм. Судалгаагаар ойрын харалган болох буюу харааны гажиг үүсэх нь дэлхийн нийт хүмүүсийн 80 гаруй хувьд үл мэдэг байдлаар тодорхой хэмжээнд тохиолддог гэж үздэг. Ялангуяа удамшилт, насжилттай холбоотой учраас бага насанд нь харааг нь тогтмол шалгуулах нь маш чухал юм.