Түрүү булчирхайн томрол
Түрүү булчирхай нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний нэг бөгөөд давсагны доод хэсэгт шээсний сувгийг хүрээлэн оршдог хушганы хэмжээтэй эрхтэн юм. Түрүү булчирхайн хоргүй томрол нь эрчүүдэд нас ахихад түгээмэл тохиолддог эмгэг. Томорсон түрүү булчирхай нь давсагнаас шээс гарах урсгалыг саатуулах, шээхэд хүндрэлтэй шинж тэмдгүүдийг учруулна.
Шалтгаан
Түрүү булчирхайн томролын шалтгаан бүрэн тогтоогдоогүй. Гэвч эрэгтэй хүн нас ахихад бэлгийн дааврын тэнцвэрт байдал өөрчлөгдсөнтэй холбоотой байж магадгүй гэж үздэг.
Эрсдэлт хүчин зүйлс:
- Насжилт. 40-өөс дээш насны эрчүүдэд түрүү булчирхай томролын шинж тэмдэг ховор байдаг. Харин 60 насанд эрчүүдийн 1/3, 80 насанд 50%-д шинж тэмдэг дундаас хүнд зэргээр илэрдэг байна.
- Гэр бүлийн түүх. Эцэг болон ах нь түрүү булчирхайн асуудалтай байсан бол эрсдэл нэмэгдэнэ.
- Чихрийн шижин болон Зүрхний эмгэг. Эдгээр эмгэг болон артерийн даралт буулгах бета-хориглогч бүлгийн эмийн хэрэглээ нь түрүү булчирхайн томролын эрсдэлийг ихэсгэдэг болохыг судалгаанууд харуулсан байна.
- Амьдралын хэв маяг. Таргалалт уг эмгэгийн эрсдэлийг ихэсгэдэг бол дасгал хөдөлгөөн эрсдэлийг бууруулдаг байна.
Шинж тэмдэг
Түрүү булчирхайн томролын үед илрэх шинж тэмдгүүд хүндийн зэргээс хамааран янз бүр байх боловч хугацаа өнгөрөх тусам дорддог байна.
Түгээмэл шинжүүд:
- Олон дахин, яаралтай шээх хэрэгтэй болох
- Шөнө олон шээх
- Шээхэд хүндрэлтэй болох
- Шээсний урсгал сул болох
- Шээсний төгсгөлд шээс дуслах
- Давсаг бүрэн сулрахгүй байх
Түгээмэл бус шинжүүд:
- Шээс дамжуулах замын халдвар
- Шээж чадахгүй байх
- Цустай шээх
Түрүү булчирхайн хэмжээ шинж тэмдгийн хүндийн зэргийг тодорхойлохгүй. Учир нь зарим өвчтөнд түрүү булчирхай бага зэрэг томорсон боловч шинж тэмдэг ноцтой илэрсэн, булчирхай маш их томорсон боловч шинж тэмдэг бага байж болдог. Мөн зарим эрчүүдэд шинж тэмдэг тогтворжиж, хугацаа өнгөрөх тусам сайжирч болдог байна.
Бусад илэрч магадгүй шинжүүд:
- Түрүү булчирхайн үрэвсэл
- Шээсний сүв нарийсал
- Өмнөх мэс заслын дүнд давсагны хүзүү хэсэг сорвижих
- Бөөр, давсагны чулуу
- Давсагны мэдрэлтэй холбоотой асуудлууд
- Давсаг, түрүү булчирхайн хавдар
Оношилгоо
- Шулуун гэдэсний хурууны үзлэг. Шулуун гэдэсний үзлэгээр түрүү булчирхай томорсон эсэхийг шалгана.
- Шээсний шинжилгээ
- Цусны шинжилгээ
- Түрүү булчирхайн өвөрмөц антигены /Prostate-specific antigen – PSA/ шинжилгээ. Түрүү булчирхай томорсон үед PSA-ын түвшин ихэсдэг. Гэвч саяхан хийгдсэн ажилбар, мэс засал, халдвар, хавдрын улмаас PSA ихсэж болдог.
Нэмэлт шинжилгээ:
- Шээсний урсгал шинжлэх
- Шээсний дараах үлдэгдэл шээс хэмжих
- 24 цагийн шээсний давтамж, хэмжээг шинжлэх
- Шулуун гэдсээр хэт авиан шинжилгээ хийх
- Түрүү булчирхайн эд, эсийн шинжилгээ
- Уродинамик болон шээсний урсгалын даралт шинжлэх
- Давсаг дурандах
Эмчилгээ
Эмчилгээний сонголт нь түрүү булчирхайн хэмжээ, өвчтөний нас, эрүүл мэндийн байдал, шинж тэмдгээс хамаарна. Эмийн эмчилгээ, бага инвазив болон мэс засал эмчилгээ бий.
Эмийн эмчилгээ.
Ихэвчлэн түрүү булчирхай томролын хөнгөн болон дунд зэргийн шинж тэмдгийн үед зөвлөдөг.
Дараах бүлэг эмүүд бий.
- Альфа хориглогч. Давсагны хүзүү болон түрүү булчирхайн булчинг суллан шээхэд хялбар болгоно.
- 5-альфа редуктаз хориглогч. Түрүү булчирхай дааврын өөрчлөлтийн улмаас томрохоос сэргийлнэ.
- Хавсарсан эмийн эмчилгээ
Бага инвазив болон мэс засал эмчилгээ
Дараах тохиолдолд мэс засал эмчилгээг зөвлөж болно.
- Дундаас хүнд зэргийн шинж тэмдэгтэй
- Эмийн эмчилгээнд үр дүнгүй
- Шээс дамжуулах замын бөглөрөл, чулуу, цустай шээх болон бөөрний хүндрэл үүссэн
- Өвчтөн бүрэн эмчлүүлэх хүсэлтэй
Мэс засал эмчилгээний сонголтууд:
- Түрүү булчирхайн трансуретрал тайралт
- Түрүү булчирхайн трансуретрал зүслэг
- Түрүү булчирхайн бичил долгионт дулааны эмчилгээ
- Лазер эмчилгээ
- Шээсний суваг тэлэх
- Түрүү булчирхайн судсыг бөглөх /Эмболизаци/
- Түрүү булчирхай авах мэс засал
Мэс засал эмчилгээний дараах зөвлөмж:
Хэрэв лазер болон богино долгионы эмчилгээ хийлгэсэн бол 7 хоногийн турш хүнд зүйл өргөх болон эрчимтэй дасгал хийхийг хязгаарлах, түрүү булчирхай авах хагалгаа хийлгэсэн бол 6 долоо хоног идэвхтэй хязгаарлах хэрэгтэй.
Хүндрэл
- Шээс хаагдах /Гэнэт шээс чадахгүй болох/. Энэ тохиолдолд давсгыг суллахын тулд давсагт гуурс тавьдаг. Зарим эрэгтэйчүүдэд шээс хаагдлыг намдаахад мэс ажилбар шаардагдаж болно.
- Шээс дамжуулах замын халдвар. Давсаг бүрэн сулрахгүй байх нь халдварын эрсдэлийг ихэсгэдэг. Хэрэв шээс дамжуулах замын халдвар олон тохиолдож байвал түрүү булчирхай авах мэс засал шаардлагатай байж болно.
- Давсагны чулуу. Энэ нь ихэвчлэн давсаг бүрэн сулрахгүй шээс удаан хугацаанд байсны улмаас үүсдэг. Давсагны чулуу нь халдвар, давсгыг цочроох, цустай шээх, шээсний урсгалыг хааж бөглөх зэрэг хүндрэлүүд үүсгэж болно.
- Давсаг гэмтэх. Шээхэд давсаг бүрэн сулрахгүй байснаар давсагны хана сунаж, сулардаг. Ингэснээр давсагны хана агших чадваргүй болж давсаг бүрэн суллахад улам хүндрэлтэй болдог.
- Бөөрний гэмтэл. Шээс хаагдаж давсагт даралт ихсэх нь бөөрийг гэмтээж болно. Сөн давсагны халдвар өгсөх замаар бөөрөнд дамжиж болно.
Түрүү булчирхай томорсон ихэнх эрчүүдэд дээрх хүндрэлүүд тохиолдохгүй. Гэвч шээс гэнэт хаагдах болон бөөрний гэмтэл нь эрүүл мэндэд ноцтой байдал үүсгэж болзошгүй юм.
Түрүү булчирхайн томрол нь түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэггүй гэж үздэг.