Ковид-19 туссаны дараагаар эрүүл мэндээ дэмжих 5 зөвлөмж
Өмнөх нийтлэлд бид Ковид-19-ын улмаас эрүүл мэндэд үүсэж болзошгүй хүндрэлүүдийн талаарх мэдээллийг хүргэсэн билээ.
Ямарваа нэгэн халдвар авсан үед хүний дархлаа тогтолцоо хариу урвал үзүүлж цитокины ялгаралт нэмэгддэг. Цитокин нь хүний дархлааны болон бусад эсээс ялгардаг зохуцуулагч дохиоллын молекул юм. Коронавирусийн халдварын дараа вирус устсан хэдий ч дархлаа тогтолцооны эсүүд өөрийн эрүүл эсүүд рүү дайрч гэмтээдэг. Иймд, коронавирусийн халдварын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө ноцтойд тооцогдох аж.
Өвчний хэлбэрээс хамааран хүн бүрд илрэх шинж тэмдэг, эдгэрэлтийн хугацаа харилцан адилгүй байна. Эдгэсний дараагаар нийтлэг илрэх хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргэхэд тань туслах зөвлөмжүүдийг танилцуулъя.
Ямар шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай вэ?
Ковид-19-ын хамгийн ноцтой хүндрэлүүд нь уушгины цулцан фиброзжих, уушгины тромбоз, цус өтгөрөх зэрэг багтана. Хүн бүрд илрэхгүй ч, зарим тохиолдолд удаан хугацааны туршид мэдрэгдэхүйц шинж тэмдэг илрэхгүй байх эрсдэлтэй. Иймд дараах шинжилгээнд зайлшгүй хамрагдахыг зөвлөж байна.
Шинжилгээ | Ач холбогдол |
Цусны ерөнхий шинжилгээ | Шинжилгээний үзүүлэлтүүдээс хамгийн чухал нь лейкоцитын (цусан дахь цагаан эсийн нэг төрөл) тоо юм. Цусан дахь цагаан эс нь халдварын эсрэг үүрэг гүйцэтгэдэг тул дархлааны хариу урвал ямар хэмжээнд байгааг тодорхойлох үзүүлэлт болох юм.
Мөн эритроцит (цусны улаан эс) ийн үзүүлэлтийг харах шаардлагатай. Учир нь эритроцит нь хүчилтөрөгчийг уушги болон биеийн эд, эс рүү хүргэж дамжуулах үүрэгтэй юм. |
Цусны биохими шинжилгээ | Голлох үзүүлэлтийн нэг нь ферритин (цусан дахь төмөр агуулах уураг) юм. Энэхүү үзүүлэлтээр үрэвслийн хэмжээг тодорхойлох боломжтой. Ферритины хэмжээ өндөр гарах нь цус өтгөрөх, эд эрхтнүүдэд төмөр суух зэрэг эрсдэлтэй гэж ойлгож болох юм. |
Коагулограмм шинжилгээ | Энэ нь цус бүлэгнэлтийг тодорхойлох шинжилгээ юм. Цусны бүлэгнэлт хэд хэдэн шалтгааны улмаас үүсэж болох бөгөөд цаг тухайд нь оношилж эмчлээгүй тохиолдолд зүрхний шигдээс, цус харвалт зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудлын шалтгаан болох эрсдэлтэй. |
Уушгины компьютер томограф/рентген | Өвчний явцаас хамааран уушгинд үзүүлэх сөрөг нөлөө харилцан адилгүй байх ч үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчтэйгээ зөвлөн та шаардлагатай үзлэгт хамрагдахыг зөвлөж байна. |
Эрүүл мэндээ дэмжих энгийн 5 дадал
Бүх төрлийн халдварт өвчний дараагаар бие нөхөн сэргэхэд тодорхой хугацаа, их хэмжээний энерги зарцуулагддаг. Иймд, бодисын солилцоог дэмжих, шингэн нөхөх, эд эрхтний үйл ажиллагааг дэмжих тал дээр тодорхой арга хэмжээг авах нь зүйтэй.
Үнэрлэх, амтлах мэдрэмжээ сайжруулах
Коронавирусийн халдвар нь мэдрэлийн системд нөлөөлдөг тул үнэрлэх, амтлах мэдрэмжүүд саармагждаг. Энэ тохиолдолд дараах дасгалуудыг өдөр тутамдаа хийж хэвшихийг зөвлөж байна:
- Таатай, хөнгөн үнэртэй зүйлсийг 20-30 секундийн турш үнэрлэх. Хэдий та ямар нэгэн үнэр мэдрэхгүй байж болох ч тархиндаа төсөөлөх, тухайн үнэрийг эргэн санахыг хичээх хэрэгтэй болохыг бүү мартаарай
- Амтлах мэдрэмжийн хувьд ч мөн адил. Та хэт чихэрлэг, исгэлэн бус өөрийн дуртай идэх зүйлсээ сонгон амтыг нь төсөөлж, эргэн санаж, тухайн мэдрэмждээ төвлөрөх
Энгийн боловч энэхүү дасгалууд нь үнэрлэх, амтлах мэдрэмжүүдийн нөхөн сэргэхэд илүү эерэг нөлөө үзүүлнэ гэж эмч, мэргэжилтнүүд зөвлөж буй.
Цэвэр агаарт алхах
Хэдийгээр халдвар авч эдгэсэн ч биеийн тань зарим эд, эрхтнүүдийн үйл ажиллагаа гүйцэд тогтворжоогүй байх тул хэт их ачаалж болохгүй юм. Тэгэхээр хэт их идэвхтэй, биеийн хүч шаардсан дасгал хөдөлгөөн эхний хугацаанд хийхийг зөвлөдөггүй. Үүний оронд цэвэр агаарт, өдөр бүр 10-15 минут тайван алхаж болох юм. Биеэ дасгах байдлаар цэвэр агаарт алхах хугацааг нэмнэ. Алхалт нь цусны эргэлтийг сайжруулах, хууч өвчний сэдрэлтийг багасгах, сэтгэл гутрал, ядаргааг хөнгөвчлөх зэрэг олон давуу талтай.
Эрүүл, тэнцвэртэй хооллолт
Хоол, хүнсээр дамжуулан хүн өөрт шаардлагатай витамин, эрдэс бодисын тодорхой хэмжээг хүлээн авдаг. Автомашин түлшээр ажилладагтай адил, эд эрхтнүүдийн тэнцвэртэй үйл ажиллагааг витамин эрдэс бодис хангаж байдаг. Иймд, хоол хүнсний зөв, зохистой хэрэглээ нь танд үүссэн, үүсэж болзошгүй аливаа эрсдэлийн үр дагаврыг бууруулах, хурдан илааршуулах чухал үүргийг гүйцэтгэх болно.
Гол төлөв ногоо, бүхэл үр, шош, гурвалжин болон булгур будаа, В витамины агууламж өндөртэй хүнс, хэт чихэрлэг, исгэлэн бус жимс, жимсгэнэ, зэргийг хэрэглэнэ. Түүнчлэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ аль болох тослог багатайг сонгох хэрэгтэйг анхаарна уу. Мөн хамгийн чухал зүйл бол шингэн хангалттай хэмжээнд авах явдал юм. Ийм учраас цэвэр ус хангалттай хэмжээнд уухыг зөвлөж байна.
Сэтгэцийн асуудлыг таньж мэдэх
Коронавирусийн халдварын үед тархинд мөн сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг тул сэтгэл түгших, сэтгэл гутрах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдах магадлалтай юм. Түүнчлэн орчин цагт хүн төрөлхтний нүүр тулж буй үл мэдэх, цоо шинэ боловч онцгой хөнөөлт энэхүү вирус нь сэтгэл зүйн хувьд асар том дарамт бий болгож буй. Иймд, хэрэв таны сэтгэл санаа тавгүйтэх, урьд өмнөхөөсөө илүү түгшүүртэй, цаашлаад өдөр тутмын хэвийн дадлуудаа гүйцэтгэхэд хүндрэл тулгарч байгаа тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай тусламж, үйлчилгээг авахыг зөвлөж байна. Үүний зэрэгцээ та маш сайн унтаж амрах нь чухал юм. Унтах хугацаанаас гадна биологийн цагаар амарч чадаж байгаа эсэх нь өндөр ач холбогдолтой. Тиймээс та оройдоо 22-23 цагийн хооронд унтахад бэлтгэж, 6-8 цагийн бөх нойр авах тал дээр анхаарах хэрэгтэй юм.
Нэмэлт витамин хэрэглэх
Манай улсын хувьд хүүхэд болон насанд хүрэгчдийн дийлэнх хувь нь Д, А витамины болон төмрийн дуталтай байдаг. Түүнчлэн хүнд металлын хордлогод орсон тохиолдол ч цөөнгүй ажиглагддаг. Иймд, эрдсийн шинжилгээнд хамрагдаж чухам ямар витамин, эрдэс бодис танд дутагдаж байгааг тодорхойлоорой. Дур мэдэн нэмэлтээр витамин, эрдэс бодис хэрэглэх нь илүүдэлд хүргэх эрсдэлтэй. Энэ нь дутагдалтай адил сөрөг нөлөөтэй болохыг анхаарна уу.
ТАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ:
- Доошоо харж унтах
- Цэр хурдан ховхруулахын тулд тогшоо иллэг хийх
- Амьсгалын дасгал хийж хэвших
- Хоолыг залгихад хүндрэлгүй байхаар бэлтгэх
- Өрөө, тасалгааны чийгшлийг 40-50%-иас багагүй, 20 хүртэлх хэмд байлгах
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, шаардлагатай тохиолдолд эмч, мэргэжилтэнд хандахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube