Шарх
Гадны шалтгааны улмаас арьс салст, булчин гэх мэт зөөлөн эдүүд гэмтэж, бүрэн бүтэн байдлаа алдахыг шарх гэж хэлдэг. Шархны эдгэрэлт нь тухайн хүний биеийн эсэргүүцэл, анхны тусламжийг хэрхэн үзүүлсэн, шарх бохир зүйлээр үүсгэгдсэн эсэх, шархны хэмжээ, биеийн аль хэсэгт байрласан, шарх үүсээд хэр хугацаа өнгөрсөн зэргээс хамаардаг.
Шалтгаан
- Зүсэгдэх
- Урагдах
- Хатгуулах
- Хазуулах
- Даруулах гэх мэт гадаад хүчин зүйлийн нөлөөнөөс шарх үүснэ.
Гэмтсэн байдлаар нь:
- Өнгөц – зөвхөн арьс салст, бүрхэвчийг хамарсан
- Гүн – Булчин шөрмөс, яс гэмтсэн
- Нэвтэрсэн – Биеийн хөндийрүү нэвтэрч орсон
Шинж тэмдэг
- Арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан
- Цус шүүрэх эсвэл алдах
- Шархны орчим хавдаж улайж, өвдөх
- Шархадсан эрхтний үйл ажиллагаа алдагдана
Анхны тусламж
- Гараа заавал угаана.
- Өөрийгөө цусаар дамжих халдвараас сэргийлж резин бээлий өмсөх, бээлий байхгүй бол гялгар уут өмсөж болно.
- Шархтай хүнийг тайвшруулах
- Шархны эргэн тойрны талбайг цэвэр усаар угаах эсвэл архи спиртээр арчих
- Шархан дээр ариун бинт эсвэл цэвэрхэн даавуун жийргэвч тавих
- Боолт хийнэ.
Анхаарах зүйлс
- Том шарх үүссэн бол 6 цагийн дотор эмчид ханд
- Эмч зөвлөөгүй л бол шархан дээр тос антибиотик түрхэж болохгүй
- Шарханд гадны биет зоогдсон бол эмнэлэг дээр очтол авах оролдлого бүү хий
- Амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор