Туреттын хам шинж
Туреттын хам шинж нь ухамсарт бус буюу өөрийн мэдэлгүй хийгдэх олон давтамжит татваганааг (tick) үүсгэдэг мэдрэлийн өвчин юм. Татваганаа биеийн хөдөлгөөн, дуу авиа зэргээр илэрч болох ба хэсэг бүлэг булчингуудын чангарал, татганалтаас шалтгаална. Өөрөөр хөдөлгөөнт ба дуут татваганаа гэж нэрлэх нь бий.
Хамгийн түгээмэл татваганаагийн төрлүүдээс дурдвал :
- Анивчаа байдал
- Тургих, тургиж инээх
- Огцом эвгүй дуу авиа гэнэт гаргах
- Толгойн хөдөлгөөн
- Хүзүү, мөрний хөдөлгөөн
- Нүүр ам татваганах, ярвайж үрчийх мэт царайны хувирал гаргах
Шалтгаан
Хөдөлгөөнт ба дуут татваганаа нь нэлээн нарийн, ярвигтай мэдрэлийн өвчинд тооцогддог. Тархины олон хэсгүүд болон сэрэл мэдээлэл дамжуулах импульсын замд гарсан өөрчлөлтүүд өвчний үйл явцад нөлөөлнө. Нейротрансмиттер гэж нэрлэгдэх тархины химийн бодис буюу дааврууд; тухайлбал дофамин, серотонин, адреналин зэрэг нь мөн уг хам шинжийн шалтгаан болж өгдөг нь судалгаагаар батлагджээ.
Гэсэн ч Турретын синдром үүсэх нарийн тодорхой учир шалтгаан одоо ч мэдэгдээгүй тул урьдчилан сэргийлэх, клиник шинжилгээ болон техникийн аргаар оношлох боломжгүй хэвээр байна. Тархины цахилгаан бичлэг, цусны шинжилгээ, MRI зэрэгт уг эмгэгтэй холбоотой өөрчлөлтүүд огт илэрч гардаггүй.
Шинж тэмдэг
Туреттийн хам шинжтэй ихэнх хүмүүс хөдөлгөөнт татваганаа, дуут татваганаагийн аль аль шинж тэмдгийг үзүүлдэг. Хүн бүрд харилцан адилгүй байдлаар илрэх бөгөөд ихэвчлэн 4 – 6 насанд эхэлж, өсвөр насанд хамгийн хурц үедээ очно. Эхлэхдээ толгой хүзүүний татваганаж, улмаар хэвлий, мөчдүүд рүү даамжирдаг байна.
Мөн сэтгэл ихээр хөдөлсөн, стресстсэн, сандарсан үеүдэд шинж тэмдгүүд илүү ихээр хүндрэх хандлагатай.
Хөдөлгөөнт татваганаагийн үед:
Энгийн хөдөлгөөнт татваганаа | Хүндэрсэн хэлбэрийн хөдөлгөөнт татваганаа |
Нүдээ анивчих | Эд зүйлсийг үнэрлэх, хүрэх |
Нүд далдчих, ийш тийш харах | Эвгүй, бүдүүлэг дохио зангаа үзүүлэх |
Хэлээ гаргах | Биеэ хумих, эргүүлэх, тахийлгах |
Хамраа сартайлгах | Тодорхой нэг байдлаар алхах (замаар явахдаа зураасан дээр гишгэхгүй байх гэх мэт) |
Ам, уруулаа хөдөлгөх | |
Толгойгоо огцом хөдөлгөх | |
Мөрөө угзрах |
Дуут татваганаагийн үед:
Энгийн дуут татваганаа | Хүндэрсэн хэлбэрийн дуут татваганаа |
Зогьсуулах | Хэлсэн үгээ ахин дахин давтах |
Ханиах, найтаах | Бусдын хэлснийг давтах |
Хоолой засах | Бүдүүлэг, ёс бус үгс ашиглах |
Гэнэтийн чанга дуу чимээ гаргах | |
Бувтнах, амандаа үглэх |
Оношилгоо
Дээр дурдсанчлан хими, физикийн оношлуурын арга буюу төрөл бүрийн шинжилгээ, цахилгаан бичлэг, хэт авиан зураг зэргээр оношлох боломжгүй тул асуумж судалгааны аргаар оношилгоо хийгдэнэ. Ингэхийн тулд дор хаяж нэг жилийн хугацаанд дуут эсвэл хөдөлгөөнт татваганаагийн шинж тэмдгүүдийг үзүүлсэн байх шаардлагатай байдаг.
Түрретын хам шинжтэй ихэнх хүмүүс дараах эмгэг өвчнүүдтэй байх нь маш элбэг. Тухайлбал:
- Mood disorder – Зан төлөвийн эмгэг, өөрөөр сэтгэл хөдлөлийн эмгэг
- Learning disability – Оюуны хомсдол
- Anxiety disorder – Сэтгэл түгших эмгэг
- ADHD – Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг
- Sleep disorder – Нойрны эмгэг
- OCD- Албадмал үйл, улигт бодлын эмгэг
Эмчилгээ
Хэрэв шинж тэмдгүүд харьцангуй хурц биш, хөнгөн байдлаар илэрч байвал эмчилгээ хийлгэх шаардлага төдийлөн байхгүй.
Бусад мэдрэл, сэтгэл зүйн эмгэгүүдийн адилаар сэтгэл засал болон эмийн эмчилгээ хийгдэх бөгөөд шаардлагатай тохиолдолд тархины сэрэл өдөөх физик эмчилгээ мөн үр дүнтэй.
Зөвлөгөө
Өөрийн гэнэтийн үг, үйлдлүүдээ захирч чадахгүй байх нь энгийн өдөр тутмын харилцаанаас эхлээд нийгмийн амьдралд ч ихээр нөлөөлж байдаг. Зөвхөн эмнэлгийн тусламжаас гадна бясалгал хийх, цэвэр агаар алхах, тэмдэглэл хөтлөх зэрэг нь шинж тэмдгүүдийг бууруулахад ихээхэн ач тустай байдгаас гадна урьдчилан сэргийлэхэд ч нөлөө үзүүлэх боломжтой.
Мөн бүлгийн сэтгэл засал туршаад үзэхэд гэмгүй арга бөгөөд өөртэйгөө ижил шинжтэй хүмүүстэй ярилцаж, хэцүү болоод сайхан бүхнийг нь сонсох танд урам зориг өгч, даван туулах итгэл бэлэглэж болох юм.
Турретын синдром нас ахихын хэрээр илүү дээрдэх, шинж тэмдэг багасах хандлагатай байна. Гэсэн ч шаардлагатай тусламж туслалцааг цаг тухайд нь авч байх шаардлагатай ба энэ хам шинж оюуны болоод амьдралын чадавхад огт нөлөөлдөггүй гэдгийг санах хэрэгтэй.