Салхин цэцэг
Салхин цэцэг /Varicella, Chickenpox/ нь арьсан дээр жижиг цэврүү, гүвдрүүт тууралт үүсгэдэг вирусийн гаралтай цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварлах бөгөөд 90 хувь нь 13 хүртэлх насны хүүхэд, 10 хувь нь 15-аас дээш насныханд тохиолддог.
Жирэмсний эхний хугацаанд эх халдвар авсан тохиолдолд ургийн гаж хөгжил үүсэх сөрөг талтай.
Салхин цэцэг өвчний халдвар намар, өвлийн улиралд элбэг байдаг. Халдвар авснаас хойш хамгийн сүүлийн цэврүүт тууралт гараад 5 хоногийн турш вирусийн халдварлах чадвар хэвээр байдаг. Өвчилсний дараа үүсэх дархлаа тогтвортой буюу байнгын дархлаа үүснэ.
Шинж тэмдэг
Халдварын нууц хугацаа буюу халдвар авснаас хойш 10-21 хоногийн дараа арьсанд усархаг цэврүү, гүвдрүүт тууралт үүсдэг.
- Бие сульдаж, ядрах.
- Халуурах /38-39 градус/
- Ходоод гэдэс хямрах, хоолонд дургүй болох.
- Толгой өвдөх.
- Улаан олон жижиг тууралт гарах.
- Тууралтууд цэврүү болж усаар дүүрнэ. Зарим нь хагардаг.
- Амны хөндийд шарх гарах.
- Дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгүүд илэрнэ.
Өвчний үе шат
- Эхлээд нүүр, цээжээр дараа нь биеийн бүх хэсгээр жижиг улаан тууралт гарна.
- Тууралт бага зэрэг овойж гүвдрүүтэй болно.
- Гүвдрүү нь цэврүүтэй болж загатнана.
- Цэврүүг хагалж маажиж болохгүй. Идээлэх аюултай.
- 21 хоног эмчийн хяналтад гэртээ байна.
- Тууралт тавшиж эдгэрнэ.
Хүндрэл
Салхин цэцэг нь ихэвчлэн хөнгөн хэлбэртэй байх боловч ховор тохиолдолд амь насанд хүрэх аюултай. Тухайлбал,
- Шингэний дутагдалд орох.
- Хатгалгаа болох.
- Тархинд тууралт гарах зэрэг орно.
- Салхин цэцгийн вирусээс үүсдэг могойн өвчнөөр өвчлөх магадлалтай.
- Жирэмслэлтийн үед салхин цэцгээр өвчлөх нь жин багатай хүүхэд төрүүлэх, төрөлхийн мөчдийн гажигтай хүүхэд төрөх аюултай.
- Төрөлтөөс 1 долоо хоногийн өмнө эсвэл төрсний дараах 1 долоо хоногийн дотор эх нь салхин цэцгээр өвчлөх нь нярайд өвчин халдварлах, амь насанд аюул учрах эрсдэлтэй.
Хүнд хэлбэрийн салхин цэцэг тусах магадлалтай хүмүүс:
- Дөнгөж төрсөн нярай
- Урьд нь салхин цэцгээр өвчилж байгаагүй насанд хүрэгчид
- Салхин цэцгээр өвчилж байгаагүй жирэмсэн эмэгтэйчүүд
- ХДХВ болон бусад дархлалын өвчтэй хүмүүс
- Хорт хавдрын эмчилгээ хийлгэдэг бол
- Дархлал сулруулах үйлчилгээтэй эм уудаг байх
Урьдчилан сэргийлэлт
12 сар болон түүнээс дээш насныхан VARIVAX хэмээх амьд вакцин хийлгэх боломжтой. Гэхдээ дархлаа суларсан, дархлаа дарангуйлах бэлдмэл хэрэглэдэг өвчтөн, жирэмсэн эхчүүдэд хэрэглэж болохгүй.
Зөвлөгөө
Нэн түрүүнд мэргэжлийн эмчид хандан өөрт тохирсон эмчилгээ, дэглэмийг сахих хэрэгтэй болохыг анхаарна уу.
- Өвчний явцаас хамаарч хэвтрийн дэглэм барих, гэртээ байх
- Шингэц сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
- Вирусийн эсрэг эм, бэлдмэлүүд, хордлого тайлах, дархлаа дэмжих болон биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээг эмчийн зааврын дагуу хийнэ
- Арьс салстад гарсан тууралтад загатнаа намдаах каламин тосыг хэрэглэх боломжтой Тууралтын зэргээс хамаарч хатаах, намдаах эмчилгээг эмчийн заавраар хийх
- Маажихгүй байх (загатнаж байгаа газар товших, усанд орохдоо арьсаа үрэхгүй байх, даавуун сул хувцас өмсөх). Хэрэв бага насны хүүхэд тууралтаа маажиж байвал бээлий өмсгөх, хумсыг авах зэрэг арга хэмжээг авч болно.
- Өрөө тасалгаанд агаар салхи сайн оруулж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, хувийн ариун цэвэр сайн сахиулна
- Шингэн сайн хэрэглэх. Ингэхдээ чихэрлэг болон хийжүүлсэн ундаанаас зайлсхийж аль болох ус их ууна. Энэ нь вирусийг биеэс хурдан гадагшлуулахад тустай ба шингэний дутагдалд орохоос сэргийлнэ
- Халуун ногоотой, давс ихтэй хоол идэхээс зайлсхийгээрэй
- Салхин цэцэгтэй хүүхдийг тусдаа өрөөнд байлгана
- Ибупрофен болон ижил төрлийн үрэвслийн эсрэг өвдөлт намдаах эм хэрэглэхээс зайлсхийх