Сулралтай болсноор бэлгийн амьдрал зогсох уу?
Эрчүүдийн амьдралд багагүй нөлөө үзүүлдэг асуудлуудын нэг бол яах аргагүй бэлгийн сулрал юм. Судалгаанаас үзэхэд 40-өөд насны эрчүүдийн 5%, харин 65 настай эрчүүдийн 15-25% нь бэлгийн сулралтай байдаг аж. Нас ахих тусам бэлгийн сулралтай болох магадлал нэмэгддэг. Гэвч залуу эрчүүдэд мөн тохиолдох хандлагатай. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар 40-өөс доош насны эрчүүдийн 26 орчим хувь нь бэлгийн сулралтай байгааг тогтоожээ.
Гэвч зарим тохиолдолд залуу эрчүүд бэлгийн харьцааны гүйцэтгэлд хэт их сэтгэл зовнисноос болж анхаарал өөр зүйлд төвлөрдөг. Үүнээс үүдэж бэлэг эрхтэн хангалттай хөвчрөхгүй байх тохиолдлууд байдаг гэнэ. Түүнчлэн нийгэмд тогтсон “стандарт”-аас болж өөрсдийгөө бэлгийн сулралтай гэж оношлох нь ч багагүй нэмэгдсэн гэхэд хилсдэхгүй.
Клевлэнд Клиникийн хийсэн судалгаанаас үзэхэд бэлгийн харьцааны 20 хүртэлх хувьд бэлэг эрхтний хөвчрөлийг хадгалахад хүндрэлтэй байх нь хэвийн үзэгдэл гэж үздэг аж. Харин 50-иас илүү хувьд энэ нөхцөл давтагддаг бол эрүүл мэндийн асуудалтай холбоотой гэж үздэг байна.
Бэлгийн сулрал үүсгэгч эрсдэлт хүчин зүйлсийг дараах байдлаар ангилна:
- Нас
- Чихрийн шижин
- Таргалалт
- Сэтгэл гутрал
- Бусад хүчин зүйлс /хорт зуршил, цусны даралт өндөр байх, зарим эм, тариа, нойргүйдэл, бусад эмгэгүүд/
Харамсалтай нь бэлгийн сулралаас урьдчилан сэргийлэх боломж бараг үгүй тул биеийн ерөнхий эрүүл мэндэд зохих шаардлагатай анхаарал хандуулахад эрт тулгарах магадлалыг бууруулах боломжтой юм.
- Стресс бууруулах
- Чихрийн шижин болон бусад эрүүл мэндийн асуудлыг эмчийн хяналтад шийдвэрлэх
- Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Тамхи, хориотой бодисын хэрэглээнээс зайлсхийх
Бэлгийн сулрал бий болсон шалтгаанаас хамааран эмчилгээний хувьд харилцан адилгүй байна. Үндсэн аргуудадаас дурдвал:
- Эмийн эмчилгээгээр бэлэг эрхтний булчинг чангаруулж цусны эргэлтийг сайжруулах
- Хөвчрөлийг сайжруулах тариа тарих, лаа хийх, мэс ажилбарын гэх мэт багтана
- Сэтгэл зүйн шалтгаант бэлгийн сулралыг мэргэжилтэнтэй ярилцаж шаардагатай сэтгэл заслын эмчилгээг хийлгүүлэх боломжтой байдаг аж.
ЗӨВЛӨМЖ
- Алхаж эхэл. Харвардын хийсэн судалгаанд өдөрт ердөө 30 минут алхах нь бэлгийн сулралын эрсдэлийг 41%-иар бууруулдаг гэж үзсэн байна. Мөн таргалалттай дунд насны эрчүүд дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр бэлгийн чадавх сэргэхэд эерэг нөлөө үзүүлдэг гэжээ.
- Зөв хоолло. Массачусетсийн их сургуулиас хийгдсэн эрчүүдийн хөгшрөлтийн талаарх судалгааны үр дүнд жимс, ногоо, үр тариа, загас, болон цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь бэлгийн сулралын магадлалыг бууруулдаг гэж үзжээ.
- Зүрх, судасны тогтолцоонд анхаарал хандуулах. Цусны даралт ихсэх, холестерин, триглицерид ихсэх зэрэг нь зүрхний шигдээс, тархинд цус харвалт үүсгэх эрсдэлийг дагуулдаг. Үүний үр дагаварт бэлэг эрхтний үйл ажиллагаанд мөн доголдол үүсдэг байна.
- Биеийн хэмжээ чухал! 106 см болон 82 см бүсэлхийн тойрогтой эрчүүдийг харьцуулахад том бүсэлхийн тойрогтой нь бэлгийн сулралд өртөх магадлал 50%-иар илүү байдаг байна. Жингээ хэвийн хэмжээнд барих нь бэлгийн сулралын эсрэг авч буй чухал арга хэмжээнүүдийн нэг юм. Илүүдэл өөх тос нь хэд хэдэн дааврын үйл ажиллагаанд саад учруулдаг бөгөөд энэ нь мөн асуудлын нэг хэсэг болох эрсдэл дагуулдаг.
- Булчингаа хөдөлгө. Гэхдээ энэ удаад таны цээжний булчингийн тухай биш юм. Их Британид хийгдсэн нэгэн судалгаагаар өдөрт 3-аас доошгүй удаа кегелийн дасгал (тухайн орчны булчингуудыг ажиллуулах) хийх нь бэлэг эрхтний эрүүл мэнд, бэлгийн амьдралд эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг баталжээ.
Хэрэв та өөрийн бэлгийн амьдралд сэтгэл дундуур, асуудал бий гэж таамаглаж байгаа бол дараах асуулгыг бөглөхийг зөвлөж байна.
Шодойн хөвчрөлийг тодорхойлох асуулга
- Та өөрийн шодойн хөвчрөлийг хэр зэрэг гэж үнэлэх вэ?
Маш муу | Муу | Дунд зэрэг | Сайн | Маш сайн |
1 | 2 | 3 | 4 | 5 |
- Шодой хангалттай хатуурч хөвчрөх нь хэр зэрэг вэ?
Бараг үгүй | Талаас бага | Тал хувьд | Ихэнхдээ | Тогтмол |
1 | 2 | 3 | 4 | 5 |
- Бэлгийн хавьтлын үед шодойг үтрээнд хөвчирсөн байдлаар удаан байлгаж чадах уу?
Бараг үгүй | Талаас бага | Тал хувьд | Ихэнхдээ | Тогтмол |
1 | 2 | 3 | 4 | 5 |
- Шодойг бэлгийн хавьтал дуустал хөвчирсөн байдалд барих нь хэр хүнд асуудал вэ?
Маш хүнд | Хүнд | Хүндхэн | Бага зэрэг | Хүнд биш |
1 | 2 | 3 | 4 | 5 |
- Бэлгийн хавьтлын дараа сэтгэл ханамжтай байдаг уу?
Бараг үгүй | Талаас бага | Тал хувьд | Ихэнхдээ | Тогтмол |
1 | 2 | 3 | 4 | 5 |
Асуулгын оноог нэгтгэн хөвчрөх үйл ажиллагааны зэргийг тодорхойлно уу
Хэрэв та 22-оос бага оноо авсан бол онош тогтоох зорилгоор эмчид хандахыг зөвлөж байна.
22-25 | шодойн хөвчрөл хэвийн |
17-21 | хөнгөн |
12-16 | хөнгөнөөс дунд |
8-11 | дунд |
5-7 | хүнд |
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой тул өөрт илрэх шинж тэмдгийг анхааралтай ажиглаж шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.