Даралт ихсэх
Зүрх агшин биеийн эд эрхтэн рүү цус шахах үед судасны хананд үзүүлж буй хүчийг цусны даралт гэнэ.
Олон улсын удирдамжид зааснаар 4-6 удаагийн хэмжилтээр 140/90 ммуб буюу түүнээс дээш хэмжээнд байхыг артерийн гипертензи буюу артерийн даралт ихсэх өвчин гэнэ. Хэвийн үед хүний биеийн идэвхтэй байдлаас хамаарч хүний цусны даралт хэлбэлзэж байдаг. Дасгал хөдөлгөөний үед ихсэж тайван үед буурна.
Шинж тэмдэг
Артерийн даралт ихсэлтийн үед илрэх шинж тэмдэг янз бүр бөгөөд мэдрэлийн ядаргаа , тархины цусан хангамжийн хямрал зэрэг бусад эмгэгийн үед ажиглагддаг. Түүнээс гадна артерийн даралт ихсэлтийн үед амьдралын чухал эрхтэн гэмтэх хүртэлх хугацаанд ямар нэгэн зовиур шинж тэмдэг илрэхгүй байж болно.
Тархи талаас
- Толгой өвдөх
- Толгой эргэх
- Чих шуугих
Мэдрэл сульдал
- Ядрах
- Цочромтгой болох
- Нойр хулжих
Зүрх талаас
- Зүрх өвдөх
- Зүрх дэлсэх
- Амьсгаадах
Нүд талаас
- Нүд бүрэлзэх
- Хараа муудах
Бөөр талаас
- Ам цангах
- Олон удаа шээх
Шалтгаан
Артерийн даралт ихсэлтийг шалтгаанаар нь анхдагч болон хоёрдогч гэж үндсэн 2 бүлэгт хуваана.
Анхдагч даралт ихсэлтийн шалтгаан
- Стресс бухимдал
- Таргалалт
- Давсны хэрэглээ ихсэх
- Архины буруу хэрэглээ
- Хөдөлгөөний хомсдол
- Удамшил
- Хоолны зохисгүй хэрэглээ
- Тамхидалт
Хоёрдогч даралт ихсэлтийн шалтгаан
- Бөөрний эдийн эмгэгүүд / бөөрний түүдэгэнцэрийн эмгэгүүд, бөөрний хавдар гм/
- Бөөрний артерийн эмгэгүүд /төрөлхийн гажиг, олдмол нарийсал/
- Дотоод шүүрлийн эмгэгүүд /кушингийн хам шинж, бамбай булчирхайн хордлого/
- Цусны хөдлөлзүйн эмгэгүүд /гол судасний нарийсал, гол судасны хавхлагын дутуу хаагдал/
- Эмийн бэлдмэл хорт бодис /жирэмслэлтээс хамгаалах эм, кокайн, кортикостериод/
Ангилал
Ангилал | СД (мм МУБ) | ДД (мм МУБ) | Авах арга хэмжээ
(анх удаа АД-аа хэмжүүлсэн өвчтөнд авах арга хэмжээ) |
|
Хамгийн тохиромжтой түвшин | <120 | ба | <80 | Давтан хэмжилт (5 жилд) |
Хэвийн түвшин | 120-129 | ба | 80-84 | Давтан хэмжилт (2 жилд) |
Хэвийн дээд түвшин | 130-139 | ба | 85-89 | Амьдралын хэв маяг өөрчлөх зөвлөгөө, давтан хэмжилт (1 жилд) |
Нэгдүгээр зэрэг | 140-159 | ба/эсвэл | 90-99 | Амьдралын хэв маяг өөрчлөх зөвлөгөө, давтан хэмжилт (8 долоо хоногт) |
Хоёрдугаар зэрэг | 160-179 | ба/эсвэл | 100-109 | Амьдралын хэв маяг өөрчлөх зөвлөгөө, давтан хэмжилт (3-4 долоо хоногт) |
Гуравдугаар зэрэг | ≥ 180 | ба/эсвэл | ≥ 110 | Амьдралын хэв маяг өөрчлөх зөвлөгөө, давтан хэмжилт (1-2 долоо хоногт), хэрэв нэн яаралтай, эсвэл хойшлуулшгүй эмчилгээ шаардвал яаралтай эмчлэх |
Систолийн гипертензи (СГ) | ≥ 140 | ба | <90 | Яаралтай эмчилгээ |
Оношилгоо
Артерийн даралт онош нь баталгаажсан багажаар хийсэн олон удаагийн хэмжилт дээр үндэслэнэ. Хамгийн багадаа 2 удаагийн үзлэгээр , үзлэг бүрт 2 -3 удаагийн хэмжилтийн дунджаар АД-н түвшинг тооцно.
- Асуумж авах
- Бодит үзлэг
- Шээсний шинжилгээ
- Зүрхний цахилгаан бичлэг
- Нүдний уг дурандах
Хүндрэл
Артерийн даралт ихсэх эмгэгийн артерийн судсанд болон зүрх, бөөрний эдэд гэмтэл үүсгэх эрсдэл нь өвчний үе шат болоод хэр удаан үргэлжилж байгаатай холбоотойгоор нэмэгддэг. Судасны хатууралын үед судасны ханад өөхөн хуримтлал үүсч судас нарийсч цусны урсгал хязгаарлагдна. /Тамхи татдаг, цусан дахь холестролын хэмжээ өндөр хүмүүс/Энэ нь зүрхний шигдээс, цээжний бахын гол шалтгаан болдог. Мөн цусны даралт нь зүрхний ачаалалыг нэмэгдүүлж зүрхний архаг дутагдал болгож болно. Нүдний торлог бүрхэвчийн хэсгийг тэжээж байдаг артерийн судас мөн даралт ихсэх өвчний улмаас гэмтэж олон хүндрэл үүсгэж болно.
