Зүрхний булчингийн эмгэг
Зүрхний булчингийн үйл ажиллагаа алдагдахыг зүрхний булчингийн эмгэг гэх ба уг өвчний улмаас зүрхний агшиж сунах чадвар муудаж, биед цусыг тараах чадвар нь буурдаг. Зүрхний булчингийн эмгэг нь зүрхний дутагдалд хүргэх аюултай.
Энэ өвчин эдгэрдэг өвчин бөгөөд хүндэрсэн эсэхээс нь шалтгаалан эмэн болон, мэс заслын эмчилгээнүүдээс сонгож хийдэг. Зарим тохиолдолд зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх нь ч бий.
Зүрхний булчингийн эмгэгийн төрлүүд
- Тэлэгдэх – зүрхний булчингийн эмгэгүүдээс хамгийн элбэг тохиолдох ба энэ үед зүрхний зүүн ховдол томорч цус шахах чадвар нь мууддаг. Энэ өвчнөөр хижээл насны эрэгтэй хүн өвчлөх магадлал өндөр ба удамших чанартай байх нь элбэг.
- Зузаарах – зүрхний зүүн ховдлын булчин зузаарч хэвийн үйл ажиллагаа нь алдагдахад хүрнэ.
- Хязгаарлагдах – зүрхний булчингийн уян хатан чанар муудаж зүрхний цохилтуудын явцад хангалттай цус шахаж чадахгүй болно.
- Сорвижих – энэ өвчин ховор тохиолддог бөгөөд зүрхний хэм алдагдахад хүргэнэ.
Шалтгаан
Хэдийгээр зүрхний булчингийн эмгэгийн шалтгааныг ихэнх тохиолдолд тодорхойлох боломжгүй байдаг ч дараах нөхцөлүүдээс үүссэн байж болзошгүй. Үүнд:
- Удамшил
- Хоолой ойр ойрхон үрэвсэж, улайдаг бол
- Цусны даралт өндөр байж, эмчлэхгүй байх
- Зүрхний шигдээсээс үүдсэн зүрхний гэмтэл
- Зүрхний хэм алдагдаж хурдан цохилох
- Зүрхний хавхлагын асуудлууд
- Дотоод шүүрлийн өвчин (бамбай булчирхай, чихрийн шижин г.м)
- Жирэмслэлт
- Архи согтууруулах ундааны хяналтгүй, урт хугацааны хэрэглээ
- Хорт хавдрын химийн болон цацрагийн эмчилгээ хийлгэх
- Зүрхний булчинд төмөр хуралдах
- Эмийн зохисгүй хэрэглээ
Шинж тэмдэг
Зүрхний булчингийн эмгэг эхэн үедээ байгаа бол тодорхой шинж тэмдэг ажиглагдахгүй байж болох ч хүндрэх тусам дараах шинж тэмдгүүд илэрнэ.
- Дасгал хөдөлгөөн хийгээгүй үед амьсгал давхцах
- Хөл, шагайгаар хавагнах
- Хэвлий хавагнаж, томрох
- Хэвтэхэд ханиалгах
- Ядарч сульдах
- Зүрхний хэм тогтворгүй болох, дэлсэх, хурдан цохилох
- Цээжээр дарж өвдөх
- Толгой эргэх, толгой өвдөх, ухаан алдахбайдлаар ажиглагддаг.
Хүндрэл
- Зүрхний дутагдал – биеийн хэрэгцээг хангахуйц цус шахагдахгүй байсаар зүрхний дутагдалд хүрч болно.
- Цус өтгөрч нөжтэй болох – Зүрхний булчингийн эмгэгээс үүдэн цусыг бүрэн шахаж чадахгүйгээс цус өтгөрч нөж үүсдэг. Нөж үүсэх нь маш аюултай бөгөөд бусад эрхтний цусан хангамжийг хаах аюултай.
- Зүрхний хавхлагын асуудлууд – Зүрхний булчингийн эмгэг туссан хүмүүсийн зүрх томорсон байдаг тул зүрхний хавхлагад асуудал үүсч болно.
- Гэнэтийн үхэл – Зүрхний булчингийн эмгэгээс үүдсэн хэвийн бус зүрхний хэм нь үхэлд хүргэх аюултай.
Урьдчилан сэргийлэлт
Хэрэв дараах зүйлсийг анхаарвал зүрхний булчингийн эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой.
- Цусны даралтыг хяналтандаа байлгах
- Чихрийн шижин өвчнийг хянах
- Эрүүл хүнс хэрэглэх
- Тогтмол дасгал хийх
- Архи тамхины хэрэглээг багасгах зэрэг орно.
Зөвлөгөө
Зүрхний булчингийн эмгэгийн эмчилгээнд эерэг нөлөө үзүүлж, хүндрүүлэхгүйн тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Үүнд:
- Тамхи татахаа болих
- Жин хасах
- Жимс ногоо, бүхэл үрийн хүнс тогтмол хэрэглэх
- Хүнсэн дэх давсны хэмжээг бууруулах
- Дасгал хөдөлгөөн хийх (Биед тохирсон бага зэргийн дасгал хийнэ)
- Архины хэрэглээг хязгаарлах
- Стрессд орохгүй байх
- Хангалттай унтаж байх зэрэг орно.
Оношилгоо
Зүрхний булчин үрэвссэн эсэхийг тодруулахын тулд доорх шинжилгээнүүдийг эмч зөвлөнө.
- Зүрхний цахилгаан бичлэг – Зүрхний хэм алдалт, зүрхний булчингийн сулралын байрлалыг тогтоох ач холбогдолтой.
- Цээж гэрэлд харах – Зүрх булчингийн томрол, үнхэлцэг хальсанд шингэн хурсан эсэхийг шалгана.
- MRI/ соронзонрезонанст томографи – Зүрхний хэлбэр хэмжээ, бүтцийг үзүүлэх бөгөөд, зүрхний булчинд үрэвсэл үүссэн бол түүнийг байрлалын хувьд тодорхой харуулна.
- Зүрхний хэт авиан шинжилгээ – Зүрхэнд эмгэг шуум байгаа эсэх, зүрхний булчингийн томрол буй эсэх, зүрхний үйл ажиллагаа хэвийн явагдаж буй эсэхийг шалгана.
- Цусны шинжилгээ – Үрэвсэл явагдаж буйг илтгэнэ.
- Зүрхний титэм судасны тодосгогчтой шинжилгээ – Титэм судасны нарийсал, бөглөрөл буй эсэх, мөн зүрхний аль хэсэгт байрлаж буйг тодорхойлдог.
- Зүрхний эд эсийн шинжилгээ – Хүзүүний венийн судсаар нарийн гуурс оруулан, зүрхэнд очиж гэмтсэн булчингаас эд эсийн дээж авдаг.