Нүдний торлогийн хууралт
Нүдний торлог бүрхүүл нь нүдний хамгийн дотор талын давхарга бөгөөд тархинд дүрсний тусгалыг дамжуулах үүрэгтэй. Харин торлогийн хууралтын үед тэрхүү нимгэн давхарга нь хэвийн байрлалаас хөндийрөн хуурахыг нүдний торлогийн хууралт гэдэг. Нүдний торлог бүрхэвч хуурснаар нүдийг хүчилтөрөгч, шим тэжээлээр хангадаг нүдний судаснууд ч мөн хөндийрдөг. Торлогийн хууралтыг эмчлэхгүй, хугацаа алдвал хараагүй аюултай.
Шалтгаан
- Нүдний гэмтэл,
- Чихрийн шижин хүндэрсэн бол,
- Торлог бүрхэвч урагдах, эсвэл нүх үүсч нүдний дотор талд шингэн хуралдахад,
- 50 болон түүнээс дээш настай бол. Нас ахихад торлог нимгэрч нүх гардаг,
- Та болон таны гэр бүлийн хэн нэгний торлог хуурч байсан бол,
- Нүдний хараа муутайгаас үүдэн байнгын хасах шил зүүдэг байх,
- Нүдний мэс засалд орж байсан бол,
- Нэг нүдний торлог хуурч байсан бол,
- Ойрын хараа маш муу бол торлог хуурах магадлал өндөр байна.
Шинж тэмдэг
Торлог бүрхэвч хуурахад өвдөлт мэдрэгддэггүй бөгөөд нэлээн хүндэрсний дараагаар л шинж тэмдэг илэрдэг. Үүнд:
- Нүдэнд жижиг цагаан бөмбөлгүүд хөвж харагдах
- Нэг нүдэнд эсвэл хоёр нүдэнд тод гэрэл харагдах
- Хараа муудаж, бүрэлзэх
- Нүдэнд хөшиг татсан мэт сүүдэр харагдах
Эдгээр нь торлог бүрхэвч хуурсны анхны шинж тэмдэг байх магадлалтай.
Зөвлөгөө
- Харааны шил зүүхдээ мэргэжлийн нүдний эмчид хараагаа шалгуулж тохирсон шил зүүх
- Компьютер болон гар утасны дэлгэц удаан ширтэхгүй байх
- Ямар нэгэн зүйлийн дэлгэц рүү харахдаа өрөөнийхөө гэрлийг асаасан байх хэрэгтэй
- Хэт хүнд юм өргөхгүй байх
- Өндрөөс үсэрч харайхгүй байх
- Тархи толгойруугаа цохиулахаас болгоомжил.
Оношилгоо
Нүдний угийг дурандах – Зориулалтын гэрэл ашиглан нүдний хойд хэсэгт торлогийн хууралт явагдсан эсэхийг үзнэ.
Хэт авиа – Хэрэв нүдний дотор цус алдсан бол энэ аргаар үзлэг хийдэг.
Нэг нүдэнд шинж тэмдэг илэрч болох ч хоёр нүдэнд үзлэг хийх шаардлагатай. Мөн шинж тэмдгүүд хэдэн долоо хоногийн давтамжтайгаар ажиглагдаж болно. Торлогийн хууралт нь хараагүй болгох аюултай тул шинж тэмдэг илрэх төдийд эмчид хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Эмчилгээ
Торлогийн хууралтыг мэс заслын аргаар эмчилдэг.
Торлог урагдах үед – Торлог урагдан нүх гарсан хэдий ч хуураагүй бол дараах хагалгааг хийнэ.
- Лазер хагалгаа – Нүдний хүүхэн харааг лазер туяагаар шарж торлогийн гэмтсэн хэсгийг сорвижуулан нүхийг хаадаг.
- Хөлдөөх – Нүдний мэдрэлийг мэдээ алдуулж, нүдний дотор хэсэгт зүүгээр хөлдөөгч шингэн шахна. Хөлдөөгч шингэн нь торлогийн гэмтлийгсорвижуулж нүхийг хаадаг.
Эдгээр мэс заслын дараагаар нүд маш эмзэг болсон байх тул хэдэн долоо хоногийн хугацаанд гүйх, үсрэх зэрэг хүчтэй хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй.
Торлог хуурах үед – Хэрэв торлог хуурсан бол хагалгааны аргаар буцаан нүдэнд тогтоох шаардлагатай болдог. Хэр хэмжээний хууралт явагдсан байгаагаас шалтгаалж өөр өөр хагалгаа хийдэг. Тухайбал,
- Нүдэнд агаар эсвэл зориулалтын хий шахах –Нүдэнд мэдээ алдуулагч тарьж зүүгээр хий шахдаг. Энэ хий нь хуурсан торлогийг буцаан наалдахад тусална. Торлог буцаж наалдах хүртэл хэд хоногийн хугацаанд орноос босож болохгүй.
- Торлогийг оёх – Торлог хуурсан хэсгийг зориулалтын утсаар оёж тогтооно.
- Нүдэн доторх шингэнийг солих – Нүдний шингэнийг зориулалтын багажаар соруулан авч биеэс дахин шингэн үүстэл эмчийнхяналтад байлгана.
Мэс заслаас хойш олон сарын дараагаар муудсан хараа эргэн сайжрах боломжтой боловч зарим тохиолдолд хараа муу хэвээр үлддэг.