Шизофрени
Шизофрени нь архаг явцтай, дотоод шалтгаантай, сэтгэцийн хүнд эмгэгийг юм. Уг өвчний үед сэтгэцийн нэгдэл алдагдаж, сэтгэл хөдлөл буурч хомсдсоор бүр сүүлдээ хоосрон алга болдог. Өвчний шинж тэмдэг хэдэн ч насанд эхлэх магадлалтай (бүр ихэс дотор ч урагт мэдрэгдэх магадлалтай), гэвч ихэнх тохиолдолд 12-18 насанд болон 30 хүртэлх насанд анхны шинж тэмдгүүд илэрдэг гэж үздэг. Дэлхий дахинд 20 орчим сая хүн шизофрени-эр оношлогдсон байдаг.
Шалтгаан
Өвчин үүсэхэд ямар нэгэн ганднын нөлөө буюу осол гэмтэл, хордлого, архаг стресс зэрэг нөлөөлдөггүй. Дурдагдсан хүчин зүйлс нь шизофрени үүсэх явцыг түргэсгэхэд нөлөөлж болох ч уг өвчний үндсэн шалтгаан болдоггүй гэдгийг ойлгох нь зүйтэй. Шизофрени үүсгэх хүчин зүйлс болон шалтгаан нь тодорхой бус хэдий ч дараах зүйлс нөлөөлдөг гэж үздэг:
- Удамшил. Хэрвээ ихэр хүүхдийн нэг нь шизофрени-ээр өвчилсөн тохиолдолд ихрийн нөгөөдөх нь өвчлөх магадлал өөр эсийн ихрүүдэд 17% бол, нэг эсийн ихрүүдэд 48% байна. Түүнлчэн шизофренийн тал хувьд тохиолдлын мутациас үүдэлтэй буюу өөрөөр хэлбэл генетикийн өөрчлөлтийн улмаас үүдсэг гэж үздэг
- Нейромедиаторын (тархины нейроноос ялгарах биологийн идэвхт бодис) солилцоо алдагдах буюу, дофамины ялгаралтад өөрчлөлт орох нь өвчин үүсэхэд нөлөөлдөг гэж үздэг
Шинж тэмдэг
- Чихэнд “дуу хоолой” сонсогдоно
- Өөрийнхөө ер бусын итгэл үнэмшлийнхээ тухай илэрхийлэн ярьна. Жишээлбэл, өөрийгөө байгалиас давсан хүч чадалтай, ер бусын авьяс билэгтэй, ид шидтэй хэмээн итгэсэн итгэл үнэмшилд автснаа өгүүлнэ
- Биеийн ер бусын зовуурь шаналгааны талаар өгүүлэх магадлалтай. Жишээлбэл, арьс, аль нэг эрхтэн дотроо ямар нэг юм, тодруулбал хүн буюу амьтан орогнож байгаа тухай илэрхийлэн ярьна
- Эрүүл ахуйн дэглэм сахихаа болих
- Үл ойлгогдох буюу хачин байдлаар биеэ авч явах
Ихэвчлэн өвчний эхэн үед негатив шинж тэмдгүүд ажиглагдана. Үүнд:
- Сэтгэцийн нэгдэл алдагдах шинж (орчны ямар нэг үзэгдэл юмст хоёрдмол байдлаар хандах)
- Бие хүн ганцаардах шинж (нийгмээс тасархай, бусдаас хөндий, нийтэч биш, зожиг, ганцаардмал байдалд шилждэг)
- Сэтгэл зориггүйдлийн хам шинж (орчин тойронд болж байгаа үзэгдэл, юмс, үйл явдлыг сэтгэлээр мэдэрч баярлах, гомдох, хайрлах, дурлах, сэтгэл зовох зэрэг сэтгэл хөдлөл өвчний эхний үед буурч, ид үед хомсдож, төгсгөл үед алга болдог)
- Бие хүний шизофренийн өөрчлөлт (хувийн онцлогоос ондоо шинжүүд илэрч, харилцааны хэрэгцээ эрс багасч, бие даан амьдрах чадваргүй болох) гэсэн үндсэн 4 бүлэгт хуваагдана
Оношилгоо
Шизофрени өвчин нь дотроо хэд хэдэн хэлбэрт хуваагддаг. Ихэнх үед өвчтөн өөрийгөө өөрчлөгдөж байгаа, өвчилсөн байгаа гэдгээ таньж мэдэж чаддагүй тул шаардлагатай тусламж үйлчилгээг авч чаддаггүй. Эхний шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн тохиолдолд сэтгэцийн эмчид хандаж шинж тэмдгийн асуулга дээр суурилан урьдал оношийг тавьна. Цаашлаад шаардлагатай үзлэг, оношилгоонд хамрагдаж мэргэжлийн эмч оношийг батална. Олон хэлбэрт хуваагддаг тул тухайлсан онош тавьж, өөр хооронд нь болон бусад сэтгэцийн эмгэгээс ялган оношлох шаардлагатай юм. Түүнлчэн тархины өөрчлөлтөөс үүдэлтэй үүсэн гэж үзвэл КТ, СРТ зэрэг багажийн оношилгоонд хамруулна.
Эмчилгээ
Шизофрени ба шизофренит төст эмгэг бол эмчлэгддэг өвчин юм. Эмчилгээний үндсэн аргуудаас дурдвал:
Эмийн эчилгээ
Шизофрени өвчний үеийн тархины биохимийн өөрчлөлтийг зохицуулдаг эмээр эмчилнэ. Шизофрени ба бусад солиог эмчилдэг өвөрмөц эмийг солиорлын эсрэг эм буюу нейролептик гэж нэрлэдэг.
Цахилгаан таталт үүсгэх эмчилгээ
Эмийн эмчилгээгээр эмчлэхэд үр дүн өгдөггүй зарим солиог “цахилгаанаар таталт үүсгэх эмчилгээ”-гээр эмчилдэг.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх
Өвчин анх удаа хөдөлж байгаа буюу солио дахиж байгаа тохиолдолд өвчтөн өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл үйлдэх, эмчилгээнээс татгалзах зэрэг төрх үйл гаргадаг учраас түүнийг сэтгэцийн эмнэлэгт эсвэл сэтгэцийн тасагт яаралтай хэвтүүлэн эмчилнэ.
Тусламж үйлчилгээ
Шизофрени өвчний талаар өвчтөн ба түүний ар гэрийнхэнд зориулсан боловсрол олгох сургалт, сэтгэц заслын эмчилгээ, сэтгэц нийгмийн реабилитаци зэрэг олон төрлийн тусгай хөтөлбөр бий. Өвчний талаарх зохих боловсрол эзэмшснээр өвчтөн ба түүний ар гэрийнхэн уг өвчний цогц эмчилгээний тухай зохих мэдлэгтэй, бас өвчин дахихаас сэргийлэх аргатай болно.
Хооллолт, нойр ба дасгал
Ухаалаг хооллох, тогтмол нойртой ба биеийн тамирын дасгал хийх нь эрүүл байхын үндсэн хэрэгцээнүүдийн нэг юм. Өвчтөн хооллохоос татгалзах, нойргүйлэлд орох, хөдөлмөрлөх, ажиллах, сурах, хөдлөх хүсэл эрмэлзэлгүй болдог тул нөхцөл тухай бүрт тохирсон эмчилгээний аргуудыг хэрэгжүүлэх шаардлагатай юм.