Ковид-19-ын дараагаар эрүүл мэндэд үүсэх 15 хүндрэл
Ковид-19 цар тахал эхэлснээс хойш дэлхий дахинд 5 сая гаруй хүн амь насаа алдаж, нийт 256 сая гаруй хүн өвчилжээ. Хэдийгээр бүрэн эдгэх боломжтой өвчин хэдий ч эрүүл мэндэд үргэлжлэлтэй хугацааны туршид сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй юм.
Коронавирус нь зөвхөн амьсгалын тогтолцооны эрхтнүүдийг бус амин чухал үүрэгтэй бусад эрхтнийг ч гэсэн гэмтээдэг болохыг судлаачид тогтоосон. Өвчний хэлбэрээс хамааран хүн бүрд эдгэсний дараах үр дагавар харилцан адилгүй илрэх юм. АНУ-ын эрдэмтдийн үзэж байгаагаар Ковид-19 эдгэсний дараагаар эрүүл мэндэд 50 хүртэлх тооны хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй байна. Түүнчлэн ДЭМБ-ын мэдээлэлж буйгаар өвчилсөн 10 хүний нэгт нь эдгэсний дараагаар ч Ковидын дараах шинж тэмдгүүд илэрсээр байгаа аж.
Халдвар авсаны дараагаар өвчтөний зүрх, уушги, тархи, бөөр, судас гэх мэтчилэн эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Зарим судалгаанаас үзэхэд коронавирусийн халдвар нь мэдрэлийн систем, тархины үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж байгааг баталсан. Тухайлбал, нуруу өвдөх, гар хөлийн үзүүр бадайрах, амархан сульдах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа аж. Түүнчлэн Ковид-19-ын дараах хамгийн ноцтой хүндрэлүүдэд уушгины тромбоз (судасны хана гэмтэх үед судсанд үүсдэг бүлэнг), уушгины артери гэмтэх, булчин сулрах, ачаалал даах чадваргүй болох, оюуны болон биеийн хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй болох (астния), уушгины хэмжээнд нөлөөлдөг гэж үзэж байгаатай холбоотойгоор амьсгалын хүндрэлүүд үүсэх, сэтгэл түгших эмгэг бий болох, зүрхний хэм түргэсэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж байна. Эдгээр шинж тэмдгүүд нь дунджаар нэг болон түүнээс дээш сар үргэлжлэх хандлага ажиглагдаж байгаа юм. Хэрэв өвчний явц хүнд байсан бол Ковид-ын дараах шинж тэмдгүүд удаан хугацаанд үргэлжилнэ.
Нийтлэг ажиглагдах Ковид-19 дараах шинж тэмдгүүд
Үнэр алдах
Өвчлөгсдийн дийлэнх хувьд нь үнэр амт алдах шинж тэмдэг илэрч байгаа. Тэдгээрийн 13% нь нэг сарын хугацаанд эргээд хэвийн үнэрлэх, амтлах чадварууд нь сэргэсэн аж. Түүнчлэн эрчүүдийн хувьд энэ шинж тэмдэг нь эрчүүдийнхээс илүү хурдан арилдаг байна. Одоогоор уг хүндрэлийн эсрэг ямар нэгэн эм, эмчилгээ байхгүй байгаа юм. Учир нь чухам ямар шалтгааны улмаас үнэрлэх мэдрэмж алдагддаг болохыг тогтоогоогүй хэдий ч урьдчилсан байдлаар энэ нь хамрын салст бүрхэвч хавагнаснаас үүдэлтэй гэж дүгнэж буй.
Амархан ядрах
Эдгэсний дараагаар нэг сарын хугацаанд танд амархан ядарч, сульдах шинж тэмдэг ажиглагдаж болох юм. Зарим тохиолдолд уг шинж тэмдэг гурав хүртэлх сарын хугацаанд үргэлжлэх магадлалтай. Ихэнх тохиолдолд халдвар авахаас өмнө хийдэг байсан энгийн дадлуудыг гүйцэтгэхэд илүү хурдан хугацаанд ядрах шинж ажиглагдана. Харин зарим хүмүүсийн хувьд өдөр тутмын энгийн дадлаа хийх боломжгүй хэмжээнд ядардаг.
Энэ шинж тэмдэг нь бүх төрлийн халдварт өвчний дараа ажиглагддаг аж. Учир нь өвчний үед дархлаа тогтолцооны үйл ажиллагааны ачаалал эрс нэмэгдэж, үүний дараагаар бие махбод эргэн сэргэхэд их хэмжээний энерги зарцуулдаг байна. Иймд эдгэсний дараагаар ажил, амралтаа зохицуулж, сайтар унтаж амрах нь чухал юм.
