Эрүү зуурах (Татран)
Татран нь мэдрэлийн системд нөлөөлж, биеийн хэсэг булчингуудыг чангаралтад оруулах аюулд хүргэдэг хурц нянгийн гаралтай халдварт өвчин юм. Өөрөөр эрүү зуурах өвчин гэж нэрлэгддэг бөгөөд тухайн халдвар голдуу эрүү, хүзүү хавийн булчингуудад голчлон нөлөөлдөг онцлогтой.
Татран буюу эрүү зуурах өвчин нь эмчлэгдээгүй тохиолдолд үхэлд хүргэх аюултай байдаг байна. Дэлхийн урьдчилан сэргийлэх, хяналт магадлагааны байгууллагын гаргасан мэдээллээс үзэхэд уг өвчний нийт тохиолдлын 10–20% нь амь насанд хүрсэн тогтоогдсон тул халдварлагдсан үедээ яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Мөн вакцины хүрэлцээ сайтай өндөр хөгжилт улс орнуудад тийм ч түгээмэл биш, харин эсрэгээр хөгжил буурай орнуудад ихээр ажиглагдах хандлагатай байдаг аж.
Шалтгаан
Клостридум титаны гэх нян өвчнийг үүсгэх бөгөөд түүний спор нь хир тоос, амьтны үс зэрэгт агуулагдаж байдаг. Спор гэж амьд биеийн үржилд оролцдог жижиг биетүүд бөгөөд хэт өндөр, нам температураас эхлэн аливаа хүрээлэн орчны өөрчлөлтөд маш тэсвэртэй. Эдгээр спорууд хүний биед гүн шарх буглаа, зүссэн арьс зэргээр дамжин орж, улмаар тархи мэдрэлийн замд очин цацагддаг. Мэдрэлийн замд орсон нянгийн спорууд титаноспазм гэх хорт бодис ялгаруулснаар тархинаас булчингуудад очих мэдрэлийн дохиоллыг дарангуйлж, хурц хэлбэрийн булчин шөрмөс таталтыг үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Татран дараах тохиолдлуудтай холбогдох боломжтой. Үүнд:
- Осол гэмтэл
- Үхсэн эдийг үүсгэхүйц гэмтэл
- Түлэгдэлт
- Персинг, шивээс, тарилга
- Шүлс болон өөр бусад зүйлсээр бохирлогдсон шарх
Дараах тохиолдлуудтай ховор тохиолдолд холбогдоно. Үүнд :
- Амьтанд хазуулах
- Шүдний үрэвсэл
- Шавжинд хазуулах
- Хурц шарх, үрэвсэл
Татран хүнээс хүнд халддаггүй. Дэлхий даяар тархсан байдаг ч гэлээ илүү олон хүн амтай, халуун хуурай орнуудад ихэвчлэн тохиолддог.
Шинж тэмдэг
Татран булчин удирддаг хэсгийн мэдрэлийн нервийг дарангуйлах тул эрүү, хүзүүнээс эхлээд хэвлий, нуруу, цээжний зэрэг булчингуудад таталт өгнө. Залгих рефлекс ч хийгдэхэд хүндрэлтэй болох нь бий. Бусад түгээмэл шинж тэмдгүүдийг дурдвал:
- Зүрхний цохилт түргэсэх
- Халуурах
- Хөлрөх
- Цусны даралт ихсэх
Халдварын үргэлжлэх хугацаа 3-21 хоног байх ба халдвар авснаас хойш 14 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрч эхэлдэг.
Оношилгоо
Татран бусад өвчний адил лабораторийн тестээр оношлогддоггүй. Харин шинж тэмдэг төстэй өөр бусад өвчин, тухайлбал менингит, халдварт галзуу өвчин, тархины хаван, үрэвсэл үүсгэдэг халдвар зэргээс ялган таних зорилгоор шинжилгээ хийдэг байна. Эмч юун түрүүнд биеийн татсан, чангарсан булчин шөрмөснүүдийг шалгана. Мөн шаардлагатай тохиолдолд дархлаажуулалтын түүх шалгах хэрэгтэй ба дархлаажуулалт хийлгээгүй буюу хамрагдах хугацаанаас хэтэрсэн тохиолдолд уг өвчнийг тусах илүү эрсдэлтэй.
Эмчилгээ
Шинж тэмдгийн хүндрэлээс шалтгаалж хийгдэх эмчилгээ харилцан адилгүй. Тухайн хүний байдлаас хамаарч дараах эмчилгээний аргуудаас хийгдэнэ. Үүнд:
- Үрэвслийг дарах зорилгоор антибиотик хэрэглэх
- Булчин суллагч
- Бактерийн эх үүсвэрийг устгах зорилгоор шархийг цэвэрлэж ариутгах
- Татран эмчилгээтэй хавсарсан вакцинжуулалт
- Татрангийн эсрэг дархлааны эм бэлдмэл
Хүндрэл
- Хоолойн хөвч болон амьсгалахад оролцдог хэсгийн булчингуудын чангарлаас шалтгаалж амьсгалахад хэцүү болох
- Уушгины хатгалгаа
- Хүчилтөрөгчийн дутмагшлаас үүсэлтэй тархины гэмтэл
- Зүрхний хэм алдагдал
- Гэнэтийн таталтаас болж яс хугарах, бэртэх
- Эмнэлгийн орчноос үүсэлтэй өөр бусад халдваруудад өртөх
Урьдчилан сэргийлэлт
Вакцинжуулалт зөвхөн цаг хугацаандаа хийлгэж дадсан нөхцөлд найдвартай хамгаалалт болж чадна. Хүүхэд дахин вакцинжуулалтад 11 – 12 насандаа орох шаардлагатай бөгөөд үүнээс хойш сахуу татрангийн вакцин (Td/Tetanus and diphtheria вакцин гэх ба хоолойн сахуу болон татран өвчнөөс зэрэг хамгаалах үйлчилгээтэй)–ыг 10 жил тутам хийлгэх хэрэгтэй. Мөн ил задгай шарх сорвио сайн цэвэрлэх нь нэн чухал бөгөөд шархандаа хөрс шороо, өөр бусад бохир зүйлс хүргэсэн бол урьдчилан сэргийлэх үзлэгт орох нь нэн чухал.
Үр дагавар
Эмчлэгдээгүй, эмнэлгийн тусламж цаг тухайд нь аваагүй тохиолдолд үхэлд хүргэдэг ба хүүхэд болон өндөр настнууд эндэх эрсдэлтэй. Сүүлийн үеийн мэдээллүүдээс үзэхэд нийт татрангийн тохиолдлын 11 хувь нь амь насаа алдсан мэдээлэл гарсан. Түүнээс вакцинжуулалтад цаг тухайд нь хамрагдаагүй үед 22 хувь, 60 наснаас дээш өндөр настнууд 18 хувийн үзүүлэлттэй байжээ.
Татран дахиж болохуйц өвчин тул вакцин хийлгээгүй тохиолдолд өмнө тусч байсан ч дахих магадлалтай тул вакцинжуулалтад хамрагдах нь нэн чухал болохыг дахин сануулья.