Цөсний чулуу
Цөсний хүүдий нь цөсийг агуулдаг, хэвлийн баруун хэсэгт байрлах лийр хэлбэрийн жижиг уутанцар юм. Улмаар хүн хоол идэх үед шингээх зорилгоор уутанцраас цөс гадагшилдаг. Харин элэгнээс ялгарч цөсний хүүдийнд хуримтлагдсан цөс гадагшлахгүй удсанаар цөс өтгөрч, цаашлаад “цөсний чулуу” гэж нэрлэх хатуувтар бүтэцтэй давсархаг биет болж тогтдог.
- Холестеролын чулуу – нийтлэг тохиолддог энэ төрлийн чулуу нь ихэвчлэн шар өнгөтэй байх ба цөсний уусгаж чадаагүй холестерол бөөгнөрснөөр үүсдэг.
- Пигмент чулуу – хүрэн бор эсвэл хар өнгийн энэ чулуу нь элэгнээс хэт их билирубин ялгарснаас үүдэлтэй бий болдог.
Шалтгаан
Ялгарч буй цөсний холестеролын хэмжээ их байх – Хэвийн нөхцөлд элэгнээс ялгарсан холестеролыг цөс нь задлах чадвартай байдаг. Харин элэгнээс цөсний задалж чадахгүй хэмжээний их холестерол ялгарвал хатуулаг ширхгүүд үүсч цаашлаад чулуу болно.
Цөсөн дэх билирубины хэмжээ хэт их байх – Элэгний хатуурал эсвэл зарим төрлийн цусны өвчнүүд нь элэгнээс их хэмжээний билирубин ялгаруулах шалтгаан болдог. Энэ нь цаашлаад цөсний чулууг үүсгэнэ.
Цөсний хүүдий зөв хоослогдохгүй байх- Хэрэв цөсний хүүдий ойр ойрхон хоослогдохгүй байвал цөс өтгөрч аажмаар хатуурна. Өглөөний цайг тогтмол уух
Дараах нөхцөлүүд нь цөсний чулуутай болох магадлалыг нэмэгдүүлнэ. Үүнд:
- Эмэгтэй хүнд элбэг тохиолддог
- 60-с дээш насны хүнд
- Илүүдэл жинтэй бол
- Өөх төс ихтэй хоол хүнс ихээр хэрэглэдэг бол
- Холестерол ихтэй хоол хүнс хэрэглэдэг бол
- Ойрын хамаатан тань цөсний чулуутай бол
- Чихрийн шижинтэй бол
- Маш огцом жин хассан бол
- Холестерол бууруулах үйлчилгээтэй эм уусан бол
- Гормон тогтворжуулах эм уудаг бол цөсний чулуу үүсэх магадлал өндөр байдаг.
Шинж тэмдэг
Цөсний чулуутай хүнд тодорхой шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол элбэг байдаг боловч чулуу нь цөсний цорго, ерөнхий сувгийг бөглөвөл дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
- Хэвлийн баруун дээд хэсэгт цочмог өвдөлт өгөх
- Хэвлийн гол хэсэгт цочмог өвдөлт өгөх
- Хэвлийн өвдөлтөөс болж хөдөлгөөн хязгаарлагдах
- Арьс, нүд огцом шарлах
- Халуурах
- Бие дагжин чичрэх
- Хүзүүний баруун талаар өвдөх
- Нуруу өвдөх зэрэг ордог.
Оношилгоо
- Хэт авиан шинжилгээгээр чулуутай эсэх, хүүдийн хананы зузаарал зэргийг харна
- Компьютер томографийн тусламжтайгаар цөсний чулууг бодитоор харж болно
- Цусны шинжилгээ хийж нойр булчирхайн үрэвсэл, шарлалт болон цөсний чулуунаас үүдэж болох бусад хүндрэлүүд бий эсэхийг шинжилнэ
Эмчилгээ
Цөсний чулуу нь өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй, шинж тэмдэг илрэхгүй байгаа тохиолдолд эмчилгээ хийх шаардлагагүй. Хэрэв ямар нэгэн цорго, сувгийг бөглөж, өвдөлт, зовиур ажиглагдаж эхэлсэн бол цаг алдахгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Цөсний чулууг хайлуулах эм уух – Уг эмчилгээ нь эмчийн зааврын дагуу хийгдэх бөгөөд дур мэдэн өөрөө уух нь эрсдэл дагуулна. Эмчийн заавраар тухайн эмийг уухад чулуу нь хэдэн сар эсвэл хэдэн жилийн дараа ч уусч хайлж болно. Зарим хүнд үйлчлэхгүй байх тохиолдол ч бий. Хагалгааны аргаар цөсний чулууг авах эмчилгээ хийхэд эрүүл мэндийн байдал тэнцэхгүй бол эм уух аргыг ихэвчлэн хэрэглэдэг.
Цөсний чулууг авах хагалгаа – Цөсний хүүдий үрэвсэлтэй, олон жижиг чулуутай эсвэл том чулуу нь 1см –ээс дээш хэмжээтэй байх үед хагалгаа хийнэ. Жижиг хэмжээтэй чулуутай ч өвдөлт тогтмол өгч байгаа бол мэс засал хийх заалт болдог. Мөн баруун дал руу, баруун хавирганы нумаас өвдөж, өвдөлт нь хоол унд идэхтэй холбоотойгоор ихсээд эсвэл багасаад байгаа тохиолдолд мэс засал хийж цөсний чулууг авна.
Цөсний хагалгаанд орсон хүмүүс 4-5 удаа бага багаар хооллох хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэлт
- Өглөө, өдрийн хоолыг заавал идэх
- Огцом тураах бэлдмэл хэрэглэхгүй байж, турах оролдлогыг маш богино хугацаанд хийж болохгүй
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- Илүүдэл жингээ эрүүлээр хаях нь зэрэг нь цөсний чулуутай болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ болно.
Хүндрэл
Цөсний хүүдийн үрэвсэл – Цөсний цоргонд чулуу тээглэвэл хүүдий үрэвсэнэ. Энэ тохиолдолд хүчтэй өвдөлт өгч, халуурах шинж тэмдэг илэрнэ
Элэгний ерөнхий цоргыг хааж бөглөх – Энэ тохиолдолд арьс, шүд болон нүд шарлах бөгөөд бусад цөсний чулууны өвдөлтийн үеийн нийтлэг шинж тэмдгүүд ажиглагдана
Нойр булчирхайн цоргыг хааж бөглөх – Ингэж бөглөснөөр нойр булчирхайн үрэвсэлтэй болох эрсдэлтэй бөгөөд хүчтэй ойр ойрхон хэвлийгээр өвдөх шинж тэмдэг илэрнэ
Цөсний хүүдийн хорт хавдар – Цөсний чулуутай хүмүүс цөсний хүүдийн хорт хавдраар өвдөх магадлалтай ч энэ нь маш ховор тохиолддог өвчин