Уушгины нөхөн сэргэлтийг дэмжих амьсгалын дасгалууд
Өмнөх нийтлэлд бид Ковид-19 эдгэсний дараагаар хэрхэн эрүүл мэндээ дэмжих талаар энгийн 5 зөвлөмжийг хүргэсэн билээ.
Коронавирусийн халдвар нь агаар дуслын замаар дамжих тул хамгийн түрүүнд болоод их гэмтлийг амьсгалын замын эрхтнүүд авна. Эмч мэргэжилтнүүд хүндрэлүүд дундаас уушгины цулцан фиброзжих, судсанд тромбоз үүсэх эрсдэлийг хамгийн ноцтойд тооцож байна.
Иймд, эдгэсний дараагаар уушгины үйл ажиллагааг хэрхэн дэмжих, нөхөн сэргэхэд туслах энгийн зөвлөмжүүдийг хүргэе.
Үйл ажиллагааг сэргээхийн тулд эмчилгээний дасгалууд, амьсгалын болон эмчилгээний дасгалууд чухал ач холбогдолтой юм. Энэ нь амьсгалын замын нэмэлт булчингуудыг ажиллуулж, уушгины хэмжээг нэмэгдүүлэх боломжийг олгодог. Ковид-19-өөр өвчилсөн үед амьсгалын зарим дасгалууд эсрэг заалттай байна. Учир нь уушгины хэмжээ тодорхой хэмжээгээр багассан, уушгины эдийг нягтруулах үед нэмэлт гэмтэл авах эрсдэлтэй аж. Тиймээс чухам ямар дасгал хийхийг та эмчтэйгээ сайтар зөвлөлдөх шаардлагатай. Дасгалуудыг өвчтөний биеийн байдал, өвчний явц зэргээс хамаарч хүн бүрт тухайлсан хэлбэрээр сонгоно.
Ковид-19-ын хөнгөн болон дунд хэлбэрээр өвчлөгсдөд дараах амьсгалын дасгалуудыг санал болгож байна:
- Тэгш гадаргуу дээр дээш харж хэвтэнэ. Ингээд хамраараа амьсгал авч хэсэг хугацаанд түгжинэ. Амьсгалаа амаараа гаргана. Дасгал хийх явцад гарыг хэвлий орчим байрлуулж, гэдсээ агаараар дүүргэх хэрэгтэйг анхаарна уу. (5-6 удаа давтаж хийнэ)
- Тэгш гадаргуу дээр дээш харж хэвтэнэ. Ингээд хамраараа амьсгал авч, эгэмний ясны доод хэсэгт гараа байрлуулж цээжний хөндий агаараар дүүрж байгааг шалгана. Амьсгалаа амаараа гаргана. (5-6 удаа давтаж хийнэ)
- Тэгш гадаргуу дээр дээш харж хэвтэнэ. Ингээд хамраараа амьсгал авч, хоёр гараа зөрүүлэн мөрөн дээр байрлуулна. Амьсгалаа амаараа гаргана. (5-6 удаа давтаж хийнэ)
- Тэгш гадаргуу дээр дээшээ харж, хөлөө бие рүүгээ татаж нугална. Хоёр гараа алдлан, толгой болон хөлний чиглэлийг зөрүүлж амьсгал авах дасгалыг хийнэ. (Баруун зүүн талууд рүү ээлжлэн харж хийнэ.) Тайван, жигд амьсгална.
Эдгээр нь амьсгалын хамгийн энгийн дасгалын жишээ юм. Та энд дарж дасгалуудыг хэрхэн гүйцэтгэх зааврыг бичлэгээр үзэх боломжтой.
Амьсгалын дасгалын ач холбогдол:
- Цусны эргэлтийг болон хийн солилцоог сайжруулна
- Уушгины бусад үрэвсэл, эмгэг үүсэх эрсдэлийг бууруулна
- Хэвлийн булчин чангалах
- Бодисын солилцоог сайжруулна
- Уушгины хэмжээ тэлэхэд тустай
- Булчингийн агшилт бүрээр уушгинд рефлексйн түвшинд амьсгалын замын үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Амьсгалын замын төдийгүй бусад эд эрхтний үйл ажиллагаа, нөхөн сэргэлтийн хувьд эхний нэг жил чухал ач холбогдолтой. Иймд:
- Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх. Гараа тогтмол угаах, олон нийтийн газар амны хаалт хэрэглэх, дархлаагаа дэмжих зэрэг энгийн алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Учир нь вирусийн халдвар нь уушгины бусад үрэвсэл, эмгэгийг өдөөх эрсдэлтэй байна
- Томуугийн, пневмококкийн халдварын эсрэг вакцин хийлгэхийг зөвлөж байна
- Төрөл бүрийн утаат тамхи, энгийн тамхи хэрэглэхээс зайлсхийх. Учир нь эдгээр нь үрэвсэл үүсгэх, архаг хууч өвчин үүсэх гол хүчин зүйл болдог
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь илэрч байгаа тохиолдолд мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube