Нүдний ядаргаа
Удаан хугацаанд машин барих, компьютерийн дэлгэц удаан ширтэх, гар утасны дэлгэцрүү удаан ширтэх зэргээр нүдийг хэт их ядрааснаар нүдний ядаргаа болдог. Нүдэнд илэрч буй зовиур, өвдөлтийг эмчилж, арга хэмжээ авснаар эдгэрэх боловч нүдний бусад өвчин үүсэх эрсдэлийг бий болгодог.
Шалтгаан
Техник технологи хөгжиж, бүхий л зүйл цахимжиж байгаатай холбоотойгоор хүмүүсийн дэлгэцийн хэрэглээ ихэссэн нь нүд чилэх, ядрах гол шалтгаан болж байна. Иймд дэлгэцийг зөв хэрэглэх, амралт авах, нүдээ амраах зэрэг дасгалуудыг хийж хэвших хэрэгтэй.
- Бүх төрлийн дэлгэцийн хэрэглээ, олон цагаар дэлгэц ширтэх
- Нүдээ амраалгүй, олон цагаар ном унших
- Хэт хурц болон бүдэг гэрэлтэй орчинд удаан байх
- Бусад төрлийн нүдний өвчтэй байх
- Стресстд орох, ядрах
- Агаар цэвэршүүлэгч, сэнс зэрэг төхөөрөмжийн хажууд удаан байх нь нүдний ядаргаанд орох шалтгаан болдог.
Шинж тэмдэг
Нүдний ядаргаа нь урт хугацааны өвчлөл, гэмтэлд хүргэхгүй ч анхаарал төвлөрөх чадвар муудах, ядрах зэргээр өдөр тутмын амьдралд бэрхшээл учруулдаг.
- Нүд загатнах, ядрах, хөндүүрлэж өвдөх
- Нүд хуурайших, нулимс гоожих, ойр ойрхон анивчих
- Нүд бүрэлзэх, давхар харах
- Толгой өвдөх
- Хүзүү, нуруу, мөрөөр хөндүүрлэж өвдөх
- Гэрэлд мэдрэг болох
- Анхаарлаа төвлөрүүлэхэд төвөгтэй болох
- Нүдээ нээж чадахгүй байх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Урьдчилан сэргийлэх
- Компьютер, утас, таблет, телевиз үзэхдээ өрөөнийхөө гэрлийг асааж, гэрлээ тохируулах
- Дэлгэцийн хамааралтай ажил хийдэг бол 20 минут тутамд дэлгэцээс холдож нүдээ амраах, алсын бараа, холын зайд байгаа зүйлсийг харах
- Эмчийн заавраар тохирох нүдний дусаалга хэрэглэх
- Бага насны хүүхдэд компьютер, гар утас аль болох хэрэглүүлэхгүй байх
- Хол замд машин барихдаа нүдээ амраах зэрэг арга хэмжээг аваарай.
Компьютерийн ард суухдаа дараах зүйлсийг анхаараарай
- Нүдээ ойр ойрхон цавчих
- 20 минут тутамд нүдээ амрааж, дасгал хийх
- Дэлгэцийн гэрлийг багасгах
- Дэлгэцийн байрлалыг тохируулах
- Компьютерийн дэлгэцээ цэвэр байлгах, тоосыг нь арчих
- Кактус зэрэг хортой туяаны цацрагыг багасгах цэцэг ургамал тарих
Хэрэв таны харааны чадвар муудсан гэж үзвэл юуны өмнө хараагаа шалгуулах, тохирсон шил зүүх, 6-1 жил тутамд хараагаа дахин шалгуулах, бусад шалтгааныг нүдний эмчид хандан тодорхойлуулах шаардлагатай.