Цээж хөндүүрлэх
Статистик мэдээллээс үзэхэд эдгэсний дараагаар өвчлөгсдийн 12,7%-д нь уушги гэмтсэний улмаас цээж хөндүүрлэх шинж тэмдэг илэрдэг байна. Хэрвээ уг шинж тэмдэг улам нэмэгдэж, толгой эргэх, амьсгаа давчдах зэрэг шинж илэрвэл зүрхний эмчид хандах шаардлагатай болохыг анхаарна уу.
Амьсгал давчдах
Эдгэсний дараагаар нийт өвчлөгсдийн 31,7%-д амьсгалын давтамж, хэмжээ зэрэг өөрчлөгдөх шинж тэмдэг ажиглагдаж байна. Энэ нь биед хангалттай хэмжээний хүчил төрөгч байхгүй байгаагийн илтгэж байгаа аж. Энэхүү хүндрэл нь маш удаан илаарших бөгөөд ойролцоогоор 2-3 сар орчим үргэлжилнэ. Хэрвээ амьсгал авахад хүндрэлтэй, цээж хөндүүрлэх, зүрхний хэм түргэсэх зэрэг шинж нэмж ажиглагдсан тохиолдолд уушги хангалттай хэмжээнд нөхөн сэргээгүй, хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж ойлгож болох юм. Эдгээр шинж тэмдгүүд дээр өвдөлт нэмэгдэж байгаа бол зүрхний дутагдал, хатгалгаа болон бусад амьсгалын, зүрх судасны тогтолцооны эмгэг байж болзошгүйг анхаарна уу.
Ханиалгах
Уг хүндрэлтэй эдгэсэн хүмүүсийн 13,5% нь тулгардаг. Энэхүү шинж тэмдэг нь 3 сар орчмын дараа арилдаг тул тусгайлан ямар нэгэн эмчилгээ хийх шаардлагагүй гэж үздэг байна.
Дархлаа тогтолцоо сулрах
Судалгаанаас үзэхэд эдгэсэн хүмүүсийн 83,2%-д нь уг шинж тэмдэг ажиглагддаг байна. Зарим хүмүүсийн хувьд дархлаа тогтолцоо 11 долоо хоногийн дараагаар бүрэн нөхөн сэргэдэг гэж үзнэ. Коронавирус нь дархлаа тогтолцооны үйл ажиллагаатай шууд холбоотой цусны лимфоцит эсүүдэд нөлөөлдөг тул дархлаа тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлдөг байна. Ийм тохиолдолд хүний халдвар авах эрсдэл нэмэгдэж, дараах дагалдах шинж тэмдгүүд ажиглагдах магадлалтай:
- Байнга ядарсан мэдрэмж төрөх
- Сульдах
- Тогтмол толгой өвдөх
- Сэтгэл гутрах
- Хангалттай хэмжээний нойр авсан хэдий ч нойрмоглох, нойр дутуу мэдрэмж төрөх
- Үс унах, хумс нимгэрэх, арьсны өнгө гандах
- Арьсны идээт үрэвсэл
- Мөөгөнцрийн эмгэг
- Амьсгалын замын эмгэг
Ковидын дараах синдром
Дээр дурдагдсан хүндрэлүүдийг нэгтгэн Ковидын дараах синдром гэж томьёолно. Ковидын дараах синдромын үргэлжлэх хугацаа, хөнгөн, хүндийн зэрэг нь өвчний хэлбэрээс шалтгаалгна. Судлаачдын хэлж буйгаар нийт өвчлөгсдийн 80 гаруй хувь нь хөнгөн, дунд зэргийн хэлбэрээр өвчилсөн ба тэдгээрт уг хүндрэлүүд ажиглагдахгүй эсвэл бага зэрэг ажиглагдах магадлалтай. АНУ-д хийгдсэн судалгаагаар эдгэсэн хүмүүсийн 35% 2-3 долоо хоногийн дараа ч эрүүл мэнд бүрэн сэргээгүй байгааг тогтоосон. Харин амьсгалын аппаратанд орсон, хууч өвчтэй бол дээр дурдагдсан хүндрэлүүд илрэх нь гарцаагүй гэж үзэж байна.
Мэдрэлийн гаралтай хүндрэл
Мэдрэлийн гаралтай хүндрэл эдгэсэн хүмүүсийн 99%-д тохиолдож байгаа болохыг тогтоосон. Тухайлбал, толгой өвдөх, үнэр, амт алдах, сэтгэл түгших, гутрах, мэдрэх чадвар сулрах зэрэг багтаж байгаа юм. Түүнчлэн эдгэсэн хүнд сонсголын галлюцинации, сэтгэл түгшүүр, ядрах, хөдөлмөрийн чадвар буурах, ой санамж муудах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Судлаачдын мэдэгдэж буйгаар энэхүү хүндрэл нь нэг сараас дээш хугацаанд явагдах магадлалтай аж. Өвчин хүнд хэлбэрээр явагдсан тохиолдолд мэдрэлийн төв системийг гэмтээх эрсдэлтэй.
