Цусан суулга
Шигелла гэх нянгаар үүсгэгддэг, бүдүүн гэдсийг сонгомолоор гэмтээдэг, гэдэсний хурц халдварт өвчнийг цусан суулга гэнэ.
Халдвартай хүний өтгөнөөр ялгаран гарч хөрс ус, эд юмс, хоол хүнсийг бохирдуулах бөгөөд ахуйн зам болон бэлгийн замаар дамжин халдварладаг.
Шигелла нянгийн 10 эмгэг төрөгч биед ороход л өвчлүүлдэг. Шигелла нь усанд 6-аас дээш сар, хүнсэнд 30 хоног амьдрах чадвартай.
2-4 насны хүүхдүүд, тэдний эцэг эх асран халамжлагчид халдвар авах эрсдэл өндөр байдаг.
Шалтгаан
Халдвартай гараар амандаа хүрэх – Цусан суулгаар өвчилсөн хүүхдийн живхийг сольсны дараа гараа сайн угаахгүй бол халдвар авдаг
Халдвартай хүнс хэрэглэх – Цусан суулгаар өвчилсөн хүн гараа сайн угаалгүй хоол хүнсэнд хүрэх, идэж уухад амаар дамжин биед орно.
Халдвартай ус залгих – Халдвартай хүний сэлсэн усанд орсон бол,
Бага насны хүүхэд – 2-4 насны хүүхэд халдвар авах нь хамгийн элбэг
Бага насны хүүхэд ихтэй газар ажилладаг байх – Цэцэрлэг, асрамжийн газар зэрэг хүүхэд ихтэй газар байнга байдаг бол,
Ижил хүйстэн байх зэрэг нь энэ өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлнэ.
Шинж тэмдэг
Шигелла нянгийн халдварыг авснаас 1-2 хоногийн дараагаар дараах шинж тэмдгүүд илэрнэ.
- Бага хэмжээтэй ойр ойрхон хэлбэргүй, үнэргүй, залхагтай, цусны судалтай суулгана. Суулгах үедээ маш их дүлүүлнэ.
- Хэвлийгээр өвдөх, базлах
- Халуурах
- Бөөлжих
- Дотор муухайрч хоолонд дургүй болох
- Гэдэс базлах шинж тэмгүүд ирэлдэг.
Халдвар авсан зарим хүмүүст шинж тэмдэг огт илрэхгүй байх ч тохиолдол бий.
Хүндрэл
Шингэний дутагдал – Ойр ойрхон гүйлгэх нь шингэний дутагдалд оруулах бөгөөд толгой эргэх, бага хэмжээгээр бие засах зэрэг зовуурь мэдрэгддэг.
Таталт өгөх – Өндөр халуурах үед таталт өгөх аюултай.
Шулуун гэдэс гарах – Ойр ойрхон гүйлгэснээс хошногоноор шулуун гэдэс гарч ирэх
Цусны ялтсан эсийн дутагдал – Цусны ялтсан эс болон цусны улаан эс багасаж бөөрний архаг дутагдал хүргэх эрсдэлтэй.
Хэрх өвчин – Халдварын улмаас үений үрэвсэл үүсэх магадлалтай. Ихэвчлэн шагай, өвдөг, хөл, ташаа хэсгээр үрэвсэж өвддөг.
Нүдний эвэрлэг үрэвссэн байх – Нүднээс идээ гарах шинж тэмдэг илэрнэ.
Бага насны хүүхэд тусах нь хордлого ихтэй, шингэний дутагдалд орох, бүдүүн гэдэсний шарх үүсэх зэргээр хүндрэх аюултай.
Урьдчилан сэргийлэлт
- Бага насны хүүхдийг гараа угаахад нь хажууд нь байж, хянах, зөв угаахыг зааж өгөх
- Хүүхдийн живхийг зөв эвхэж хаях
- Хүүхдийн живх сольсны дараагаар гараа ариутгаж, угаах
- Цусан суулга туссан бол бусдад хоол бэлдэж өгөхгүй байх
- Усан санд сэлэхгүй байх
- Цусан суулгаар өвчилсөн хүнтэй бэлгийн хавьталд орохгүй байх
- Цусан суулгаар өвчилсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй байх
- Ил задгай бие засахгүй, хог хаягдлыг устай ойрхон хаяхгүй байх
- Халдвар тархах өндөр эрсдэлтэй бүс нутгаар аялах, ажиллахдаа халдвар авахаас сэргийлж хувийн аяга, халбагатай байх, усыг буцалгаж хэрэглэх, усанд орохгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой.
Зөвлөгөө
Цусан суулгын үед шингэний дутагдалд ордог тул шингэн зүйл ихээр уугаарай.
Дараах байдлаар хоолны дэглэм баримтална:
- Олон төрлийн амин дэм, эрдэс агуулсан хоол хүнс хэрэглэнэ. Хоол нь шингэц сайтай, хайрч хуураагүй байх, өдөрт 3-с доошгүй удаа хооллох.
- Зөвшөөрөгдөх хүнс хэрэглэх. Эрдэнэ шиш ба хар талх, гурилан бүтээгдэхүүн, гоймон, хүүхдийн будаа, төрөл бүрийн будаа, ууранд жигнэж болгосон өөхгүй мах (үхэр , тахиа, ямаа), чанасан загас, янз бүрийн амтлагчгүй төрөл бүрийн шөл, цагаан идээ,ногоо, жимс, ургамлын тос маргарин хэрэглэх боломжтой.
- Хориглох хүнс – Шарсан, тосонд чанасан боов, хонь ,гахайн өөхтэй мах ,борц, шарсан загас, амьтны гаралтай өөх, бялуу, шоколад, хийжүүлсэн ундаа, архи, пиво, хурц амтлагчтай зууш, өтгөн кофе хэрэглэж болохгүй.
Оношилгоо
Өтгөнөөс эмгэг төрүүлэгч илрүүлэх шинжилгээ авна. Хүнд өвдсөн, дархлаа дарангуйлсан үед цусны ариун чанарыг үзнэ.
Эмчилгээ
Шингэн нөхөх нь чухал. Ихэнх тохиолдолд гэрээр эмчилдэг бөгөөд архаг хууч өвчингүй бол 5-7 хоногийн дотор бүрэн эдгэрдэг.
Өвчин хүндэрсэн болон хоёр сараас бага нярай, эмнэлэгт хэвтэх шаардлага үүссэн хүмүүсийг эмнэлгийн нөхцөлд тусгаарлан хэвтүүлж эмчилнэ.
Эмчилгээнд ампициллин, триметоприм, ципрофлоксацин,цайр, витамин А зэрэг эм бэлдмэл, тариаг эмчийн зааврын дагуу хэрэглэдэг.
Усан сангийн газрууд үйлчлүүлэгчдийг шинжилгээнд хамруулсны дараа оруулах, гараа тогтмол угаах нь халварыг бууруулахад маш чухал нөлөөтэй.