Та коронавирусийн эсрэг вакцин тариулах уу?
2019 оны сүүлээс дэлхий нийт цоо шинэ цар тахалтай нүүр тулж өдгөө 2 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй. 120 гаруй сая хүн халдвар авч олон ч хүн амь насаа алдсан. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд оношилгоо, эмчилгээ, вакцин гэх гурван ажил дээр хүчээ нэгтгэсний ачаар вакцин ч хэрэглээнд нэвтэрсэн билээ. Гэвч вакцины эргэн тойронд олон эргэлзээ бий болж эхэлсэн. Сонголтыг та хийх ч бид танд зориулан вакцины талаар мэдэх ёстой зүйлсийг нэгтгэн хүргэж байна.
Вакцин гэж юу вэ?
Хүн төрөлхтний хөгжлийн явцад бий болсон анагаах ухааны нээлтүүдийн онцлон цохох ололт амжилтын нэг бол вакцин. Анх 1796 онд Эдвард Женнер тухайн үед элбэг тархсан, эмчилгээгүй гэгдэж байсан салхин цэцэг өвчний вирусийг номхотгох тарилгыг бүтээснээр вакциныг маш хурдан хэрэглээнд нэвтрүүлсэн түүхтэй. Вакцин нь өвчин үүсгэгч төлөөл болсон микробын хор, үхүүлсэн болон сулруулсан үүсгэгчийг агуулдаг. Эдгээр нь хүний биеийн дархлааны урвалыг өдөөж, ой санамжийн эсүүдийг биед бий болгодог. Жинхэнэ өвчин үүсгэгч хүний биед орж ирэхэд дархлааны тогтолцоо хурдан хариу үзүүлэх боломжтой болдог гэж ойлгож болох юм.
Коронавирусийн вакцин бүтсэн онцлог, яагаад ийм богино хугацаанд хэрэглээнд нэвтэрсэн бэ?
Коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэхийн тулд дэлхийн бүх улс орнууд энэхүү өвчнийг ялан дийлэх зорилготой хамтран эв нэгдэлтэй ажиллаж чадсан. Энэ нь ч вакцин хурдан хугацаанд бий болоход том тус болж чадлаа. ДЭМБ, 192 улсын эрүүл мэндийн байгууллагууд, Европын холбоо зэрэг олон хүмүүс цар тахал дэгдсэний дараагаар оношилгоо, эмчилгээ, вакцин гэх 3 ажил дээр хурдасгасан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эдийн засаг талаас ч дэмжих ажлуудыг хийсэн юм. Эдгээр нь вакциныг хурдан хугацаанд гаргаж ирэхэд хөшүүрэг болсон хүчин зүйлс юм. Тодруулбал, зөвхөн вакциныг бүртгэх баримт бичгийн ажилд л гэхэд ойролцоогоор 4-5 жил зарцуулагддаг. Иймд, хурдсагсан хөтөлбөрийн дагуу эдгээр ажлууд дээр 3-4 жилийг хэмнэсэн гэж ойлгож болно.
Вакцинд хамрагдсаны дараагаар ямар хариу урвалууд илрэх вэ?
Сая гаруй хүний хамрагдсан судалгаанаас үзэхэд вакцин тариулсан хэсэг газарт өвдөх шинж тэмдэг 67%, толгой өвдөх 28, бие сульдаж, ядрах 20 гаруй хувьд, халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг нь бага хувьд илэрсэн байна. Мөн 10-11 хүнд анафилаксийн шоконд орсон, гэвч эдгээр хүмүүс нь урьд өмнө нь эм, эмийн бүтээгдэхүүнээс харшилж, анафилаксийн шоконд орж байсан нь батлагдсан байна. Иймд вакцинд хамрагдахын өмнө харшлын асуумж бөглөх шаардлагатай. Ямар ч вакцин тариулсны дараа хүний биед дархлааны хариу урвалын шинж тэмдэг илрэх ба коронавирусийн вакцин ч мөн адил юм.
Одоогийн байдлаар дэлхийд вакцинд хамрагдсан хүний тоо 200 сая хол давсан ба эдгээр хүмүүст ноцтой сөрөг үр дагавар илрээгүй байна.
Вакцинд хамрагдсаны дараа хэдэн хувийн дархлаа тогтдог ба ямар хугацааны давтамжтай хийлгэх шаардлагатай вэ?
Хийлгэх шаардлагатай вакцины хоёр тунгийн хоорондох зай үйлдвэрлэгчийн заавраас хамааран харилцан адилгүй бөгөөд дунджаар 4-12 долоо хоног байна.
Тогтох дархлаа хувиар:
AstraZeneca | 62-90% |
Moderna | 95% |
Pfizer | 95% |
Спутник | 92% |
Яагаад хоёр тун тариулах шаардлагатай вэ?
Эхний тунгийн дараагаар хүний биед уг вирусийг таниулан, дархлааны урвал өрнөж ой санамжийн эсүүд бий болно. Харин хоёр дахь тунгийн дараа тухайн санамжийн эсүүд тухайн өвчний эсрэг үр дүнтэй дархлааны урвал үзүүлж чаддаг болох мэдээллүүд нь хүний биед бий болж байгаа юм. Санамжийн эсүүд хүний биед 6-12 сарын хугацаанд хадгалагдана.
Жирэмсэн болон хөхүүл эхчүүд вакцинд хамрагдахад ямар эрсдэл үүсэх магадлалтай вэ?
Жирэмсний эхний гурван сард эд, эрхтэн, ураг хөрвөл гэх чухал явцууд явагдаж байдаг тул энэ хугацаанд вакцинд хамрагдахгүй байхыг зөвлөж байна. Гэвч жирэмсэн эх давхар судлалын заалтаар тариулмаар байна гэсэн хувийн сонголтыг хийх эрх бий. Хөхүүл ээжийн хувьд мөн адил давхар судлалын заалтын дагуу, ажил мэргэжлийн онцлогоос хамааран өөрийн сонголтоор вакцинд хамрагдах сонголт бий. Одоогийн байдлаар жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн вакцинд хамрагдсаны дараах хариу урвал төдийлөн тодорхой болоогүй байгаа тул тариулахад чөлөөтэй гэсэн мэдээлэл хомс байна.
Хэдий вакцинд хамрагдсан ч дархлааны санамжийн эсүүд хүний биед үүсэхэд тодорхой хугацаа шаардлагатай байдаг тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагаж мөрдсөн хэвээр байх нь зүйтэй!
Мэдээлэл өгсөн:
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын
хэрэгжилтийг зохицуулах гзрын дарга
Л. Энхсайхан
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube