Ил цус алдах үед үзүүлэх анхны тусламж
Цус нь хүний эд эрхтнүүдэд амин дэм, уураг, эрдэс бодисыг хүргэж өгөх, бие махбодод гарч буй өөрчлөлтүүдийг мэдээлэгч, нянгийн эсрэг тэмцэгч амин чухал үүрэгтэй. Насанд хүрсэн хүний биед дунджаар 5 литр цус байдаг.
Гадуур болон дотуур цус алдалт гэж ангилах бөгөөд дотуур цус алдалтыг эмч, эмнэлгийн нөхцөлд тодорхойлох боломжтой.
Анхны тусламж
Цус алдалтын үед авах арга хэмжээ
- Шархнаас бохир зүйлсийг авч цэвэрлэх хэрэгтэй. Харин том хэмжээтэй зүйл шигдэж орсон, зоогдсон бол хөдөлгөж болохгүй. Учир нь цус алдалт улам нэмэгдэх эрсдэлтэй.
- Шарх том хэмжээтэй, цээж, хүзүү зэрэгт байвал хагас хэвтээ байрлалд байлгана.
- Гар, хөл зэргээс цус алдаж байгаа үед бүрэн хэвтүүлж, гар хөлийг биеийн төвшнөөс дээр байлгана.
- Маш хурдан буюу эхний 10-15 секундэд шархыг ариутгасан даавуу эсвэл алчуураар дарах хэрэгтэй. Хэрэв уяа,тууз байгаа бол цус алдаж буй хэсэгт чангалуур тавих, байхгүй бол гараараа дарж түргэн тусламж ирэхийг хүлээх
- Гэмтэл авсан хүнийг дулаан зүйл дээр хэвтүүлэх болон ороож биеийн дулаан буурахаас хамгаалах
- Боолт, дарсан зүйлийг авч солихгүйгээр түргэн тусламж иртэл хүлээх
- Хэрэв ямар нэгэн эрхтэн тасарсан бол тасарсан хэсгээс 1-2 см дээгүүр даралттай боолт, чангалуур тавина. Тасарсан хэсгийг мөстэй уутанд хийж тээвэрлэнэ.
- Хэрэв нүднээс цус алдаж байгаа бол дарахгүй байх,
- Дотор эрхтэн харагдаж байвал дарахгүй байх, цэвэр алчуураар боох хэрэгтэй.
Дээр дурьдсан аргуудыг хэрэглэх боломжгүй, цус их хэмжээгээр алдаж, амь насанд аюул учирсан бол шарханд цэвэр марлиар чихээс хийж цус алдалтыг түр зогсооно. Гэвч энэ нь шарханд халдвар оруулах, зарим хүндрэл үүсгэх эрсдэлтэй тул арга мухардсан үед л хэрэглэх хэрэгтэйг анхаарна уу.
Анхаарах зүйлс
Тавьсан чангалуурыг 40-60 минут тутамд суллах хэрэгтэй. Мөн чангалуур, боолт тавьсан цаг минутыг бичиж тэмдэглээрэй.
Дотуур цус алдалт
Биеийн дотор эрхтнээс цус алдаж байгаа бол дараах шинж тэмдэг илэрнэ.
- Нүд, чих, хамар, хошногоны амсраас цус гарах
- Бөөлжих, цусаар бөөлжих, цустай ханиалгах
- нүүр болон бие хөхрөх
- Хэвлий хавагнах, хөөх.
Дотуур цус алдалт байж мэдэх эдгээр шинж тэмдэг илэрвэл маш яаралтай түргэн тусламж /103/ дуудах ёстой.