Хөлдөлт
Хөлдөлт гэдэг нь арьс болон арьсны доорх өөхөн давхарга хүйтэн зүйлд удаан хугацаанд хүрснээс, хүйтэн газар удаан хугацаанд байснаас, хөлдөөх чанартай химийн бодист хүрснээс үүдэн гэмтэхийг хэлнэ. Ихэнх тохиолдолд гар хөлийн хуруу, хамар, чих, хацар, эрүү хөлддөг.
Хөлдөж эхлэхэд арьс гэмтэн, өнгө нь өөрчлөгдөх, халуу оргиж эхлэх шинж тэмдэг ажиглагдах бөгөөд зөвхөн хөлдөлт явагдаж эхэлсэн бол арьсыг хүнд гэмтээхгүй. Харин хүнд зэргийн хөлдөлт нь арьс, арьсан доорх өөхөн давхарга, булчин, ясыг гэмтээх аюултай.
Шалтгаан
Нөлөөлөх хүчин зүйлс:
- Хүйтнийг мэдрэх мэдрэмжийг багасгадаг өвчтэй байх
- Алкоголь болон мансууруулах бодисын зохисгүй хэрэглээ
- Тамхи татах
- Айдас, сэтгэлзүйн тогтворгүй байдал
- Хөгшин хүн байх тохиолдолд хүйтнийг мэдрэхгүй байх магадлалтай.
Шинж тэмдэг
Эхлээд даарч байгаад хатгаж байгаа мэт мэдрэмж төрөх
- Бадайрах
- Арьсны өнгө улаан, цагаан, шар болох
- Арьс хатуурах
- Булчин хөшиж хөдлөхөд бэрх болох
- Дулаацсаны дараа улайх
Хөлдөх үед арьс бадайрдаг тул хөлдөж байгаагаа анзаарахгүй байж болно.
Үе шат:
- Хөлдөж эхлэх – Хөлдөлтийн эхний шат бөгөөд арьсны өнгө цайрч, маш ихээр даарна. Улмаар хөлдөж буй хэсгийг зүүгээр хатгаж байгаа мэт санагддаг. Дулаацах үед өвдөлт мэдрэгддэг. Хөлдөлт эхэлсний дараа дулаан газар байснаар хэвийн болох боломжтой.
- Өнгөн хөлдөлт – Энэ хөлдөлтийн дараагийн үе бөгөөд арьс улайж, цагаарч, цайж ажиглагдана. Арьс зөөлөн байх боловч арьсан доорх өөхөн давхарга зайрмагтаж эхэлсэн байдаг. Арьс дулаацаж байгаа мэт санагдах боловч энэ нь маш аюултай нөхцөл юм. Хэрэв энэ үед дулаацаж чадвал арьсны өнгө бараан хөх эсвэл ягаан өнгөтэй болох бөгөөд хатгуулж өвдөх, шатаж буй мэт өвдөлт ажиглагддаг. 24-36 цагийн дараа цэврүү үүснэ.
- Гүн хөлдөлт – Хөлдөлт үргэлжлэх тусам арьсны бүх давхаргуудад нөлөөлөх бөгөөд даарах мэдрэмж ч төрөхөө байж, хөлдсөн хэсэг бадайрна. Улмаар өвдөлт, дааралт, бие эвгүйцэх бүх мэдрэмжүүд арилж, булчин хөшиж хөдлөхөө больдог. Энэ үед дулаацвал 24-48 цагийн дараа том цэврүүнүүд үүсэх бөгөөд хөлдсөн хэсэг харлаж, хатууран үхэждэг. Үхэжсэн хэсгийг тайрч авна.
Хүндрэл
- Хүйтэнд хэт мэдрэг болох
- Дахин хөлдөх магадлал нэмэгдэх
- Үе мөчний үрэвсэлтэй болох
- Хүүхдийн хувьд хөлдсөн хэсэг хурдан үхэждэг
- Халдвар авах
- Буглаа үүсэх
Урьдчилаг сэргийлэлт
- Хэт хүйтэнд явахгүй байх
- Дулаан хувцаслах
- Чихний хамгаалалт зүүх
- Хурууны бээлий өмсөх
- Алкоголь уухгүй байх
- Дасгал хөдөлгөөн хийж цусны эргэлтийг сайжруулах
Зөвлөгөө
- Эмэн эмчилгээг эмчийн заавраар уух
- Дахин даарахгүй байх
- Хөлдсөн хөл дээр явахгүй байх
- Хөлдсөн гараар юм хийхгүй байх
- Халуун зүйлд хүрэхгүй байх
- Цэврүүг хагалахгүй байх
Эмчилгээ
Хөлдөлтийг эмчлэхэд анхан шатны тусламж үзүүлэх ба хөлдөлтийн аль үед байгаагаас хамааран эмэн эмчилгээ хийх арга хэмжээ авна. Маш хөнгөн хөлдөлтийг анхан шатны тусламжаар бүрэн эмчлэх боломжтой боловч бусад тохиолдолд заавал эмчилгээ хийнэ.
Анхан шатны тусламж
- Хөлдсөн хэсгийг сугаруу хийх
- Хүйтэн газраас холдох
- Хөлдсөн хэсгийг удаанаар дулаацуулах
- Эхлээд хүйтэн усанд 5-15 минут хийнэ
- Дараа нь бүлээн усанд 10 минут байлгана
- Хөлдсөн хэсгийг шууд халааснаар түлэгдэх магадлалтай.
- Нэгэнт хөлдсөн хэсгийг дахин хөлдөөхгүй байхыг анхаарах
- Өвчин намдаах эм уух
- Хөлдсөн хөл дээр явахгүй байх, Таяг тулах
- Хэрэв цэврүү үүссэний дараа бадайрсан хэвээр байвал эмчид хэлэх
Эмэн эмчилгээ
- Үрэвслийн эсрэг эм
- Өвчин намдаах эм
- Шархлааг эдгээх эмчилгээ
Хэрэв хөлдсөн хэсэг үхэжсэн бол хагалгааны аргаа тайрч авна.