Тулай
Үеэр улайж, хүчтэй өвдөх шинж тэмдэг ажиглагдах өвчнийг тулай гэнэ. Ихэвчлэн хөлийн эрхий хуруунд ажиглагддаг. Тулай нь хэнд ч тохиолдож болох ба хэрх өвчний нэг хэлбэр гэж үздэг. Бүх насны эрчүүд болон цэвэршсэн эмэгтэйчүүд энэ өвчнөөр өвчлөх нь элбэг байна.
Хөлийн эрхий хуруу халуу оргиж шөнө дунд сэрэх, бага зэрэг хөндөх төдийд өвдөх, хавдах байдлаар шинж тэмдэг илэрдэг.
Шалтгаан
Үенд шээсний хүчлийн давс хуримтлагдаж, талст бүрэлдэхэд тулай өвчин үүсдэг. Эдгээр талст нь үеийг үрэвсүүлэн өвдөлтийг бий болгодог байна.
Хүний биеэс шээсний хүчил ялгарч байдаг бөгөөд архи, пиво, чихэрлэг ундаа уухад илүү ихээр ялгардаг. Хэвийн үед шээсний хүчил нь цусанд задран бөөрөөр дамжиж шээс болно. Харин шээсний хүчил их хэмжээгээр ялгарч байгаа тохиолдолд цусанд задарч амжилгүй өтгөрч үенд талст үүсгэдэг.
- Шээсний хүчил их хэмжээгээр ялгаруулах зүйлс хэрэглэх буюу хэт чихэрлэг ундаа уух, архи, пиво, давс, далайн хүнс ихээр хэрэглэх
- Илүүдэл жин, хэт таргалалт
- Нойрны дэглэм алдагдах буюу шөнийн цагаар унтахгүй, өдрийн цагаар хэт их унтах
- Чихрийн шижин, зүрхний өвчин, бөөрний өвчний үед
- Удамшил
- Биеийн хүчний хэт өндөр ачаалалтай ажил хийх зэрэг нь тулай өвчин үүсгэхэд нөлөөлдөг.
Шинж тэмдэг
Шөнө дунд гэнэт өвчилсөн хэсгээр халуу оргиж өвдөх шинж тэмдэг ажиглагддаг. Мөн:
- Үеэр хүчтэй өвдөх – Ихэвчлэн хөлийн эрхий хуруунд ажиглагддаг боловч шагай, гарын хуруу, бугуй хэсгээр өвчилж болно.
- Үеэр янгинах – Хэдэн өдрийн турш янгинаж өвдөх ба удах тусам бусад үеэр өвдөлт нэмэгдэж эхэлдэг.
- Үрэвсэж улайх – Өвчилсөн үеэр хавдаж, улайх, хүрэх төдийд өвдөх
- Хөдөлгөж болохгүй болох зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Хэзээ эмчид хандах вэ?
Үеэр гэнэт хүчтэй өвдөж эхэлбэл яаралтай эмчид хандах хэрэгтэй. Үеэр халуун оргиж өвдөх нь үрэвсэж байгаагийн шинж юм. Өвчин газар аваагүй, тухайн хүнд суурь архаг өвчин байхгүй бол хурдан эдгэрдэг өвчин. Харин шинж тэмдэг, өвдөлтийг нь дарах төдийд дутуу эмчлэх нь бусад эрхтэн системд сөргөөр нөлөөлдөг.
Хүндрэл
- Эмчилгээ хийлгэсний дараа тулай өвчний шинж тэмдгүүд дахин ажиглагдаж болно.
- Тулай хүндэрвэл хуруу, бугуй, хөл, тохойгоор өвддөг.
- Бөөрний чулуу үүсгэх, бөөрний архаг өвчтэй болох эрсдэлтэй.
Урьдчилан сэргийлэлт
Тулай өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга нь хоол ундны асуудлаа зохицуулах юм. Үүнд:
- Чихэрлэг амттан байнга идэж уухаас татгалзах
- Архи, пиво зэрэг хүчиллэг зүйлсийг тохируулан хэрэглэх
- Тослог багатай цагаан идээ хэрэглэх
- Ус тогтмол уух
- Суугаа ажил хийдэг бол өдөрт 30 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
- Биеийн жингээ хэвийн түвшинд тогтвортой барих
- Биологийн цагаар унтаж амрах, нойроо бүрэн авах.
Мөн шээсний хүчлийн хэмжээг бууруулах хоол хүнс буюу интоор жимс, кофе, С витамин, алимны цуу зэргийг зохистой хэмжээгээр хэрэглэх боломжтой.
Оношилгоо
Дараах шинжилгээний тусламжтайгаар тулайг оношилдог.
- Үений шингэний шинжилгээ
- Цусны шинжилгээ
- Рентген
- Хэт авиа
- Комюпьтер томографи зэрэг орно.
Эмчилгээ
Тулай өвчний үед үрэвслийн эсрэг эм, шээсний хүчлийг бууруулах эм, шээсний хүчлийг цусанд задлах зориулалттай эм, өвчин намдаах эм гэх мэт эмэн эмчилгээ хийдэг. Мөн үенд үрэвслийн эсрэг тариа хийх, физик эмчилгээ, хэт ягаан туяаны шарлага зэрэг эмчилгээ хийнэ. Энэ нь өвчин дахих, цаашид үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Өвчин дахих эсэх нь гам дэглэм хэрхэн барьж байгаатай холбоотой.