Лаймын өвчин
Лаймын өвчин нь боррелийн нянгаар үүсгэгдэх, байгалийн голомтот халдварт өвчин юм. ХХ зууны эхэн үед эрдэмтэд хачигт хазуулсан хүмүүсийн тухайн газарт улайж, өвдөлт өгч, улмаар мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт орж байсан талаар бичиж тэмдэгдэсэн байдаг. Харин 1975 онд АНУ-ын Коннектикут мужийн Лайма хотын хэсэг оршин суугчдын дунд нэгэн төрлийн хачигт хазуулснаас үений үрэвсэл бүхий өвчний дэгдэлт гарч улмаас ийнхүү нэрийг өгчээ.
Шалтгаан
Гол төлөв өвчнийг үүсгэгчийг дамжуулах хачигны төрөл амьдрах газар зүйн дунд бүсийн, ой мод ихтэй орон нутагт тохиолдоно. Лаймын өвний халдварын эх уурхай нь зэрлэг мэрэгчид, буга, гэрийн тэжээвэр амьтад (нохой, муур, хонь, бод мал) ба шувуу болно. Байгаль дээр хачигийг тэжээгч 130 төрлийн сүүн тэжээлтэн, 100-аад төрлийн шувууд байдаг.
Хачиг нь боррелийг нэг амьтнаас нөгөө амьтанд, мөн хүмүүст тараана. Харин халдвар хүнээс хүнд дамжин халдахгүй. Хүнд халдвар тээгч хачиг хазахдаа түүний халдвартай шүлсээр өвчин үүсгэгч дамжин орно. Халдварлалт гол төлөв зуны цагт 5-8 сарын хооронд ихэсдэг.
Шинж тэмдэг
Халдвартай хачигт хазуулсан хүн тэр болгон энэ өвчнөөр өвчлөхгүй, 70%-д эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүй ба ийлдэс судлалын шинжилгээнд өөрчлөлт гардаггүй байна. Лаймын өвчний нууц хугацаа 3-32 хоног ба эмнэл зүйн илрэл олон янз бөгөөд 3 үе шатыг дамжин явагдана.
1-р үе (4-5 долоо хоног үргэлжилнэ):
- Бие эвгүйрэх
- Халуурах
- Булчингаар өвдөх
- Толгой, дагз хүчтэй өвдөх
- Хачиг хазсан хэсэгт 3-10 см хүртэл голчтой, төвдөө цайвардуу өнгөтэй цагирган улаан тууралт гарна
- Тууралттай газар улайж, тухайн хэсэгт халуу оргиж чинэрэх, мэдээ алдах, хааяа загатнана
2-р үе (өвчний 2-4 дахь долоо хоногоос эхэлнэ):
- Гар хөл саажих
- Харааны ба сонсголын мэдрэлийн үрэвсэх
- Зүрх дэлсэх
- Цээж өвдөх
- Амьсгал давчдах
- Арьсан дээр тууралт
- Үений өвдөлт
3-р үе (архаг халдварын үе):
- Нэг талын өвдөг, шагайны том үенүүд үрэвсдэг
- Үений яс, мөгөөрсөнд бүтцийн өөрчлөлт орох
- Үе ба түүний эргэн тойрны эдэд шохойжилт, ясны бүтцэд өөрчлөлт орно
- Үе мөч хөшихгүй боловч байнга өвдөнө
- Шилбэ, гуя, тохой, өвдөг орчмын арьс хатуурч зузаарсан, өнгө нь гялалзсан цайвар болсон
- Хөл, гарын дотор талын арьсан дээр эхлээд хөх туяатай улаан толбонууд гарч, тэр нь бага багаар томорсоор хоорондоо нийлэн зузаарч, хожуупаа тэндэхийн арьс хатангиршин тамхины цаас шиг нимгэн болдог
Удаан хугацааны эмчилгээ шаардлагатай ч лаймын өвчний тавилан сайн байдаг боловч дахих хандлагатай.
Оношилгоо
Асуумж хэлбэрээр өвчтөн хачигт хазуулсан, ой хээрийн газар нутгаар явж байсан эсэхийг тодруулна. Эмнэл зүйд хачигт хазсан хэсэг газарт үүссэн арьсны өөрчлөлт, мэдрэлийн тогтолцоо, зүрх, үенүүдийн өөрчлөлтүүдэд илрэх шинж тэмдгүүдэд тулгуурлана. Мөн лабораторийн цусны шинжилгээнд хамрагдаж халдварыг тодорхойлох боломжтой.
Эмчилгээ
Лаймын өвчний эмчилгээг иж бүрэн, шалтгааны эсрэг, эмгэг жамын үндэслэлтэй явуулна. Шалтгааны эсрэг эмчилгээнд цефалоспорины бүлгийн антибиотикуудыг зохих тунгаар хэрэглэдэг зохих тунгаар хэрэглэдэг. Өвчин архаг хэлбэрт шилжсэн боловч мэдрэл, зүрх, үе мөчний гэмтэл үрэвслийн шинж тэмдгээр илэрвэл антибиотикийг ердийн тунгаар 14-28 хоногийн турш тарина. Иж бүрэн эмчилгээний явцад хордлого тайлах, С, В бүлгийн витаминууд, дархлалыг дэмих бэлдмэлүүдийг хавсарган хэрэглэдэг.
Урьдчилан сэргийлэлт
Халдварын голомт бүхий газар оронд зорчих 15-70 насны хүмүүс вакцинд хамрагдахыг зөвлөнө. Өвөрмөц бус урьдчилан сэргийлэх арга хэмжээнд халдварын голомтод хаичгийн тоог янз бүрийн аргаар багасгах арга хэмжээ ордог. Харин хувь хүний талаас аль болох хачиганд хазуулахгүй байх арга хэмжээг авч, битүү хувцас өмсөх, толгой, хүзүү, суга, цавь зэрэг зөөлөн арьстай газруудаа хачиганд хазуулахаас хамгаалж байх. Хэрвээ хачиганд хазуулбал өвчлөх аюулаас сэргийлэх зорилгоор эхний 5 хоногт тетрациклиныг хоногт 2.0г уух, эсвэл бициллин 3-ыг 1 удаад 2.4-2.5 сая нэгжээр булчинд тарих арга хэмжээ авдаг.