Эмийн болон химийн бодисын хордлого
Эмийн болон химийн бодисын хордлого санамсаргүй тохиолдлоор эсвэл зохисгүй хэрэглээнээс үүднэ. Химийн бодисын нөлөөгөөр бие махбод, бодисын солилцоонд өөрчлөлт орох, эд эрхтэн уг бодисын нөлөөнд өртөж амь насаа алдах ч аюултай бөгөөд ийм хордлогыг хурц хордлого гэнэ.
Бие махбодод хорт бодисын орох зам:
- Амаар
- Амьсгалын замаар
- Арьс, салст өмссөн хувцсаар орох
- Эм тариагаар орох (хорт эмийн тун хэтрэх)
- Бие махбодын нүх сүвээр (шулуун гэдэс, үтрээ, гадна чихний хөндий) орох
Шинж тэмдэг
Хордсон байх магадлалтай хүнд илрэх шинж тэмдэг, нас, ямар төрлийн зүйл идэж ууснаас хамааруулан шаардлагатай гэж үзвэл түргэн тусламж дуудна.
- Нүүр амаар улайж, халуу оргих
- Химийн бодис шиг амьсгал үнэртэх
- Бөөлжих
- Дотор муухайрах
- Амьсгалах хэцүү байх
- Уймрах
Хэрэв эм, химийн бодисонд хордсон гэж сэжиглэж байгаа бол ойр хавьд эмийн хоосон сав, химийн бодисны сав байгаа эсэхийг анзаараарай.
Анхны тусламж
Эмнэлгийн тусламж ирэх хооронд дараах арга хэмжээг авна уу.
- Хортой зүйл залгисан тохиолдолд аман дотор үлдсэн зүйлийг гаргах
- Арьсан дээр хортой зүйл хүрсэн бол бээлий өмсөж байгаад арьсыг арчих, 15-20 минутын турш усаар угаах
- Нүдэнд хортой зүйл орсон бол нүдийг 20 минутын турш бүлээн усаар угаах
- Хортой зүйлээр амьсгалсан бол цэвэр агаараар амьсгалуулах
- Бөөлжиж байвал толгойг нь хажуу тийшээ харуулж хэвтүүлэх
- Амьсгалахгүй байвал хамрыг нь чимхэж ам руу нь агаараар үлээх байдлаар хиймэл амьсгал хийнэ