Чонон яр
Хүний биеийн дархлаа систем гадны нөлөө, халдвар, өвчин эмгэгээс биеийн эд эсүүдийг хамгаалах механизмтай байдаг. Гэтэл зарим тохиолдолд энэ үүргээ биелүүлж чадахгүйд хүрч эд эрхтнүүдээ гэмтээж, үрэвссэнээр системийн чонон яр (Systemic lupus erythematosus) өвчин үүсдэг. Чонон яр нь автоиммун буюу өөрийн дархлааны өвчний нэг төрөл юм.
Системийн чонон яр нь арьс, үе мөч, бөөр, цусны эсүүд, тархи, зүрх, уушги гэх мэт олон эрхтэн системийг үрэвсүүлдэг. Бусад арьсны өвчинтэй төстэй шинж тэмдэгтэй учраас оношлоход төвөгтэй байдаг.
Шалтгаан
- Генетикийн нөлөөгөөр: Эрдэмтэд тус өвчинтэй холбоотой 50 гаруй генийг олж тогтоосон. Түүнчлэн гэр бүлд нь уг өвчнөөр өвчилж байсан түүх байгаа бол удамших магадлалтай гэж үздэг.
- Даавар: Судалгаагаар зарим дааврын тэнцвэргүй байдал, жишээ нь эстроген даавар өндөр байх нь чонон яр үүсэхэд нөлөөлдөг болохыг тогтоосон.
- Гадаад шалтгаан буюу хэт ягаан туяа, вирусийн халдвар, стресс, гэмтэл зэргийн улмаас үүсдэг.
- Эмийн хэрэглээ: Гидралазин (нэг төрлийн даралтны эм), хинидин (нэг төрлийн зүрхний хэм алдагдалтын эм) гэх мэт зарим төрлийн эмийг урт хугацаанд хэрэглэх нь эмнээс үүдэлтэй чонон яр үүсэхэд нөлөөлдөг гэсэн судалгаа бий. Түүнчлэн, маш цөөн тохиолдолд миноциклин, тетрациклин зэрэг антибиотикийн төрлийн эм уг өвчин үүсэхэд нөлөөлж болдог.
Шинж тэмдэг
- Ядарч сульдах
- Үе мөчөөр өвдөх, хавдах, хөших
- Хоёр хацар улайх
- Амьсгал давхцах
- Цээж дарж өвдөх
- Нүд хуурайших
- Толгой өвдөх
- Мартаж санах
- Хүйтэнд мэдрэг байх
Ихэнх хүмүүс хөнгөн хэлбэрийн чонон яр туссан байдаг бөгөөд нүүр, арьсаар улайлт өгөх шинж тэмдэг илэрнэ. Энэ улайлт нь тодорхой шалтгаангүйгээр хэсэг хугацааны дараа арилах эсвэл хүндрэх тохиолдол байдаг.
Оношилгоо
- ДНХ-ийн нарийвчилсан шинжилгээ
- Шээсний шинжилгээ
- Серологийн шинжилгээ
Эмчилгээ
Хэдийгээр энэ өвчнийг бүрэн эдгээх боломжгүй ч шинж тэмдгүүдийг арилгах боломжтой. Архаг явцтай, дахимтгай өвчин бөгөөд хавар зуны улиралд сэдэрч болзошгүй. Тиймээс гадаад шалтгаанаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Нарнаас хамгаалах тос түрхэх, хувцас өмсөх, дасгал хөдөлгөөн хийх зэрэг энгийн аргууд эмчилгээнд үр дүнтэй. Эмийн эмчилгээний зорилго нь урхаг үлдэц, хүндрэлээс сэргийлэх юм.
Урьдчилан сэргийлэх
- Нарнаас өөрийгөө хамгаалах буюу шүхэр барих, нарны тос түрхэх г.м
- Эмчид тогтмол үзүүлэх
- Тамхи татахгүй байх
- Жимс ногоо болон бүхэл үрийн хүнс хэрэглэж байх зэрэг нь тус болно
Хүндрэл
Чонон яраас үүдэн бусад эрхтнүүд үрэвсэх аюултай. Үүнд:
- Бөөрний үрэвсэл, бөөрний дутагдал – Бие загатнах, цээж өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, хөл хавдах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
- Тархи болон төв мэдрэлийн тогтолцоо – Тархинд нөлөөлсөн бол толгой өвдөх, толгой эргэх, ааш занд өөрчлөлт орох, хий юм харах, харвалт өгөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн мартаж санадаг болох магадлалтай.
- Цус болон судас – Цус өтгөрч, судас үрэвсэхэд хүргэж болно.
- Уушги – Уушгинд нөлөөлөх тохиолдол элбэг бөгөөд хатгалгаа тусах эрсдэлтэй.
- Зүрх – Зүрхний үнхэлцэг хальж үрэвсэх аюултай.