Хламид
Хламид нь бактерийн гаралтай нэг төрлийн бэлгийн замын халдварт өвчин юм. Бэлгийн замаар халдварлахаас гадна халдвартай хүний гар, аяга таваг, шүлс, алчуур, хувцас зэргээс дамжин халдварладаг. Аль ч хүйсийн, бүх насны хүмүүс тусч болох ч залуу эмэгтэйчүүд өвчлөх магадлал өндөр байдаг.
Хламидын халдвар авсан эмэгтэйчүүдийн 90%, эрэгтэйчүүдийн 70%-д шинж тэмдэг илэрдэггүй гэсэн судалгаа бий. Хламидыг оношилсон тохиолдолд хялбархан эдгэрдэг. Харин эмчлэхгүй орхивол хүндэрч, бусад өвчний эх үүсвэр болох аюултай. Мөн жирэмсэн эмэгтэй хламидаар өвчилсөн бол нүдний төрөлхийн гажигтай хүүхэд төрөх эрсдэлтэй.
Шалтгаан
Дараах нөхцөлд хламид тусах магадлал өндөр байдаг. Үүнд:
- 24-с доош настай байх (идэвхтэй бэлгийн амьдралын нас)
- Нэг жилийн хугацаанд олон хамтрагчтай байсан бол
- Бэлгэвч хэрэглэхгүй байх
- Өмнө нь бэлгийн замын халдварт өвчин тусч байсан бол
Шинж тэмдэг
Хламидын эхэн үед шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд халдвар авснаас 1-3 долоо хоногийн дараагаар шинж тэмдэг ажиглагдаж эхэлнэ. Энэ өвчний шинж тэмдэг нь нийтлэг тул анзааралгүй удах тохиолдол элбэг байдаг.
- Өвдөлттэй бие засах
- Хэвлийн доод хэсгээр өвдөх
- Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнээс шингэн зүйл гарах
- Эрчүүдийн бэлэг эрхтнээс шингэн зүйл гарах
- Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн хавьталд ороход өвдөх
- Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн хавьталд орсны дараагаар, сарын тэмдэг ирсний дараагаар өвдөх
- Эрчүүдийн хувьд төмсөг өвдөх
Хүндрэл
Аарцагны үрэвсэлтэй болох – Өндгөвч, умай, умайн хүзүү гэх мэт аарцгийн хөндийн эрхтнүүд үрэвсэх
Төмсөг үрэвсэх – төмсөг халуу оргих, загатнаж, хавдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Түрүү булчирхайн үрэвсэл– бие засахад өвдөх, нурууны доод хэсгээр өвдөх, халуурах, бэлгийн хавьтлын дараа өвдөх
Шинэ төрсөн нярайд хялдварлах – төрөх үед үтрээгээр дамжин хүүхдэд халдварлан улмаар хатгалгаа, нүдний гэмтэл
Үргүйдэл – эмэгтэйчүүдийг үргүй болгох
Үений үрэвсэл – үеэр өвдөх
Мөн бусад бэлгийн замын халдварт өвчин заг хүйтэн, ХДХВ гэх мэт тусах магадлал өндөр болно.
Урьдчилан сэргийлэлт
- Хламидын халдвар авахгүй байх хамгийн найдвартай арга нь бэлгийн хавьталд орохдоо хамгаалалт хэрэглэх явдал юм.
- Бэлгийн хамтрагчдаа үнэнч байх
Оношилгоо
Хламидын халдварыг оношлохын тулд шинжилгээ өгөх шаардлагатай. Үүнд:
- Умайн хүзүүнээс арчдас авах
- Эр бэлэг эрхтнээс арчдас авах
- Шээсний шинжилгээ
Хэрэв хламидын эмчилгээ хийлгэсэн бол 3 сарын дараа дахин шинжилгээ өгөх шаардлагатай байдаг.