Зөөлөн яр
Зөөлөн яр нь Гемофиллус дюкрей гэх бактериар үүсгэгддэг бэлгийн замын халдварт өвчин юм. Энэ нь ихэвчлэн бэлэг эрхтэнд шархлаа үүсэх шинж тэмдгээр илэрнэ. Уг халдварт өвчин хялбархан эмчлэгдэх боловч халдвар тархах нь мөн ижил хялбар байдаг аж.
Шалтгаан
Зөөлөн ярны халдвар хүнээс хүнд дараах 2 замаар дамжина.
- Бэлэг эрхтэнд ил шархлаатай хүнтэй бэлгийн хавьталд орох
- Бэлэг эрхтний шархнаас гарах идээт шингэнээр бусад хавьтлын үед халдварлах. Тодруулбал, зөөлөн яртай хүн шархлаандаа хүрсний дараа бохирлогдсон гараар хүнд хүрэхэд шархлааны шингэнээр халдвар тарах магадлалтай
Шинж тэмдэг
Халдвар авснаас хойш эмнэл зүйн анхны шинж тэмдэг илрэх хүртэл хугацааг нууц үе гэдэг. Энэ өвчний нууц үе дунджаар 4-10 хоног байна.
- Өвдөлттэй ил шархлаа – Энэ нь өвчний хамгийн түгээмэл шинж тэмдэг юм. Нууц үе дууссанаар бэлэг эрхтэнд улаан гүвдрүү үүсээд богино хугацаанд идээтэй болсны дараа хагарч шархлаа болдог. Халдвар авсан хүн ихэвчлэн нэгээс олон шархлаатай байна. Шархлааны диаметр дунджаар 1-2 ёс, зах ирмэг нь тод, суурь хэсэг нь шар эсвэл сааралдуу идээт үрэвслийн шингэнээр хучигдсан байдаг. Уг ил шархлааг “зөөлөн яр” гэнэ.
- Тунгалгийн булчирхай хавагнан томрох – Зарим тохиолдолд цавь орчмын тунгалгийн булчирхай эмзэглэлтэй, хавдсан байж болно. Тунгалгийн булчирхай томрох нь бие махбод халдварын эсрэг тэмцэж буйн илрэл байдаг.
Зөөлөн яр өвчин эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү оношлогддог байна. Эмэгтэйчүүдэд уг эмгэг ихэвчлэн шинж тэмдэггүй явагдах эсвэл шархлаа үтрээнд гарч болдог аж. Мөн харагдах ганц шинж тэмдэг нь тунгалгийн булчирхайн томрол байж болно. Иймээс уг өвчин халдварласныг мэдэхгүй өнгөрөх эрсдэлтэй юм.
Оношилгоо
Зөөлөн яр өвчний шинж тэмдэг нь бэлгийн замаар дамжих бусад халдварт өвчний шинжтэй төстэй. Иймд, шархлаанаас арчдас авч халдвар үүсгэгчийг тодорхойлно.Тодруулбал, бэлгийн шархлаа үүсгэдэг бусад эмгэг болох тэмбүү, херпес вирусийн халдвараас ялган оношлох шаардлагатай.
Эмчилгээ
Зөөлөн яр өвчний үүсгэгчид тохирох антибиотикоор эмчилнэ. Зөв арчилгаа, эмчилгээг хийвэл 2 долоо хоногийн хугацаанд шархлаа эдгэрэх боломжтой. Эмчилгээний явцад дараах зөвлөмжийг дагах нь бүрэн эдгэрэхэд тустай. Үүнд:
- Шархлаа бүрэн эдгэх хүртэл бэлгийн хавьталд орохгүй байх
- Шархлаа орчмын хэсгийг хуурай, цэвэр байлгах
- Шархлааг цочроож болзошгүй бариу хувцас өмсөхгүй байх
Хүндрэл
- Үр дүнгүй эмчилгээ – Хөвч таслуулсан эрэгтэйчүүд болон ХДХВ-ийн халдвартай хүмүүст зөөлөн яр өвчний эмчилгээ үр дүнгүй байх магадлалтай. Хэрэв дээрх эрсдэлт бүлэгт багтаж байгаа бол эмчдээ хэлж илүү нарийвчилсан эмчилгээг хийлгэх шаардлагатай.
- Бусад өвчний эрсдэл – Ил шарх нь бусад халдварт өртөмхий болгоно. Хамгийн том эрсдэл нь зөөлөн ярны үед ХДХВ-ийн халдвар авах явдал юм.
Урьдчилан сэргийлэлт
Зөөлөн яр өвчнөөр нэг удаа өвчлөхөд уг бактерийн эсрэг дархлаа үүсдэггүй. Иймд, шархлаа арилж, эдгэрсний дараа дахин өвчлөх эрсдэлтэйг санах нь зүйтэй.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх арга нь эрсдэлт бэлгийн хавьтлаас зайлсхийх явдал юм. Хэрэв бэлгийн хавьталд тогтмол ордог бол дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.
- Нэг бэлгийн хавьтагчтай байх
- Бэлэг эрхтэн болон цавиндаа ил шархлаатай хүнтэй бэлгийн харилцаанд орохгүй байх
- Бэлгэвч хэрэглэх
Хэрэв зөөлөн яртай байж магадгүй гэж сэжиглэж байгаа тохиолдолд эмчид хандах хүртлээ бэлгийн хавьталд орохгүй байх хэрэгтэй. Эмчид хандаж онош тогтоогдсон бол бэлгийн хамтрагчдаа мөн хэлж эмчлүүлэх нь бүрэн эдгэрэх, дахин халдвар авахгүй байхад ач тустай.