Зүрхний дутагдал
Зүрхний дутагдал нь зүрхний булчингийн агшиж сунах хөдөлгөөн муудсанаас үүднэ. Зүрхний титэм судасны нарийсал, зүрхний булчингийн үрэвсэл, цусны даралт ихсэх зэрэг нь зүрхийг муутгаж, хурдан цохилоход хүргэдэг. Ихэвчлэн зүрхний зүүн ховдлын булчингийн агших чадвар буурдаг. Энэ үед эд эрхтний бодисын солилцоонд шаардлагатай цусыг шахаж чадахгүй болно.
Амьдралын хэв маягаа өөрчилж, зүрхний дутагдалд хүргэх титэм судасны нарийсал, цусны даралтын өөрчлөлт, чихрийн шижин, таргалалт зэргийн өвчнүүдийг хяналтандаа байлгах нь зүрхний дутагдлаас үүдэлтэй шинж тэмдгүүдийг бууруулж, удаан амьдрахад тань тус болно.
Зүрхний дутагдлын төрлүүд | Тайлбар |
Зүүн талд | Уушгинд шингэн хуралдаж, амьсгал давхцахад хүргэнэ |
Баруун талд | Хэвлийд шингэн хуралдаж, хөл хавагнаж хөөнө |
2 талд | Зүрхний хэм алдагдаж хурдан цохилно. |
Шалтгаан
Зүрхний дутагдал нь ихэвчлэн зүрхний булчинг гэмтээсэн бусад шалтгаанаас үүдэлтэй байдаг. Цохилтуудын явцад цусыг бүрэн гүйцэд шахаж чадахгүй тул хурдан цохилоход хүргэдэг. Зарим тохиолдолд зүрхний булчин гэмтэн биеийг хэвийн байлгах хэмжээний цус шахаж чадахгүйд хүргэнэ.
Зүрхний дутагдал нь баруун талдаа, зүүн талдаа эсвэл 2 талд аль алиныг нь хамарсан байж болдог.
Дараах нөхцлүүд нь зүрхийг гэмтээж, зүрхний дутагдал үүсгэх эх үүсвэр болдог.
- Зүрхний шигдээс болон зүрхний титэм судасны нарийсал
- Цусны даралт ихсэх
- Зүрхний булчин гэмтсэн бол
- Зүрхний булчингийн үрэвсэл
- Төрөлхийн зүрхнийгажгууд
- Зүрхний хэм алдагдах
- Чихрийн шижин,ДОХ, бамбай булчирхайн тархмал хордлогот бахуу, бамбай булчирхайн дааврын хэт багасалт, төмрийн илүүдэл зэргийн бусад өвчнүүд нь зүрхний дутагдалд хүргэх тохиолдол ч байдаг.
Нөлөөлөх хүчин зүйлс
- Зүрхний булчинг гэмтээдэг вирусээр халдварлах
- Алкоголийн зохисгүй хэрэглээ
- Тамхи татах
- Хэт таргалалттай байх зэрэг орно.
Шинж тэмдэг
Зүрхний дутагдал нь гэнэтийн байдлаар үүссэн эсвэл урт хугацааны туршид үргэлжлэн архаг хэлбэртэй болсон байж болно. Энэ өвчнөөр өвчилсөн бол дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:
- Амьсгал давхцах
- Ядарч сульдах
- Хөл, шагай хэсгээр хавдах
- Зүрхний хэм тогтворгүй болох
- Ихээр ханиалгах, ягаан өнгийнцэр гарах
- Шөнө бие засахнь ихсэх
- Хэвлий хавагнах, хөөх
- Гэнэт жин нэмэх
- Хоолны дуршил муудаж, толгой эргэх
- Анхаарал төвлөрөх чадвар муудах
- Гэнэт амьсгал давчдах
- Уушги хавагнах
- Цээжинд дээр дарж өвдөхзэрэг орно.
Хэзээ эмчид хандах вэ?
- Цээж дарж өвдөх
- Ядарч сульдах
- Ухаан алдах
- Зүрх маш хурдан цохилох
- Амьсгал давхцах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол яаралтай түргэн тусламж дуудна уу. Учир нь эдгээр шинж тэмдэг нь зүрхний дутагдал, зүрхний шигдээс болон бусад уушгитай холбоотой амь насанд хүрч болзошгүй өвчнөөс үүдэлтэй байх магадлал маш өндөр.
Хүндрэлүүд
Бөөрний дутагдал – зүрхний дутагдал нь бөөрөнд очих цусны эргэлтийг багасгаж улмаар бөөрний дутагдалд хүргэх аюултай.
