0-1 насны хүүхдийн хооллолтод юуг анхаарах хэрэгтэй вэ?
Хүний эрүүл мэндийг бүрдүүлэгч чухал хүчин зүйлийн нэг бол хооллолт. Төрсний дараах эхний жилүүдэд хүүхдийн амин чухал эд эрхтнүүдийн хөгжил эрчимтэй явагдаж байдаг тул шим тэжээлтэй, эрүүл бөгөөд тэнцвэртэй хооллох хэрэгтэй. Иймд бид танд зориулан төрсний дараах эхний өдрөөс нэг нас хүртэлх хугацаанд хүүхэд хоол хүнсээр дамжуулан ямар эрдэс бодис, шим тэжээлийг авч байх шаардлагатай талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Өөрөөр төрсөн тохиолдолд хүүхдийг эхэд өгч, ангир уургийг амлуулдаг. Ангир уураг нь төрснөөс хойших 24 цагийн хугацаанд хамгийн их ялгардаг байна. 3-4 хоногийн дараагаар эхийн сүү бүрэн боловсорч хүүхдэд шаардлагатай хэмжээгээр амин дэм, эрдэс бодисыг хангахад бэлэн болдог гэж ойлгож болох юм. Хэрэв ямар нэгэн шалтгааны улмаас хүүхдийг хөхөөр хооллох боломжгүй байвал та санаа зовох хэрэггүй. Эхийн сүү орлуулагчийг хүүхдэд шаардлагатай витамин, эрдэс бодисоор баяжуулсан байдаг.
Хүүхдийн биеийн байдал хэвийн тохиолдолд 6 хүртэлх сарын хугацаанд зөвхөн сүү, сүү орлуулагчаар хооллож болно гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд нэмэлт шингэн болох ус, цай өгөх хэрэггүй байна. Гэвч эрүүл мэндийн шалтгааны улмаас шингэний дутагдалд орсон, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хүүхдэд шингэн өгнө.
Эхний долоо хоногуудад дараах байдлаар хуваарилагдана:
Нас | Хооллох давтамж | Өдөрт авах хэмжээ (мл) |
Эхний 7 хоног | 7-10 | 700 |
8 долоо хоног хүртэл | 7-8 | 750 |
16 долоо хоног хүртэл | 6-7 | 800 |
17 дахь долоо хоногоос эхлэх хүүхдийн хооллолт
Хүүхдийн хөгжил, бор хоолонд ороход бэлэн байгаа эсэхээс хамааран харилцан адилгүй хугацаанд хооллолтыг төрөлжүүлнэ. 4 сартайгаас хүүхдэд сүү, сүү орлуулагчаас гадна нэг төрлийн ногоо, жимсний нухаш хэрэглэхийг зөвшөөрдөг байна. Хэт эрт ирт хүүхдийг бор хоолонд оруулах нь нэг талаараа эрсдэлтэй. Учир нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо 2 нас хүрэхэд бүрэн боловсорч гүйцдэг гэж үздэг байна. Иймд, 6 сар хүртэлх хугацаанд хүүхдийг сүү, сүү орлуулагч, нэг төрлийн жимс, ногооны нухшийг хэрэглэж болно. Үүний дараагаар хүүхэд бор хоолонд ороход бэлэн болсон гэж үзвэл жимс, ногооны сонголтыг өрөгжүүлж, тослог багатай тараг, цэвэр йогурт, зарим төрлийн мах зэргийг хэрэглэж болох юм.
Дараах шалтгааны улмаас хүүхдийг 17 хоногтойгоос бор хоолонд оруулахыг зөвлөдөг:
- Хүүхдийн жин дутагдалтай/илүүдэлтэй
- Цус багадах
- Хүүхдийн биед шаардлагатай витамин, эрдэс бодис дутагдаж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тохиолдолд
Хүүхэд бор хоолонд ороход бэлэн болсон үед дараах нийтлэг шинжүүд илэрнэ:
- Хүүхдийн жин төрснөөс хойш хоёр дахин нэмэгдэх
- Сууж сурах, бие дааж толгойгоо өргөх
- Хоол санал болгоход сонирхох, татгалзахгүй байх
- Зажлах, залгих чадварууд сайн хөгжсөн
Бор хоолонд анхаарах, хүүхдийн хоолны цэсийг төрөлжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу:
- Хүүхэд өөрөө зажлах, хоол хүнсийг жижиглэх чадварт бүрэн суралцаагүй байх тул эхний хүнсийг жимс, ногооны нухаш байхаар сонгоно
- Малын сүү, зөгийн бал хэрэглэж болохгүй
- Витамин С-ээр баялаг хүнсний ногоо, жимс сонгож хэрэглэвэл зохистой
- Төмрийн агууламж өндөр бүхий хүнс хэрэглэх нь хүүхдийн цус багадалтаас сэргийлнэ
- Сүүн бүтээгдэхүүн болох тараг, бяслаг зэргийг тослог багатайг сонгож, бага хэмжээгээр хэрэглэнэ
Бор хоолонд шилжихдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Хоолны хэрэгслүүдийг сайтар ариутгах
- Хүнсний аюулгүй байдалд анхаарах
- Эхний удаагийн хооллолт хоолны халбаганы ¼ – тэй тэнцэх хэмжээтэй байна. Цаашлаад бага багаар нэмж хоёр долоо хоногийн дараа гэхэд 30 граммтай тэнцэх хэмжээтэй байна.
- Хоол, хүнсний бүтээгдэхүүн тасалгааны хэмтэй тэнцүү байх нь зохимжтой
- Нэгэн зэрэг хоёр өөр хүнс хэрэглэхгүй байх
- Зарим тохиолдолд хүүхэд өвдсөн, вакцин хийлгэх үед, амьдрах орчин солигдсоны дараа эхний өдрүүдэд бор хоолноос татгалзахыг зөвлөдөг
- Хамгийн анхны хоолны өдрийн 10-12 цагт өгөх нь зохимжтой гэж үздэг
- Шинэ хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараагаар хүүхдийн арьсны гадаргуу, өнгө зэргийг сайтар ажиглана. Хэрэв ямар нэгэн тууралт бий болох, улаах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал тухайн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг зогсооно
- Хүүхдийн өтгөнийг мөн ажиглана. Хэвийн үеэс хурц үнэртэй, өтгөний өнгө өөрчлөгдөх, хүүхэд тайван бус болсон тохиолдолд тухайн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг мөн зогсооно
- Хүүхдийг залгих, зажлах чадваруудыг хангалттай хөгжсөн гэж үзэх хүртлээ хоол, хүнсийг нухаш, зутан хэлбэрээр өгнө
Эмч нарын зөвлөж буйгаар хүүхдэд дараах хоол хүнсийг аажмаар хэрэглээнд нэмэх боломжтой гэж зөвлөдөг:
Хүнсний тодорхойлолт | Хүнсний нэршил | Эхлэх хугацаа (сараар) |
Эслэг | Жимс ногооны шүүс | 4 |
Эслэг | Жимсний нухаш (нэг төрлийн) | 4-6 |
Нүүрс ус | Хүүхдийн будаа | 6 |
Эслэг | Ногооны нухаш (нэг төрлийн) | 5,5 |
Эслэг | Ногооны нухаш (олон төрлийн) | 7 |
Эслэг | Махны таташ | 7,2 |
Амьтны уураг | Үхрийн сүү | Эхний жилүүдэд өгөхийг зөвлөдөггүй |
Амьтны уураг ба кальци | Тараг | 6,9 |
Сүүн бүтээгдэхүүн | Цөцгий | 6,5 |
Уураг | Өндөгний чанасан шар | 6,5 |
Лецитин ба микроэлемент | Загас | 7,5 |
Бодисын солилцоо ба хоолны дуршлыг сайжруулах | Махны шөл | 7 |
Энэ байдлаар хүүхдийн биеийн байдал, хоолны дуршил зэргийг ажиглан шинэ хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэмж хэрэглэж болно. Ингээд нэг нас хүрэхэд хүүхэд бусад гэр бүлийн гишүүдтэй ижил цэсээр хооллох боломжтой юм. Гэвч дараах зүйлсийг анхаарна уу:
- Хэрэглэж буй хүнсний давсны хэмжээ бага байх
- Амтлагчгүй, тос багатай хоол бэлтгэх
- Чанасан, жигнэсэн жимс, ногоо мах зэргийг 1 см-аас багагүй, 2 см-аас ихгүй байхаар жижиглэнэ
- Өдрийн эхний бөгөөд сүүлийн хоол хүүхдийн хоол боловсруулах тогтолцоог хямраахгүй байхаар сонгоно (сүү, сүү орлуулагч, тослог багатай тараг гэх мэтчилэн)
- Хүүхдийн ходоодны багтаамж ойролцоогоор 200 мл байна
- Хоол хоорондын завсар хүүхдэд шингэн сайн уулгах
- Шингэний хувьд шүүсэн, буцалгасан усыг хамгийн тохиромжтой гэж үздэг. Цайнд агуулагдах полифенол нь төмрийн нийлэгжилтийг удаашруулдаг болохыг анхаарна уу
- Аль ч насанд хүүхдийн хоол, хүнсийг шарах шүүгээнд халаахаас зайлсхийх шаардлагатай
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хүүхэд бүр өөрийн онцлогтой гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube