Монголчууд гадаадад эмчлүүлэхэд жилд 5 сая долларыг зарцуулдаг!
Эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж, олон эмгэгийг эрт илрүүлэх, бүрэн эмчлэх боломжтой болсон билээ. Энэ жишгийн дагуу Монгол улсын эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд ч мөн адил олон улсын стандарт үйлчилгээг ард иргэддээ үзүүлэх болсон нь сайшаалтай. Гэвч зарим өвчин, эмгэгийн бид эх орондоо эмчлэх боломжгүй хэвээр байна.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/370 тушаалаар баталсан Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад 26 өвчин багтсан байдаг. Уг өвчлөлийн эмчилгээний зардалд яамны зүгээс буцалтгүй санхүүгийн дэмжлэг олгогддог аж. Гэвч онош хожуу тодорсон, эмчилгээний хугацаа тулсан тохиолдолд хувийн санхүүгээс зардал гарах, өр зээл тавих, ард иргэдээс тусламж хүсэхээс өөр аргагүй болно. Сүүлийн жишээг бид олонтаа ажигладаг гэвэл хилсдэхгүй болов уу.
Монгол Банкнаас гадаадад эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилгоор аялагчдын дунд хийгдсэн судалгааны үр дүнгээс үзэхэд жилд дунджаар 21.700 гаруй иргэн гадаад улсыг зорьдог аж. Ингээд танд судалгааны голлох үзүүлэлтүүдээс товч танилцуулъя.
Гадаад улсад эмчилгээ хийлгэсэн иргэдийн дундаж наслалт болоод зарцуулсан хугацааны хувьд
Нийт судалгаанд оролцогсдыг зорьсон улсаар ангилан харвал дийлэнх хувь нь БНХАУ, БНСУ-ыг зорьсон байна. Үлдсэн хувь нь Тайланд, Энэтхэг, Турк, Сингапур зэрэг улсыг зорьдог аж. Насны хувьд хамгийн бага нь 4 сартай, хамгийн ахмад нь 85 настай байгаа бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ авахаар гадаад улсыг зорьж буй иргэдийн дундаж наслалт 38 байгаа юм.
Харин эмчилгээ, үйлчилгээний төрлөөр авч үзвэл 78% нь мэс засал, 15% нь үзлэг оношилгоо, 4% нь эмчилгээ сувилгаа, 2% нь давтан эмчилгээ, 1% нь бусад эрүүл мэндийн үйлчилгээ буюу гоо сайхны мэс ажилбар, амаржих зэрэг үйлчилгээг авчээ.
Хугацааны хувьд авч үзвэл хамгийн их хугацааг зарцуулсан иргэн 1095 хоног байгаа бол хамгийн баг нь 1 хоног зарцуулжээ. Нэгтгэн тооцоход иргэд дунджаар 64 хоног зарцуулдаг гэсэн үр дүн гарсан байна.
Гадаад улсад эмчлүүлэгчдийн дундаж зардлын тухайд
Доорх хүснэгтэд эрүүл мэндийн үйлчилгээ авсан төрлөөр нь нэг хүнээс гарах дундаж зардлыг харж болох юм.
Үйлчилгээний төрөл | Зардал |
Мэс засал | $37,300 |
Үзлэг, оношилгоо | $3,171 |
Эмчилгээ, сувилгаа | $4,450 |
Давтан эмчилгээ | $4,000 |
Бусад | $1,100 |
Эдгээр зардлууд нь нийт судалгаанд оролцсон иргэд болон тэдгээрийн нийт зардлыг дүйцүүлэн тооцсон тул харьцангуй байх магадлалтай. Түүнчлэн эмчлүүлэгч иргэний нислэг, байрлах байр, хоол хүнсний зардал, асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдийн зардлыг тооцоогүй болно.
Сүүлийн 3 жилийн дунджаар гадаад улс руу эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчсон иргэдийн нийт зардал дунджаар $5,400,404 байгаа юм.
Иргэд гадаадад эмчлүүлэхийн давуу болон сул талуудыг дараах байдлаар тодорхойлсон байна
Давуу талууд:
- Оношилгоо үнэн зөв
- Эмчилгээний чанар, түргэн шуурхай байдал
- Эмнэлгийн орчин нөхцөл, тоног төхөөрөмжийн чанар
- Эмч, эмнэлгийн ажилтнуудын ёс зүй, ажлын хариуцлага
- Өвчтөн болон эмч хоорондын харилцаа
- Эмч мэргэжилтний ур чадвар, ажлын туршлага
- Эм, эмнэлгийн хэрэгслийн олдоц, чанар, эмийн гаж нөлөө бага байдал
- Оношилгоо эмчилгээг нэг дор хийх чадвартай, эмчилгээний явцын хяналт сайн
- Хүнд суртал багатай зэрэгт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
Сул талууд:
- Эмчилгээний зардал өндөр
- Цаг хугацаа их шаарддаг
- Гадаадад удаан хугацаанд эмчилгээ оношилгоо хийлгэхэд сэтгэл зүйн асуудлууд үүсдэг
- Эмчилгээний төлбөрөөс гадна бусад зардал өндөр
- Онош тодорхойгүй хугацаа алдах нөхцөлд зардал төлөвлөснөөс их гарах эрсдэлтэй зэрэг сул талуудыг дурдсан байна
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаарх хүргүүлсэн саналуудын тухайд
- Эмнэлгийн хүртээмж, нөхцөл муу, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн дутмаг
- Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо муу, хавдрын эрт илрүүлгийг хийж чаддаггүй
- Шинжлэх ухааны дэвшилтэт эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлж чаддаггүй, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу
- Шинжилгээнүүдийг нэг дор цогцоор авдаггүй
- Лабораторийн шинжилгээний хариуг эмнэл зүйн онош болгох ур чадвар дутмаг
- Эмнэлгийн ажилтнуудыг цалин хангамж бага тул хүнд суртал, авилга их
- Эмч, эмнэлгийн ажилтан болон өвчтөн хоорондын харилцаа муу
- Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хооронд уялдаа холбоо муу
- Мэс заслын дараах хяналт, эмчилгээ хангалттай хийгддэггүй
- Ижил мэргэжлийн эмч нарын гаргасан онош зөрдөг
- Гадаадаас оруулж ирдэг эм хэт өндөр үнэтэй. Зарим чухал шаардлагатай эм улсын бүртгэлд байдаггүй тул гаднаас эм оруулж ирэхэд хүндрэл үүсдэг
- Хувийн эмнэлгүүдийн төлбөр өндөр
- Хариуцлагын тогтолцоо байдаггүй, буруу онош тавьж, эмчилгээ хийсэн нь илрэхэд хариуцлага хүлээх хүн олддоггүй
- Зүрхний хэм алдагдлын мэс засал гардан хийх мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай зэрэг асуудлыг хамгийн хүндрэлтэй гэж тодорхойлсон байна.
PS: Энэхүү нийтлэл нь мэдээлэл өгөх зорилготой. Хэрэв та уг судалгааны талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарж үзнэ үү.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube