Цагаан хорхой
Цагаан хорхой нь дэлхий дээрх хамгийн нийтлэг тохиолддог халдварт өвчин юм. Цагаан хорхойн үүсгэгч нь нарийн, цагаан өнгөтэй, 5-13 мм урттай Enterobius Vermicularis хэмээх шимэгч хорхой юм.
Халдвар авсан хүн унтаж байх үед эмэгчин цагаан хорхой нь хошногоны амсрын эргэн тойронд маш жижиг хэмжээтэй, хэдэн мянган өндгөө цацдаг. Улмаар загатнадаг учраас гараар маажиж, цагаан хорхойн өндөгнүүд хумсанд шигдэж хүрэлцэх байдлаар бусдад халдвар дамждаг.
Гэр бүлийн нэг гишүүн цагаан хорхойн халдвар авсан бол бүгд эмчлүүлэх хэрэгтэй болдог.
Шалтгаан
Санамсаргүй тохиолдлоор цагаан хорхойн өндгийг залгих, цагаан хорхойтой хүнтэй нэг хөнжилд унтах, хувцсаа сольж өмсөх тохиолдолд халдвар авдаг.
Цагаан хорхойн өндөг залгиснаас хэдэн долоо хоногийн дараа нарийн гэдсэнд цагаан хорхой бий болно. Цагаан хорхойн өндөг нь бусад зүйлсийн гадаргуу дээр 2-3 долоо хоног амьдрах чадвартай.
Нөлөөлөх хүчин зүйлс
- Бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд элбэг ажиглагдах бөгөөд гэр бүлийнхэн, анги хамт олонд халдварлах магадлал өндөр байдаг.
- Хүүхдийн цэцэрлэг болон олон хүүхэдтэй газар ажилладаг байх нь цагаан хорхойн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шинж тэмдэг
- Хошногоны амсар болон дотор хэсгээр загатнах
- Үтрээ гадна бэлэг эрхтэн орчмоор загатнах
- Нойргүйдэх, унтаж болохгүй байх
- Хэвлийгээр өвдөж, дотор муухайрах
- Жин буурах
- Хүүхэд нойрондоо муудан, ядрах, орондоо шээх, тайван бус уур уцаартай болох
- Шээхэд хорсож өвдөх тохиолдол ховор боловч илрэх магадлалтай.
Хүндрэл
Ердийн цагаан хорхой нь аюултай хүндрэл учруулдаггүй ч эм бэлэг эрхтэнд орсон тохиолдолд умайн хана үрэвсэх аюултай.
Урьдчилан сэргийлэлт
- Цагаан хорхойн өндөг нь тоглоом, ор хөнжлийн даавуу, угаалтуур зэргийн гадаргуу дээр хоёр долоо хоногийн турш амьдрах чадвартай тул эдгээр зүйлст хүрсний дараа гараа заавал угааж байгаарай.
- Мөн дахин халдвар авахгүй байхын тулд хошногоны амсрыг өглөө бүр угаах, усанд орох.
- Дотуур хувцсаа өдөр бүр солих.
- Ор хөнжлийн даавуугаа бусадтай солихгүй байх.
- Загатнаж байгаа бол маажихгүй байх.
- Хүүхдийн гарыг тогтмол угаалгаж байх, хумсыг нь богино авч, завсрыг нь цэвэрлэж байх.
Оношилгоо
Хошногоны эргэн тойронд цагаан хорхой өндөг байгаа эсэхийг шинжилж тодорхойлдог. Үүний тулд үзүүртээ хөвөнтэй модоор хошногоны үзүүрийг арчиж микроскопоор өндөг байгаа эсэхийг шалгаж үзнэ.
Эмчилгээ
Цагаан хорхойг устгахын тулд шимэгч хорхойн эсрэг үйлчилгээтэй эм бэлдмэлийг эмчийн заавраар ууна. Эмчилгээг гэр бүлээрээ хийлгэх шаардлагатай.
Гэрийн нөхцөлд эмчлүүлэх боломжтой. Эмийн эмчилгээнд шимэгч хорхой маш хурдан устах боловч өндөгнүүд нь амьд байх магадлалтай. Тиймээс 2 долоо хоногийн дараа дахин эм ууна. Өтгөнд шимэгч хорхойн өндөг үлдсэн эсэхийг давтан шинжилгээгээр илрүүлэх хэрэгтэй. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд бүрэн эмчлэгдсэн гэж үзнэ.