Гүйлсэн булчирхайн үрэвсэл
Гүйлсэн булчирхай нь хоолойн арын хэсгийн 2 талд тунгалгийн булчирхайн эдээс тогтох бөгөөд халдварын эсрэг үйлчлэх, хүний дархлааны чухал хэсэг юм. Гүйлсэн булчирхайд халдвар нэвтэрч үрэвсэн өвдөхийг гүйлсэн булчирхайн үрэвсэл гэнэ.
Шалтгаан
Гүйлсэн булчирхайн үрэвслийн гол шалтгаан бол халдвар. Халдвар нь ханиад үүсгэгч вирус болон стрептококк бактерийн шалтгаантай байдаг. 10-аас доош насны хүүхдэд гүйлсэн булчирхайн үрэвсэл элбэг бөгөөд шалтгаан нь олон төрлийн хавсарсан халдвар авснаас үүсдэг байна. Гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй хүүхдэд аденоид цуг томордог. Хүүхэд томрох тусам гүйлсэн булчирхай жижгэрэх ба насанд хүрэхэд халдвар авах нь багасдаг аж.
Шинж тэмдэг
Гүйлсэн булчирхайн үрэвслийн шинж тэмдэг 24-36 цагийн дотор илрэх ба дараах шинжүүд ажиглагдана:
- Хоолой өвдөж, залгихад хөндүүрлэх
- Хүзүүний тунгалгийн булчирхай томрох
- Халуурах
- Толгой өвдөх
- Хэвлийгээр өвдөх магадлалтай
Нярай болон бага насны хүүхэд хоолой өвдсөнөөс юм залгихдаа зовуурьтай болж юм идэж уухгүй дургүйцнэ. Тэд бас нозоорсон, уцаартай болдог. Заримдаа амаа ангайх, залгихад зовуурь үүсгэдэг гүйлсэн булчирхайн ард үүссэн бугалааг хурц паратонзилит гэдэг. Энэ үед хүүхэд амаа нээх, юм залгихад бэрхшээлтэй болж үрэвсэл эхэлснээс хойш хурдан хугацаанд халуун нэмэгдэх ба таталт өгөх шалтгаан болж болно.
Эмчилгээ
Эмч хүүхдийн хоолойг үзээд хоолойн арчдасын шинжилгээ авна. Мөн эмч чихний халдвар байгаа эсэхийг үзэхийн тулд хүүхдийн чихийг шалгана. Хоолойд бактерийн халдвар байвал эмч антибиотикийн курс эмчилгээг зөвлөдөг.
Ихэнх гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй хүүхэд хэдхэн хоногт бүрэн эдгэрнэ. Гэсэн ч хүүхэд шингэн хангалттай уугаагүйгээс шингэний дутагдалд орвол эмнэлэгт судсаар шингэн сэлбэж, антибиотик хийх эмчилгээг зөвлөдөг. Харин паратонизилит үүсвэл буглааг мэс заслын аргаар нээхэд хүрдэг.
Зарим хүүхэд гүйлсэн булчирхайн үрэвслээр дахин дахин өвчилдөг боловч 10 нас хүрэхэд өвдөх нь багасна.
Зөвлөгөө
Гэрийн нөхцөлд үзүүлэх энгийн тусламжийг сурах хэрэгтэй. Халуун бууруулахаар шингэн парацетамол юм уу, ибупрофен тохирох тунгаар өгөх ба ялангуяа хүүхэд тань бөөлжиж байвал шингэнийг баг багаар, ойр ойрхон өгнө. Энэ нь шингэний дутагдлаас урьдчилан сэргийлэх юм. Хоолойн өвдөлтөд сүү зэрэг хүчилгүй хүйтэн шингэн өгөх ба арай том хүүхдэд зайрмаг, мөстэй чихэр өгч болно. Том хүүхдүүдэд хоолойн эм хүлхүүлэх, давстай усаар хоолой зайлахад өвдөлт намдахад тусална. Хүүхдийн халуун буухгүй, шингэн маш бага уух болон 24 цагийн дотор шинж тэмдэг сайжрахгүй бол зайлшгүй эмчид хандах хэрэгтэй.