Элэгний гэмтэл – Зүрхний дутагдлаас үүдэн шингэн ихээр ялгарч элгэнд хэт ачаалал очих тохиолдол элбэг тул элгийгсорвижиж, цаашид хэвийн ажиллах боломжгүй болгодог.
Зөвлөгөө
Долоогоны ханд
Зүрхний дутагдлаас үүдэлтэй өвдөлтийг намдаах, зүрхний цусан хангамжийг сайжруулах, зүрхний хэмийг тогтворжуулах, цусны даралт бууруулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
- Долоогоны хандыг зааврын дагуу өдөр тутам хэрэглэх
- Эсвэл долоогоно ургамлыг 2 аяга буцалсан усанд 15 минут хандалж цай болгон ууж хэрэглэнэ.
Сармис
Сармис нь цусны даралт болон холестролын хэмжээг бууруулж, судасны хатуурлын үйл явцыг удаашруулдаг.
- Өдөрт 1-2ш сармис идэж хэрэглэнэ. Хэрэв сармис хэтэрхий хүчтэй санагдвал араас нь нэг аяга сүү ууж болно.
- Эсвэл 1 цайны халбага нунтаг сармисыг 1 аяга сүүнд хийж 5 минут буцалган хөргөж ууна.
Яргай загас
Яргай загас нь судасны хатуурлаас урьдчилан сэргийлж, зүрхний хэмийг тогтворжуулах үйлчилгээтэй.
- Долоо хоногт 2 удаа яргай загасыг хүнсэнд хэрэглэнэ.
Овьёос
Овьёос нь судасны хатуурлаас урьдчилан сэргийлж, хлострины хэмжээг бууруулах нөлөө үзүүлнэ.
- Өглөөний цайндаа (Слава, Алейка зэрэг үйлдвэрийн) овьёосыг сүү болон усанд хийн хэрэглэж байх
Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ
Зүрхний шигдээсийн үед амьдралын хэв маягаа өөрчлөх нь өвдөлтийг намдаах ба урт удаан амьдрахад тань тусална.
- Тамхи татахгүй байх
- Жингээ зохистой түвшинд барих
- Өдөр бүр хөл, шагайгаа хөөж хавдсан эсэхийг шалгах
- Эрүүл хооллох – Жимс ногоо болон бүхэл үрийн хүнс хэрэглэх
- Давс багатай хүнс хэрэглэх
- Өөх тостой зүйл идэхгүй байх
- Алкоголийн хэмжээг хязгаарлах
- Дасгал хөдөлгөөн хийх
- Стрессд орохгүй байх
- Сайн унтаж, амрах
Мөн зүрхний дутагдалд ороогүй ч дээрх зүйлсийг мөрдлөг болгосноор зүрхний дутагдалд орохоос урьдчилан сэргийлж чадна.
Эмчилгээ
Зүрхний дутагдал нь амь насанд аюултай өвчин тул насан туршдаа анхаарах шаардлагатай. Удаан хугацаанд эмчилгээ хийснээр эерэг нөлөө үзүүлж, урт удаан амьдрах магадлалыг тань нэмэгдүүлэх болно.
Эмэн эмчилгээ
Эмчийн заавраар хэрэглэх судас өргөсгөх, цус шингэрүүлэх, цусны даралт бууруулах, зүрхний гэмтлийг эдгээх, зүрхний хэмийг тогтворжуулах зэрэг үйлчилгээтэй эмүүдийг урт хугацаанд хэрэглэдэг. Мөн шаардлагатай бол тогтмол зайтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хүчил төрөгчийн аппарат залгуулна.
Хагалгаа
- Зүрхний титэм судсыг тойруулах хагалгаа – Хүний биеийн бусад хэсгээс авсан судсыг зүрхэнд залгаж, бөглөрч байгаа судсаар цус гүйлгэхгүй харин шинэ судсаар цус гүйдэг болгох хагалгаа юм. Энэ хагалгааг титэм судасны нарийсалтай үед хийдэг.
- Хэрэв зүрхний хавхлагын хэвийн бус ажиллагаанаас зүрхний дутагдал үүссэн бол хавхлагыг хэвийн үйл ажиллагаатай болгох хагалгаа хийгдэнэ.
- Зүрх шилжүүлэн суулгах хагалгаа – Эрүүл зүрхээр өвчилсөн зүрхийг солих энэ хагалгаа нь үр дүнгээ маш сайн үзүүлдэг.