Улаан эсэргэнэ
Улаан эсэргэнэ нь А хүрээний стрептококк бактериар үүсгэгдэж, агаар дуслын замаар дамжин халдаврладаг эмгэг юм. Халдвар авсан тохиолдолд ерөнхий хордлого, гүйлсэн булчирхайн үрэвсэл, арьсан дээр тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин. Бага насны хүүхдүүд, тэр дундаа 10 хүртэлх насны хүүхдүүд өртөмтгий байна. Хүүхэд насанд нэг удаа тусдаг боловч аюултай өвчин юм.
Шинж тэмдэг
Халдварын нууц үе дунджаар 2-5 хоног байх ба дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:
- 38-40 хэм хүртэл цочмог халуурч эхэлнэ
- Бага насны хүүхдэд бөөлжих, хэвлийгээр өвдөх
- Хоолой болон толгой өвдөх
- Хөөмий, залгуир хоолой, хүүхэн хэл, зөөлөн тагнай орчим улайх, гүйлсэн булчирхай томорч залгихад эмзэглэлтэй болж хөндүүрлэнэ
- Арьсан дээр маш хурдан улаан гүвдрүүт тууралт хүзүү, эх бие, суганы хонхор, цавь хэсгээр шигүү байрлаж гардаг
Хэл зузаан цагаан өнгөртэй болох ба хэд хоногийн дараа тод улаан өнгөтэй болж, хөхлөгүүд нь томорч бөөрөлзгөнө шиг болдог.
Оношилгоо
Улаан эсэргэнийг ихэвчлэн шинж тэмдгээр нь оношилдог ба антибиотик эмчилгээ эхлэхийн өмнө хоолойноос арчдас аван бактерийг илрүүлэх шинжилгээ хийгддэг. Түүнчлэн, цусны шинжилгээгээр үрэвслийн үзүүлэлт болох CRP (C – реактив уураг) хэмжээг тодорхойлох ба лейкоцит (цагаан бөөм) түвшингээр тус тус тодорхойлж болно.
Урьдчилан сэргийлэлт
Хувийн ариун цэврийг сайтар сахиж, өөрийн ахуйн хэрэгслийг хүнтэй сольж хэрэглэхгүй байх нь чухал. Түүнчлэн халдвар авсан хүнтэй ойр байсан бол дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй:
- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулах
- Халуун, бүлээн унд цай, шингэн зүйлс сайтар хэрэглэх
- Ам, хамрын хөндий, хоолойгоо өдөрт 2-3 удаа цэвэрлэх, зайлах
- Дулаан хувцаслах