Тархи талаас
- Криз
- Тархины цус харвалт
- Тархины цусан хангамжийн түр зуурын хямрал
Зүрхний талаас
- Зүрхний шигдээс
- Цээжний бах
- Зүрхний багтраа
- Уушгины хаван
Нүдний талаас
- Нүдний угт цус харвах
- Харааны мэдрэл , торлог бүрхэвчийн хаван
Эмчилгээ
Эмчилгээний зарчим нь амьдралын хэв маяг өөрчлөх, эмэн эмчилгээ гэсэн 2 хэсгээс тогтоно. Төгс эмчилгээг мэргэшсэн зүрх судасны эмч зөвлөх бөгөөд асуумж , бодит үзлэг, шинжилгээний хариу зэрэгт үндэслэн эмчилгээг санал болгоно.
АД буулгах эмийг дараахь үндсэн таван бүлэгт хуваадаг:
- Шээс хөөх,
- AХФС,
- Кальцийн (Са) антагонист,
- АР антагонист
- Бета- хориглогч.
АД-ын хэдэн удаагийн хэмжилтийн дундаж түвшингээс хамаарч эмэн эмчилгээг эхлэх заалт:
- Систолын Даралт ≥160 мм МУБ эсвэл Диастолын Даралт≥100 мм МУБ
- СД≥140 ммМУБ, эсвэл ДД≥ 90 ммМУБ байх боловч ЗСӨ-ний өндөр эрсдэлтэй нөхцөлүүдтэй хавсарсан бол Үүнд: Зүрх судасны өвчин, Бөөрний өвчин, Чихрийн шижин, Хувь хүний эрсдэлт хүчин зүйл, /жишээ нь нийт холестерины хэмжээ өндөр (≥8 ммоль/л) байхэрсдлийн түвшинг тогтоох хүснэгтээр нийт эрсдлийн түвшин ≥20% гарсан /
АД-ыг бууруулах зорилтот түвшин
АГ-тэй бүх өвчтөнд СД-ын түвшинг <140 мм МУБ, ДД-ын түвшинг <85 мм МУБ байлгахыг зорино.
- Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай байгаа тохиолдолд АД-ын түвшинг <130/80 мм МУБ буюу үүнээс ч доогуур байх ёстой.
- 60 ба түүнээс дээш насны хүмүүст: боломжтой бол СД-ыг 140 ммМУБ, ДД-ыг 90 ммМУБ түвшинд байлгавал зохино
- 70 ба түүнээс дээш настай өвчтнүүдэд СД-ыг 150 ммМУБ-аас дээш гаргахгүй байлгахыг зөвлөж байна.
Урьдчилан сэргийлэлт
- Давсны хэрэглээг бууруулах: Хоногт 6 гр-аас бага давс хэрэглэнэ
- Хоолны зохистой хэрэглээ : Жимс ногоогоор баялаг, тослог багатай сүү болон сүүн бүтээгдэхүүн, ханасан өөх тосны хүчил багатай, кали ихтэй бүтээгдэхүүн зонхилсон хоол хүнс нь АД-ын түвшинг бууруулдаг. Эслэг ихтэй хоол АД-ыг буулгах үйлчилгээг үзүүлдэг. Доод тал нь 8 долоо хоногийн турш хэрэглэхэд АД-ын түвшинг хамгийн дээд хэмжээгээр буулгана.
- Илүүдэл жинтэй хүмүүс жингээ бууруулах, биеийн жингээ хэвийн хэмжээнд барих : Биеийн жин болон АД-ын түвшин хоорондоо шууд хамааралтай. Биеийн өөхний хэмжээ хэт их байх нь АД-ыг ихэсгэх, АГ үүсэх урьдчилсан хүчин зүйл болдог. Бүсэлхийн тойргийн хэмжээг эрэгтэйчүүдэд 90 см, эмэгтэйчүүдэд 80 см-ээс бага байх хэрэгтэй . Биеийн жинг 5 кг хасахад СД 4 мм МУБ-аар, ДД 2 мм МУБ-аар тус тус буурдаг. Биеийн жинг хэдий чинээ хасаж чадна төдий чинээ АД-ын түвшинг бууруулна.
- Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх : Архийг хэтрүүлэн уух нь тархинд цус харвах эрсдэлт хүчин зүйлсийн нэг болдог. Мөн архи нь АД буулгах эмийн нөлөөг сулруулдаг.
- Өдөр бүр биеийн дасгал хөдөлгөөн хийх: Хөдөлгөөний дутагдал нь АД-ын ихсэлт болон ЗСӨ-ний нас баралттай шууд хамааралтай байдаг. АГ-тэй хүмүүст биеийн тамирын дасгал (аэробик, тэвчээрийн дасгал) хийлгэснээр СД болон ДД-ын түвшинг 7/5 мм МУБ-аар тус тус бууруулж чадна. Суугаа амьдралын хэв маягтай өвчтөнд дунд зэргийн эрчимтэй дасгал, хөдөлгөөнийг өдөрт 30-45 минут тогтмол хийх хэрэгтэй.
- Тамхинаас татгалзах: Тамхинаас гарах нь амьдралын хэв маягийг өөрчлөх арга хэмжээнүүдээс хамгийн үр дүнтэй нь бөгөөд дангаар хэрэгжүүлэхэд ЗС-ны олон өвчнөөс сэргийлж чаддаг урьдчилан сэргийлэлтийн том арга хэмжээ юм