Рахит буюу хүүхдийн сульдаа өвчин
Рахит нь Д витамины дутагдлаас үүдэн хүүхдийн яс зөөлөрч, сийрэгжих өвчин юм. Витамин Д нь ходоод нарийн гэдэснээс кальци болон фосфорыг шүүн гаргаж авдаг. Харин витамин Д дутагдагдсанаар ясан дах кальци, фосфорын агууламж дутагдан рахит буюу сульдаа өвчин болдог.
Тиймээс Д витамины агууламжтай хүнс, нэмэлт тэжээл хэрэглэснээр ясны асуудлууд шийдэгдэж, эдгэрэх боломжтой. Хэрэв сульдаа өвчнөөс үүдэн бусад өвчнөөр өвчилсөн бол нэмэлт эмчилгээ хийлгэх шаардлага гарна. Рахитаас үүдэн ясны бүтэц өөрчлөгдсөн бол хагалгааны аргаар хэвийн байдалд оруулдаг.
Шалтгаан
Д витамины дутагдал нь дараах шалтгаануудаас үүссэн байж болно.
- Д витамин гадны шалтгаанаас биед орохгүй байх
- Нарны гэрэл – Хүний биеийн арьс нь нарны гэрэлд гарахад Д витамин ялгардаг. Хангалттай хүүхдээ салхилуулаагүйгээс эсвэл хүүхдэд нарны тос түрхэж өгдөг бол нарны гэрлээс бий болох Д витамин дутагдана.
- Хүнс – Загасны тос, өндөг, сүү, жимс зэрэг Д витаминаар баялаг хүнс бага хэрэглэснээр дутагдал үүсч болно.
- Биед хангалттай Д витамин орж байгаа ч ясанд шингээж чадахгүй байх
- Шулуун гэдэсний үрэвсэл
- Бөөрний эмгэгүүдээс үүдэн Д витаминыг ясанд шингээж чадахгүй байх нөхцөл үүснэ.
Нөлөөлөх хүчин зүйлс:
- Бараан өнгийн арьстай байх – Арьсны өнгө бараан байх нь Д витамины ялгарах хэмжээг багасгана.
- Жирэмслэлтийн үед Д витамины дутагдалд орох – Архаг Д витамины дутагдалтай эмэгтэйгээс гарсан хүүхэд сульдаа өвчтэй болох магадлалтай.
- Газар нутгийн хувьд нарны гэрэл бага тусдаг оронд төрсөн бол
- Дутуу төрсөн байх – Хугацаанаасаа өмнө төрсөн хүүхэд сульдаа өвчтэй болох магадлал өндөр байна.
- Эмний гаж нөлөө – ХДХВ болон зарим төрлийн халдварын эсрэг эм ууснаар Д витамин дутагдаж болно.
- Хөхний сүү шим тэжээл багатай байх – Хэрэв эхийн сүү Д витаминаар хангалттай баялаг биш бол хүүхэд витамины дутагдалд орж улмаар сульдаа өвчтэй болно.
Шинж тэмдэг
- Хүүхдийн өсөлт удаашрах
- Аарцаг, нуруу, хөлөөр өвдөх
- Булчин сулрах
- Хөл дугуйрч , майга болох
- Бугуй, шагай өргөн болох
- Хавирганы яс товойж хэрзийж харагдах
- Аюулхайн урд хэсэгт хавирга бэхлэгдэх заагт товойн, самфингийн эрх шиг болсон байх
- Хүүхдийн зулай эрт битүүрэх
- Шээс маш эхүүн үнэртэй, өтгөн болох
Хүндрэл
- Өсөлт зогсох
- Нурууны яс дугуйрах
- Биеийн араг яс хэвийн бус болох
- Шүдний гажиг
- Таталт өгөх
Урьдчилан сэргийлэлт
- Нарны гэрэл нь Д витаминыг нэмэгдүүлэх хамгийн сайн эх үүсвэр бөгөөд өдрийн наранд 10-15 минут гарахад хангалттай хэмжээний Д витамин биеэс ялгардаг. Харин хүүхэд бараан арьстай бөгөөд өвлийн улиралд салхинд гарч байгаа бол 30-35 минут салхилаарай.
- Мөн Д витаминаар баялаг хүнс хэрэглээрэй. Үүнд:
- Хүүхдийн нэмэлт тэжээл
- Хүүхдийн өглөөний хоол (cereal)
- Талх
- Сүү (сүүн бүтээгдэхүүн Д витамины агууламж их байдаг тул зөвхөн сүү уугаарай)
- Жүржийн шүүс зэрэг орно.
- Эхийн хэвлийд байх болон төрсний дараа Д амин дэмээр баялаг хүнс хэрэглэх
Хэрэв та жирэмсэн бол Д витамины нэмэлт тэжээлийг эмчийн заавраар хэрэглээрэй.
Зөвлөгөө
- Хүүхдийг тогтмол нар салхинд гаргаж байх. Ингэснээр нарны туяагаар Д витамины нийлэгжилт сайн явагдана.
- Хүйтэн сэрүүний улиралд Д амин дэмийг өдөр бүр тогтмол тохирсон тунгаар өгөх
- Наран шарлагын газар, эсвэл элстэй талбай дээр хүүхдийг тоглуулах
- Сүү сүүн бүтээгдэхүүн хүнсэнд хэрэглэх
- Нэгэнт сульдаатай болсон бол эмэн эмчилгээг таслалгүй баримтлан уулгах
- Монгол аргаар шар сүүнд 7 хоногт нэг удаа оруулах
- Богширсон хар цайгаар толгойг угаах, ясны шөлөнд булхуулан оруулах зэрэг аргаар хүүхдийн сульдааг эмчилж болдог.
Оношилгоо
Эмч үзлэгийн үеэр хүүхдийн ясан дээр дарж хэвийн бус байгаа эсэхийг шалгаж үзнэ. Биеийн дараах хэсгүүдэд үзлэг хийдэг.
- Гавлын яс – Сульдаа өвчтэй хүүхдийн гавлын яс зөөлөн байх бөгөөд зулай битүүрч амжаагүй байна.
- Хөл – Хөл дугуйрч, мэдэгдэхүйц майга байвал сульдаа өвчтэй байх магадлалтай.
- Цээж – Рахиттай хүүхдийн хавирганы яс нааш товойсон байдаг.
- Бугуй болон шагай – Хэвийн хүүхдийнхээс илүү өргөн бугуйн болон шагайн ястай байна.
- Рентген зураг – Хүүхдийн ясыг рентген зургаар үзэж ясны гаж ургалт байгаа эсэхийг тодорхойлно.
- Мөн эмчилгээний явцад шээсний, цусны шинжилгээнүүдийг хийдэг.
Эмчилгээ
Ихэнх тохиолдолд Д витамины дутагдлыг нэмэлт витамин уух, кальцийн нэмэлт тэжээл хэрэглэх байдлаар эдгээж болно. Заавал мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу Д витаминыг хэрэглээрэй. Учир нь хэт их хэмжээний Д витамин нь сөрөг нөлөөтэй байдаг.
Хэрэв хүүхдийн хөл хэт дугуйрсан, нурууны яс хэвийн бус хэлбэртэй болсон бол хагалгааны аргаар хэвийн хэлбэртэй ургуулахад туслах арга хэмжээ авна.