Ясны сийрэгжилт
Ясны эс нарийсаж, нягт байдлаа алдан хөндий мэт болохыг “ясны сийрэгжилт” гэнэ. Ясны эс нь тодорхой давтамжтайгаар задарч, дахин шинэчлэгдэж байдаг амьд эрхтэн юм. Ясны хуучин давхарга задрахад шинэ яс бий болохгүй байх тохиолдолд ясны сийрэгжилт үүсэх ба улмаар ясны бат бөх байдал алдагдаж хугарал үүсэх, яс цуурах эрсдэл нэмэгдэнэ. Зарим тохиолдолд унаж бэртээгүй байхад ч ташааны яс цуурдаг бөгөөд үүнээс үүдэн нуруу өвдөх, намхан болж бөгтийх нь бий.
Ясны сийрэгжилт нь ахимаг насны хүмүүсийн дунд ихэвчлэн ажиглагдах боловч энэ нь идэр, залуу насныхан ясны сийрэгжилтэд өртдөггүй гэсэн үг биш юм.
Шалтгаан
Ясны сийрэгжилт үүсэх шалтгаан
- Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед эм даавар буурах
- Эрэгтэйчүүдийн даавар багасах
- Насжилт цэвэршилт үүсэх шалтгаанд зүй ёсоор орох ба 50-иас дээш насны эмэгтэйчүүд, 70-аас дээш насны эрэгтэйчүүд ясны сийрэгжилтэд өртөх эрсдэлтэй
- Үений болон бөөрний архаг өвчин
- Үе мөчний эмийг урт хугацаагаар уух
- Хөдөлгөөний дутагдал
- Удамшил
- Жирэмслэлт төрсний дараах үе
- Газтай ундааны хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, кальци болон Д амин дэмийн дутагдал зэргийг ясны сийрэгжилтийн нийтлэг шалтгаанаар нэрлэж болно.
Шинж тэмдэг
Яс сийрэгжиж эхлэх үед шинж тэмдэг ажиглагддаггүй. Харин яс зөөлөрч, нягт байдлаа алдсаны дараа дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
- Нуруу өвдөх
- Намхан болох
- Бөгтийх
- Хөл гарын үен дээр овгор зүй бий болох
- Амархан яс хугарах зэрэг орно.
Оношилгоо
Ясны сийрэг чанарыг хүчдэл багатай рентгенээр тодорхойлдог. Энэ үзлэгийн үеэр оношлох хүнийг ширээн дээр хэвтүүлж аппаратаар ташаа, бугуй, сээр нурууг нь харна. Уг шинжилгээнд ихэвчлэн цэвэршилтийн дараах 65-аас дээш насны эмэгтэйчүүд болон 70- аас дээш насны эрэгтэйчүүд хамрагдана. Ясны сийрэгжилтэнд эмэн эмчилгээ болон дааврын эмчилгээг эмчийн заавраар хийдэг.
Урьдчилан сэргийлэлт
- Кальци болон Д витамины хэрэглээг эрхэмлэх
- Шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэх
- Дасгал хөдөлгөөн хийх нь ясны нягтыг хадгалж, булчин чангарч унах, хугарах эрсдлээс таныг хамгаална
- Тамхинаас татгалзах
- Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд жил бүр хамрагдаж хэвших