Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг
ADHD (attention deficit hyperactivity disorder) буюу анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг нь хэт идэвхтэй хөдөлгөөн болон цочмог зан авирын шинжээр илрэх сэтгэцийн эмгэг юм. Дэлхийн нийт насанд хүрсэн хүн амын 2.5%, хүүхдүүдийн 8.4% нь уг эмгэгээр оношлогдсон байдаг.
Зарим үед анхаарал төвлөрөхгүй, хэт их эрч хүчтэй хэр нь гэнэт ядарсан мэт санагдах үе хүн бүрд тохиолддог ч анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүмүүсийн хувьд энэхүү давтаж, үргэлжлэх хугацаа зэрэг нь өндөр байдаг. Иймд, уг эмгэгээр оношлогдсон хүний хувийн амьдралд багагүй хүндрэлүүд тулгардаг.
Шалтгаан
ADHD нь хэдийгээр түгээмэл тохиолддог эмгэг хэдий ч судлаачид одоо ч нарийн шалтгааныг тодорхойлж чадаагүй байна. Хийгдсэн судалгааны үр дүн дээр үндэслэн харахад энэхүү эмгэг нь мэдрэлийн болон генетикийн холбоо хамааралтай гэж үздэг. Түүнчлэн эмгэг үүсэхэд нөлөөлөх хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон байна. Тодруулбал,
- Дофамин дааврын үйлдвэрлэлт багасах (тус даавар нь мэдрэмж, хөдөлгөөн зэргийн хариуцдаг ба тархины нэг эсээс нөгөө рүү мэдээлэл дамжуулах үүрэгтэй)
- Тархины бор бодис бага байх (тархины бор бодис нь хэл яриа, өөрийгөө хянах чадвар, шийдвэр гаргалт, булчингаа хянах чадвар)
Хэлбэр
Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг нь гурван төрөлд хуваагдана.
Анхаарал сулрал давамгайлсан ADHD
Энэ төрлийн ADHD-тэй хүмүүс нь аливааг хийж дуусгах, зааварчилгааг дагах, анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байна. Судлаачдын үзэж байгаагаар энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд оношлогдож чадахгүй байдаг талтай аж. Охидод илүү давамгайлан тохиолдох хандлагатай.
Цочмог авир – Хэт хөдөлгөөнтөл давамгайлсан ADHD
Энэ төрлийн ADHD-тэй хүмүүс тайван сууж чаддаггүй. Ихэвчлэн сандарч тэвдсэн байдалтай, огцом цочмог хөдөлгөөнтэй байдаг. Энгийн хүнтэй харьцуулахад мөн л анхаарлаа аливаа нэг зүйлд төвлөрүүлэхэд асуудалтай тулгардаг байна.
Хосолсон шинжит ADHD
Энэ төрөл нь хамгийн түгээмэл тохиолдох бөгөөд дээрх хоёр төрлийн шинж тэмдгийн хосолмол байдлаар илэрнэ.
Эмчлэх арга барил дээрх төрлүүдээс хамааран харилцан адилгүй байдаг. Цаг хугацааны явцад төрөл, байдал нь өөрчлөгдөх магадлалтай тул эдгээр үеүдэд эмчилгээ заслаа ч даган өөрчлөх хэрэгтэй болно.
Шинж тэмдэг
- Анхаарал төвлөрүүлэхэд хэт хүндрэлтэй
- Мартамхай
- Шалтгаангүйгээр хэт сандардаг
- Амархан сатаардаг
- Тогтвортой сууж чаддаггүй
- Яриа таслах, өөр хүний хийж буй үйлдлийг дундаас нь таслах
Оношилгоо
Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгийн оношилгоо хүүхэд болон насанд хүрэгчдэд харилцан адилгүй байна.
Хэрэв хүүхдэд ADHD-ын 6 болон түүнээс дээш шинж тэмдэг дор хаяж зургаан сарын туршид илэрч байгаа бол хүүхдийн эмч, хүүхдийн сэтгэцийн эмч зэрэг мэргэжилтнүүд нарийн үзлэг хийж, асуумжийг авснаар оношийг тодорхойлно. Эдгээр шинж тэмдгүүд нь хүүхдийн өдөр тутмын амьдралд саад учруулж, үеийн хүүхдүүдийн ердийн хөгжлийн түвшинтэй нийцэхгүй байх хандлагатай.
Насанд хүрэгчдэд ADHD сэжиглэгдэж байгаа тохиолдолд ихэвчлэн шинж тэмдгүүд хүүхэд насанд илэрч эхэлсэн байдаг. Иймд, нарийн мэргэжлийн эмч нар тухайн хүний аав ээжтэй, ойрын хүмүүстэй ярилцаж асуумж авах, сэтгэцийн болон сэтгэл зүйн сорил зэрэг аргуудыг ашиглан оношийг тодорхойлох боломжтой. Гэвч насанд хүрэгчдэд анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгийг оношлоход төдийлөн амаргүй байдаг аж.
Аль аль тохиолдолд шаардлагатай тохиолдолд нарийн багажийн оношилгоонд хамруулна.
Эмчилгээ
Эмчилгээнд зан төлөвийн сэтгэл засал болон эмийн эмчилгээ багтана. Зан төлөвийн сэтгэл заслаар дамжуулан өдөр тутмын үйлдэл, цаашлаад өвчтөний амьдралын явцад ADHD хэрхэн нөлөө үзүүлж болох талаарх мэдлэгтэй болж болно. Харин эмийн эмчилгээ нь тархинд байх химийн бодисуудыг хэвийн хэмжээнд байлгахад тустай.
Зарим энгийн дадлууд нь АDHD-г даван туулахад нөлөө үзүүлээд зогсохгүй урьдчилан сэргийлэхэд ач тустай байна. Тодруулбал:
- Витамин, эрдэс бодисоор баялаг, тэнцвэртэй хооллох
- Өдөр бүр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
- Чанартай нойр авах
- Дэлгэцийн цагийг багасгах