Ясны хугарал
Гадны нөлөөллөөс эсвэл ясны эмгэг бүтцийн улмаас ясны бүрэн бүтэн байдал алдагдаж гэмтэхийг “ясны хугарал” гэнэ. Хугарлыг ил болон далд гэж ангилж үздэг.
- Ил хугарал: Яс хугарч, хугарсан ясны үзүүрүүд нь арьсыг нэвт цоолон ил гарч харагдахыг хэлнэ.
- Далд хугарал: Хүчтэй доргилт битүү гэмтлийн улмаас арьсанд шарх үүсэлгүйгээр яс хугарахыг хэлнэ. Энэ үед арьс улайж хавдсан, өвдөлт ихтэй байдаг. Үүнийг танихад төвөгтэй байдаг. Учир нь хугарлын үзүүрүүд нүдэнд ил харагдахгүй, тэр орчмын зөөлөн эдүүд хавдаж, улайн, өвдөлт ихтэй байдаг тул үзлэг хийхэд ч төвөгтэйд тооцдог.
Мөн ясны хугарлыг хугарсан байдлаар нь зөрөөтэй ба зөрөөгүй гэж оношилно.
- Зөрөөтэй: Хугарсан ясны үзүүрүүд зөрсөн байх ба ихэвчлэн ил хугарлын үед тохиолдоно.
- Зөрөөгүй: Хугарлын үзүүрүүд зөрөлгүйгээр нэг түвшинд байхыг хэлнэ. Голдуу далд хугарлын үед тохиолдоно.
Шинж тэмдэг
Ямар ч хэлбэрийн хугарлын үед дараах үндсэн шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
- Өвдөнө
- Хугарсан ясны хэлбэр алдагдана
- Хугарсан хэсэгт хавдаж, улайж хөхөрнө
- Тэр орчмын арьс халуун болсон байна
- Хөдөлгөөн хязгаарлагдана
- Барьж үзэхэд ясны хавиралдах чимээ сонсогдоно
- Тэр хэсгийн үйл ажиллагаа алдагдана
Анхны тусламж
Ямар ч хэлбэрийн хугарлын үед хугарсан ясанд чиг тавьж боох ёстой.
Ил хугарлын үед
- Гараа угаа
- Цус гарч байвал цусыг тогтоо
- Шархан дээр цэвэр жийргэвч тавь
- Боолт хийх хэрэгтэй
- Хугарсан ясанд чиг тавьж боох хэрэгтэй
- Хугарсан ясны үеийг хөдөлгөөнгүй болгон, хатуу биет дээр хэвтүүлэн тээвэрлэхэд бэлдэнэ
Далд хугарлын үед
- Биед ил шарх байгаа эсэхийг шалга
- Хугарсан ясыг хөдөлгөөнгүй болгон чиг тавьж боох хэрэгтэй
Чиг тавих заавар
- Хугарсан хэсэг хувцастай бол хувцасных нь гадуур чиг тавина.
- Чигийг хугарсан яснаас дээш доош нэг үеийг хамруулж тавина.
- Чиг нь гулзайж мурийхааргүй хатуу бат бөх зүйл байна.
- Арьс зөөлөн эдийг холгуулахгүйн тулд дотор нь даавуун эсвэл хөвөн (байхгүй бол гар доорх материалаа ашигла. Жишээ нь:ноос ноолууран цамц, ороолт..,) жийргэвч хийнэ.
- Чигийг тавьж боох бөгөөд боолтны чанга сулыг тохируулан боох хэрэгтэй.