Нүүрний саажил
Нүүр хэсгийн мэдрэл нь сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлэх булчинг хянаж, сэтгэлийн хөдөлгөөн хийгээд хэлний үзүүрт мэдрэгдэх амт чанарын тухай мэдээллийг тархи руу зөөх үүрэгтэй. Нүүрний саажил илэрсэн үед нүүрний хоёр мэдрэлийн нэг нь гэмтэж шахагдаж үрэвссэнээр нүүрний булчин суларч өрөөсөн талын нүд, амны булан унжина.
Нүүрний саажилттай хүмүүс цус харвасан байж болзошгүй гэх айдаст автдаг ч цус харвасан тохиолдолд нүүр төдийгүй биеийн бусад хэсгийн булчин мөн суларна. Энэ нь ихэвчлэн түр зуурын шинжтэй байдаг ч бүрэн эдгэртэл хэдэн сар шаардагдах нь бий.
Шалтгаан
Нүүрний саажлын хамгийн түгээмэл хэлбэр нь ихэнх тохиолдолд хомхой үүсгэгч херпес симплекс вирусийн халдвараар үүсдэг Бэллийн саажил юм. Үүнээс гадна вирусийн гаралтай бүслүүр үлд, бактерийн гаралтай Лаймын өвчин зэрэг нь нүүрний саажил үүсгэх магадлалтай. Мөн дунд чихний халдвараас болж нүүрний мэдрэл гэмтэх нь бий. Ховор тохиолдолд сонсголын мэдрэлийн хоргүй хавдраас үүдэлтэйгээр нүүрний мэдрэл шахагддаг. Түүнчлэн механик гэмтэл авах, чих орчмын шүлсний булчирхайн хавдраас шалтгаалаад нүүрний саажил үүсэж болзошгүй.
Шинж тэмдэг
Бэллийн саажил зэргийн зарим тохиолдолд нүүрний саажлын шинж тэмдэг нь гэнэтхэн буюу ойролцоогоор 24 цагийн дотор илэрдэг. Харин сонсголын мэдрэлийн хоргүй хавдраас үүдэлтэй тохиолдолд алгуур үүснэ. Нийтлэг ажиглагдах шинж тэмдгүүдээс дурдвал:
- Нүүрний нэг талын булчин дутуу буюу бүрэн саажих
- Саажсан талын чихний ард талд өвдөх
- Амны нэг тал унжих, зарим тохиолдолд шүлс савирах
- Саажилттай талын аньсага хаагдахгүй болох, нулимс цийлгэнэх
- Амтны мэдрэмж өөрчлөгдөх
Нүүрний саажил хүндэрсэн тохиолдолд ярих, юм идэхэд хүндрэлтэй болохын зэрэгцээ зарим тохиолдолд дуу чимээ нь саажилттай талын чихэнд ер бусын чанга сонсогдох нь бий. Аньсага хаагдахгүй болсон тохиолдолд нүдэнд халдвар орж, улмаар эвэрлэг бүрхэвчийн тунгалаг хэсэг шархална. Нүүрний саажилт нь бүслүүр үлднээс үүдэлтэй бол чих тойрон цэврүү туурдаг.
Оношилгоо
Ерөнхийдөө эмч танд илэрч буй шинж тэмдгээр нүүрний саажлыг оношлох боломжтой юм. Саажлын шинж тэмдэг 24 цагийн дотор илэрвэл тэр нь Бэллийн сажил байх магадлал ихтэй. Харин шинж тэмдэг нь алгуур илэрвэл өөр төрлийн саажил болно. Нүүрний мэдрэл хавдарт шахагдсан байх магадлалтай гэж үзвэл КТ, СРТ-д хамруулдаг. Түүнээс гадна мэдрэл, булчингийн электрон сорил хийж мэдрэлийн гэмтэл бий эсэхийг шалгана. Лаймын өвчин ихэд дэлгэрсэн оронд амьдарч байгаа тохиолдолд цусны шинжилгээ хийлгэж, нүүрний саажил үүсгэж буй хүчин зүйлийг тодорхойлох боломжтой.