Ясны шохойжилт
Үений доорх мөгөөрсөнд цусны эргэлт очоогүйгээс үхчих үзэгдлийг ясны шохойжилт гэнэ. Энэ өвчнөөр ихэвчлэн хүүхдүүд болон хөгшин настай хүмүүс өвчилнө. Ясны шохойжилт нь үений үрэвсэл болох эрсдэлтэй. Хэрэв өвдөг, тохойгоор эсвэл бусад үеэр байнга өвдөж байвал эмчид заавал хандах хэрэгтэй.
Шалтгаан
Гэмтэл авсны улмаас эсвэл гүйж харайх, үсрэх зэрэг хүчтэй хөдөлгөөнийг тогтмол хийх нь яс шохойжих шалтгаан болно гэж үзнэ. Голдуу өвдөг, тохой, шагай болон бусад үенүүдийг хамарч ясны шохойжилт үүснэ.
Шинж тэмдэг
Аль үенд нөлөөлснөөс шалтгаалан өөр өөр шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:
- Өвдөлт мэдрэгдэх – Алхах, шатаар гарах, ууланд авирах, спортоор хичээллэхэд өвдөх (хүзүү хөшиж өвдөх, дал мөр хөшиж өвдөх)
- Хавдах, эмзэг болох –Үений гаднах арьс хавдаж, эмзэг болсон байна.
- Үе мултрах, гацах –Үений завсар мөгөөрс орж үе гацах, эсвэл мултрах магадлалтай
- Үе сульдах – Заримдаа үе хүчгүй болж сөхөрч унах
- Гэмтсэн хэсгийг бүрэн нугалж эсвэл тэнийлгэж чадахгүй байх зэрэг орно
Оношилгоо
Эмч зовиур өгч буй үе, ясны хэсэгт хүрч, тэмтэрч үзлэг хийдэг. Мөн дараах шинжилгээнүүдийг хийлгэсний дараа онош нарийн тавих боломж бүрдэнэ.
- Рентген зураг
- MRI
- Компьютер томографи
Эмчилгээ
Эмчилгээний хувьд, мөгөөрс салж зай гарсан бол мэс заслын аргаар эмчилнэ. Харин мөгөөрсний багахан хэсэг гэмтэж, өвдөлт өгөхгүй байгаа бол эмчилгээгүйгээр эдгэрдэг байна.
Эмчилгээ нь хэвийн хөдөлгөөнд оруулж өвчин намдаах зорилготой байх бөгөөд үений үрэвсэл болохоос сэргийлэхэд оршино. Үүнтэй холбогдуулан эмэн болон физик эмчилгээ хийж болох ба мэс заслын эмчилгээ шаардлагатай нөхцөл үүссэн байхыг ч үгүйсгэхгүй. Ихэвчлэн физик эмчилгээ 4-6 сар үргэлжилсний дараа үр дүн нь хангалтгүй тохиолдолд мэс засал хийнэ.