Зөгийнд хатгуулах
Зуны улиралд хүмүүс зөгийнд хатгуулах болон бусад амьтанд хазуулах, хатгуулах нь элбэг тохиолддог. Зөгийд хатгуулсан үед ихэнхдээ гэрийн нөхцөлд арга хэмжээ авч эдгэрэх боломжтой байдаг. Гэхдээ зөгийн харшилтай эсвэл сүрэг зөгийд хатгуулсан бол яаралтай түргэн тусламж (103 дугаарт залгах) дуудах шаардлагатай. Учир нь зөгийн дайралтад өртсөн үед олон тооны гүвдрүү, хавдар үүсэх нь амь насанд аюултай.
Шинж тэмдэг
Зөгийн хатгалт нь дархлааны системийг өдөөдөг. Зарим хүмүүст дархлааны системийг хэт өдөөснөөр харшлын шинж тэмдэг илэрдэг. Нэг удаа зөгийд хатгуулахад илэрсэн шинж тэмдэг дараагийн удаа хатгуулахад илрэхгүй ч байж болох талтай.
Зөгийд хатгуулах үед хөнгөн, хүндэвтэр, маш хүнд зовиурууд илэрнэ.
Ихэнх тохиолдолд зөгийд хатгуулахад хөнгөн зовиур илэрдэг.
- Хатгуулах мөчид хүчтэй хорсох
- Хатгуулсан газар улайж, хавдах
- Хатгуулсан газар цагаарах зовирууд нь ихэнхдээ хэдхэн цагийн дараа арилдаг.
Зөгийд хатгуулсан зарим хүмүүст биеэр тод улаан болох, хатгуулсан газарт 1-2 хоногийн турш хавдах, хавдар томрох байдлаар хүндэвтэр шинж тэмдэг илэрч болно. Эдгээр шинж тэмдэг 5-10 хоногийн хугацаанд эдгэрдэг. Хатгуулах бүртээ ийм шинж тэмдэг илэрч ч болдог.
Маш хүнд зэргийн шинж тэмдэг илэрч байвал амь насанд аюултай учир яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэй.
Зөгийд хатгуулсан хүмүүсийн цөөн хувьд нь харшлын шалтгаантай дараах шинж тэмдгүүд илэрдэг.
- Арьс загатнах
- Царай цонхийх
- Хоолой, хэл хавдах
- Зүрхний хэм хурдсах
- Бөөлжих, толгой эргэх, дотор муухайрах
- Ухаан алдах
Эдгээр хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд вакцин хийлгэхийг зөвлөдөг.
Сүрэг зөгийд хатгуулах: Энгийн үед зөгий, хэдгэнэ зэрэг амьтад хүн рүү дайрдаггүй. Харин биеэ хамгаалах зорилгоор хүнийг хатгах нь бий. Тухайлбал үүрийг нь устгасан, сүрэгт нь аюул учруулсан бол сүргээрээ дайрдаг. Хэрэв сүрэг зөгийд хатгуулсан бол дотор муухайх, гүйлгэх, толгой өвдөх, халуурах, ухаан алдах зэрэг хордлогын шинж тэмдэг ажиглагдана. Ийм тохиолдолд яаралтай түргэн тусламж дуудах эсвэл эмнэлэгт очих хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэлт
Зөгийд хатгуулахаас сэргийлэн хэд хэдэн арга хэмжээг авч болно.
- Зөгийн үүрийг оролдохгүй байх
- Чихэрлэг уух зүйлийг гадаа онгойлгохгүй байх
- Зөгий ихтэй газар амралт болон бусад шалтгаанаар явахдаа цэцгэн хээтэй хувцас өмсөхгүй байх
- Чихэрлэг жимс гадаа тавихгүй байх
- Вакцин хийлгэх
- Харшлыг саармагжуулах тариа хийлгэх
- Хэрэв зөгий ойрхон нисэж байвал сандрахгүй аль болох тайван байх
- Сүрэг зөгий эргэн тойронд нисэж байвал амаа хааж, хамар, чихээ таглаад тухайн газраас хурдан холдох
- Зөгийд хатгуулсан даруйдаа байшин барилга, машинд ороорой. Учир нь зөгий хатгасны дараа бусад нисдэг шавжийг татах бодис ялгаруулдаг.
Зөвлөгөө
- Зөгийд хатгуулсан хэсэгт аспириныг норгож үрвэл сайн нөлөөтэй
- Зөгийд хатгуулсан даруйдаа зөгийгүй газар руу хурдан явах
- Шархыг савангаар угаах, иод, спиртээр арчих
- Хүйтэн жин тавих. Мөс, мах зэргээр жин тавих гэж байгаа бол арьсанд шууд хүргэж болохгүй, даавуугаар ороох хэрэгтэй
- Тос түрхэх
- Өвчин намдаах эм хэрэглэж болно.
Эмчилгээ
Ихэнх тохиолдолд зөгийд хатгуулах нь харшил өдөөдөггүй тул гэрийн нөхцөлд эдгээх боломжтой. Харин сүрэг зөгийд хатгуулах, харшил өдөөгдөх тохиолдлуудад яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай. Зөгийд хатгуулан харшилтайгаа мэдсэн бол вакцин хийлгэх хэрэгтэй. Мөн харшлын эсрэг тариа тариулж болно. Учир нь зөгий болон бусад шавжинд дараагийн удаа хатгуулахад зовиур улам ихэсдэг.