Зүрхний дутагдал
Коронавирусийн халдвар зүрхний мэдрэлийн эсүүдийг гэмтээдэг тул зүрхний хэм алдагдах, хэвийн үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдах магадлалтай. Хэрвээ өвчтөн зүрхний хууч өвчтэй байсан бол зүрхний архаг дутагдалд өртөх эрсдэлтэй, учир нь өвчний явцад зүрх хангалттай хэмжээний хүчтилтөрөгч болон шаардлагатай витамин, эрдэс бодис авч чадахгүйд хүрдэг. Хэрвээ танд амьсгал давчдах шинж тэмдгүүд илэрч байгаа бол мэргэжлийн зүрхний эмчид хандах зайлшгүй шаардлагатай.
Бусад хүндрэлүүд
Коронавирусийн халдвар нь бие махбодын бараг бүхий л эрхтэнд тархдаг тул аминд халтай эмгэгүүд үүсч, хөгжих эрсдэлтэй байна.
Уушгины цулцан фиброзжих
Уушгин дахь цулцангийн хана үрэвсэж зузаарахыг цулцан фиброзжих гэнэ. Энэ өвчний үед цусны урсгалд хүчилтөрөгч нэвтрэхэд хүндрэлтэй болсноор цусан дахь хүчилтөрөгчийн түвшин буурдаг. Улмаар дараах шинж тэмдгүүд илэрнэ:
- Амьсгаадах
- Байнга хуурай ханиалгах
- Үеэр өвдөх
- Хоолны дуршил, биеийн жин буурах
Энэ нь зүрх, судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Хүндэрсэн тохиолдолд амьсгалын аппаратгүйгээр амьсгалах боломжгүй болно. эрсдэлтэй. Хэдийгээр эдгэсний дараагаар танд ямар нэгэн зовуурь илрэхгүй байж болох ч компьютер томографын зураг авахуулахыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.
Вирусийн шалтгаант миокардит
Миокардит нь зүрхний булчингийн үрэвсэл юм. Энэ нь ихэвчлэн вируст халдварын үр дүнд бий болох эрсдэлтэй байдаг. Миокардитын үед дараах нийтлэг шинж тэмдгүүд илэрнэ:
- Сульдах
- Зүрхний хэм алдагдах
- Цусны даралт буурах
- Биеийн хэм нэмэгдэх
Миокардитын шинж тэмдгүүд нь эдгэсний дараагаар шууд илрэхгүй байх магадлалтай ч, уртдаа хэдэн сарын дараа ажиглагдах эрсдэлтэй юм. Иймд, та тогтмол зүрх судасны эмчийн үзлэгт хамрагдах шаардлагатай гэдгийг бүү мартаарай.
Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны гэмтэл
Коронавирусийн эмчилгээний үед хүчтэй антибиотикууд хэрэглэдэг. Эдгээр нь ходоод гэдэсний салст бүрхэвчийг гэмтээх эрсдэлтэй юм. Иймд хэвлий орчимд таагүй мэдрэмж төрөх, өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд та мэргэжлийн эмчид хандаарай.
Мэдрэлийн төгсгөлийн үрэвсэл
Мэдрэлийн эсүүд гэмтсэний улмаас мэдрэлийн төгсгөлийн үрэвсэл үүсэх эрсдэлтэй байдаг. Энэ тохиолдолд мэдрэхүйн чадвар буурах, ядрах, толгой өвдөх ба эргэх, ярихад бэрхшээл тулгарах, залгихад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Мэдрэлийн тогтолцооны гэмтэл
Ковид-19 эдгэсний дараагаар өвчтөнд төрөл бүрийн сэтгэцийн өөрчлөлтүүд ажиглагдаж байгааг урьдчилсан байдлаар тогтоосон. Тухайлбал, сэтгэл түгших, сэтгэл гутрал, ахмад настнуудад хий зүйл сонсогдох гэх мэтчилэн. Одоогоор энэ асуудлыг илүү нарийвчлан судалж байгаа аж.
Зүрх судасны тогтолцооны үйл ажиллагаа алдагдах
Өвчтний дийлэнх хувьд зүрхний хэм алдагдах, цусны даралт ихсэх, миокардит зэрэг эмгэгүүд ажиглагдаж байна. Хэдийгээр эдгэсэн ч цус харвах, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл байдаг тул мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдахыг зөвлөж байна.
PS: Энэхүү нийтлэл нь дэлхий дахинд Ковид-19-өөр өвчилж эдгэсэн өвчтөнүүдийн дунд хийгдсэн судалгаан дээр суурилан бэлтгэгдсэн болно. Өвчний хэлбэрээс шалтгаалан эдгээр хүндрэлүүдийн илрэх хэлбэр өөр өөр байх юм. Түүнчлэн хэрэв өвчний явц хөнгөн хэлбэртэй явагдсан бол эдгээр хүндрэлүүд огт илрэхгүй байх магадлалтай. Гэвч та өөрийн эрүүл мэндэд үүсэх аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдахыг зөвлөж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube