Нярайн гэнэт нас барах хам шинж
Энэ нь харьцангуй эрүүл гэж үзэж буй нэгээс доош насны хүүхдийн шалтгаан тодорхойгүй, гэнэтийн нас баралт юм. Ихэвчлэн 6 сараас доош насныханд шөнө дунд юм уу үүрээр унтаж байх үед тохиолдоно.
Шалтгаан
Хэдийгээр нярайн гэнэт нас барах хам шинжийн шалтгаан тодорхойгүй боловч нярайн амьсгал болон нойрноос сэрэхийг зохицуулдаг тархины хэсгийн гажигтай холбоотой байх магадлалтай гэж үздэг.
Харин бие махбодын болон унтах үеийн орчны эрсдэлт хүчин зүйлүүдийн нэгдэл нь нярайн гэнэт нас барах хам шинжид өртөх магадлалыг нэмэгдүүлдэг байна.
Бие махбодын хүчин зүйлс:
- Тархины гажиг. Зарим нярай гэнэтийн нас баралтад хүргэх эрүүл мэндийн асуудалтай төрж болно. Тэдгээрийг дийлэнхэд тархины амьсгал болон нойрноос сэрэхийг зохицуулдаг хэсэг нь бүрэн хөгжөөгүй байдаг байна.
- Бага жинтэй төрөх. Дутуу төрөх эсвэл олон ургийн нэг байх нь нярайн тархи бүрэн хөгжихгүй байх магадлалыг нэмэгдүүлдэг байна.
- Амьсгалын замын халдвар. Гэнэт нас барсан олон нярай ханиад хүрээд удаагүй байсан аж. Энэ нь амьсгалахад хүндрэл үүсгэж буй эрсдэлт хүчин зүйл болж буй.
Унтах үеийн орчны хүчин зүйлс:
- Доош харж эсвэл хажуу талаар унтах. Энэ нь дээш харж унтахаас илүү ихээр амьсгалд хүндрэл учруулна.
- Зөөлөн гадаргуун дээр унтах. Хөвсгөр, бамбагар бүтээлэгт нярайн нүүр доошлон амьсгалын замыг хаах магадлалтай.
- Нэг оронд унтах. Нярай эцэг эх, ах эгч, эвсэл тэжээвэр амьтадтай нэг оронд унтах нь гэнэт нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Хэт халуун байх
Хүүхдийн орон доторх эд зүйл болон түүний унтах байрлал нь дээр дурдсан бие махбодын хүчин зүйлстэй хавсарсан тохиолдолд эрсдэл илүүтэйгээр нэмэгдэнэ.
Бусад эрсдэлт хүчин зүйлс:
Хэдийгээр гэнэт нас барах хам шинж нь ямар ч нярайд тохиолдох магадлалтай ч судлаачид өртөх эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйлсийг тодорхойлсон байна.
- Хүйс. Эрэгтэй хүүхдүүд бага зэрэг илүү өртдөг байна
- Нас. 2-4 сартай үед хамгийн их тохиолддог
- Гэр бүлийн түүх. Ах эгч болон үеэлүүдэд нярайн гэнэт нас барах хам шинж тохиолдож байсан бол эрсдэл нэмэгдэнэ
- Дам тамхидалт. Тамхи татдаг хүнтэй хамт байдаг бол эрсдэл нэмэгдэнэ
- Дутуу төрөлт
Эхийн талаас:
- Эх 20-оос доош настай байх
- Тамхи татдаг байх
- Согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг байх
Шинж тэмдэг
Нярайн гэнэт нас барах хам шинжид тодорхой шинж тэмдэг үгүй бөгөөд хүүхэд унтуулахын өмнө эрүүл, хэвийн санагддаг. Өртөгдсөн хүүхдүүд ихэвчлэн орондоо ижил байрлалтай олддог байна.
Оношилгоо
Нас баралтын шалтгаан тодорхойлогдоогүй үед үхлийн шалтгааныг нярайн гэнэт нас барах хам шинж гэж үздэг. Үүнийг тогтоохын тулд хүүхэд болон эцэг, эхийн өвчний түүхийг судалж, хүүхдийн нас барсан газрыг шинжилж мөн задлан шинжилгээ хийнэ.
Урьдчилан сэргийлэлт
- Нярайг нуруугаар нь хэвтүүлж унтуулах
- Хүүхдийн орыг аль болох дангаар байлгах. Хатуу гудас хэрэглэж, хөвсгөр болон зузаан дэвсгэрээс зайлсхийгээрэй. Хүүхдийн оронд дэр, чихмэл болон хөвсгөр тоглоом орхихгүй байхыг анхаарна уу. Эдгээр нь хүүхдийн нүүрийг таглавал амьсгалыг саатуулах эрсдэлтэй.
- Хүүхдийг хэт халууцуулахгүй байх. Хүүхдийг дулаан байлгахын тулд нэмэлт хучлага шаарддаггүй унтлагын хувцас туршиж үзээрэй. Үүний зэрэгцээ хүүхдийн толгойг хучихгүй байхыг анхаарна уу.
- Хүүхдийг зориулалтын тусдаа оронд унтуулах (дор хаяж 6 сар хүртэл, боломжтой бол 1 нас хүртэл). Насанд хүрэгчдийн ор нярайд тохиромжгүй бөгөөд ор, хана болно матраас хоорондын зайд нярай гацаж амьсгал боогдох эвсэл эцэг эхийн хөдөлгөөнд хүүхдийн ам, хамар таглагдаж болзошгүй юм.
- Хүүхдийг сайн хөхүүлэх. Багадаа 6 сар хөхүүлэх нь нярайн гэнэт нас барах хам шинжийн эрсдэлийг бууруулдаг.
- Соосог хэрэглэх. Унтах болон унтахын өмнө хүүхдэд уяагүй соосог хөхүүлэх нь эрсдэлийг бууруулахад тустай
- Хүүхдийн дархлаа тогтолцоог дэмжих