Нүдний ядаргаа
Удаан хугацаанд машин барих, компьютерийн дэлгэц удаан ширтэх, гар утасны дэлгэцрүү удаан ширтэх зэргээр нүдийг хэт их ядрааснаар нүдний ядаргаанд ордог. Нүдний зовиурыг эмчлэх арга хэмжээ авахад ихэвчлэн эдгэрэх бөгөөд зарим тохиолдолд бусад нүдний өвчнөөс үүсэн байж болно.
Шалтгаан
- Ямар нэгэн төхөөрөмжийндэлгэцрүү удаан ширтэх
- Нүдээ амраалгүй удаан ном унших
- Удаан хугацаанд машин барих
- Хэт хурц гэрэлтэй орчинд удаан байх
- Бүдэг гэрэлтэй газар удаан байх
- Бусад төрлийн нүдний өвчтэй байх
- Стресстд орсон, ядарсан байх
- Агаар цэвэршүүлэгч, сэнс зэрэг төхөөрөмжийн хажууд удаан байх
Компьютерийн дэлгэцрүү хэт удаан ширтсэнээс нүдний ядаргаанд орох нь хамгийн элбэг тохиолддог. Өдөрт 4 болон түүнээс дээш цагаар дэлгэцрүү ширтэхэд ядаргаанд орох магадлал хамгийн өндөр байна.
Шинж тэмдэг
- Нүд загатнах, ядрах, хөндүүрлэх
- Нүд хуурайших, нулимс гоожих, ойр ойрхон анивчих
- Нүд бүрэлзэх, давхар харах
- Толгой өвдөх
- Хүзүү, нуруу, мөрөөр хөндүүрлэж өвдөх
- Гэрэлд мэдрэг болох
- Анхаарлаа төвлөрүүлэхэд төвөгтэй болох
- Нүдээ нээж чадахгүй байх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Хүндрэл
Хэдийгээр нүдний ядаргаа нь урт хугацааны өвчлөл, гэмтэлд хүргэхгүй ч анхаарал төвлөрөх чадвар муудах, ядрах зэрэг байдлаар өдөр тутмын амьдралд төвөг учруулдаг.
Зөвлөгөө
- Гэрлээ тохируулах – Компьютер ашиглах болон зурагт үзэхдээ өрөөнийхөө гэрлийг асаах
- Амралт авах – Ажлаасаа амралт авч нүдээ амраах
- Нүдний дусаалга – Эмчийн заавраар нүдний дусаалга хэрэглэх
- Бага насны хүүхдийг компьютер, гар утас хэрэглүүлэхгүй байх
- Удаан хугацаанд машин барихгүй байх
- Компьютерийн хамгаалалттай нүдний шил зүүх зэрэг арга хэмжээг аваарай.
Компьютерийн ард суухдаа дараах зүйлсийг анхаараарай.
- Нүдээ ойр ойрхон цавчих
- 20 минут тутамд нүдээ амрааж, дасгал хийх
- Дэлгэцний гэрлийг багасгах
- Дэлгэцний байрлалыг тохируулах
- Компьютерийн дэлгэцээ цэвэр байлгах, тоосыг нь арчих
Оношилгоо
- Хараа муудсан эсэхийг тодорхойлох
- Ямар шалтгаанаар нүдний ядаргаа үүссэнийг эмч асууж тодруулах
Эмчилгээ
Ажиллаж амьдрах орчноо өөрчилж, өдөр тутмын зуршилаа өөрчилснөөр нүдний ядаргаанаас гарах боломжтой. Шаардлагатай бол компьютерийн хамгаалалттай нүдний шил зүүх, нүдний дасгал хийх зэргээр нүдээ хамгаалаарай.